Цацраг хэмжигч “ухаалаг” төхөөрөмж гардууллаа
Дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын хэрээр манай улс сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсээр байна. Үүнийг бид "ухаалаг" хэмээн нэрлэсээр удаж буй. Өнөөдөр цөмийн энергийн салбарт цацраг хэмжигч ухаалаг төхөөрөмж нэвтрүүлсэн үйл явдал боллоо. DoseRAE 2 хэмээх энэхүү ухаалаг багажтай болсноор цацрагтай ажиллагч хэр хэмжээний тун авч байгааг шууд мэдэх давуу талтай. Хуучин хэрэглэж байсан цацраг хэмжигч буюу дозиметр нь цацрагтай ажиллагч хэр хэмжээний цацрагийн тун авч байгаагаа лабораторид хэмжүүлсний дараа мэдэх боломжтой байсан нь ийнхүү хэрэглэхэд хялбар, цаг хугацаа хэмнэсэн, эрсдэлийг багасгах ач холбогдолтой болж байгаа юм.
Энэхүү төхөөрөмжийг Цөмийн энергийн газраас Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасаг, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн үндэсний хүрээлэн, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Төрийн бус байгууллагуудын зарим төлөөллүүдэд гардууллаа. Эдгээр байгууллагууд дээрх электрон цацраг хэмжигчийг ашиглахдаа Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын шинжилгээ тохируулгын лабораторид баталгаажуулж ашиглах юм байна.