Х.Батсайхан: Чанаргүй сургуулийн ард эрх мэдэлтнүүд байдаг
Монголын оюутны холбооноос зохион байгуулсан "Дээд боловсролын өнөөгийн төрх байдал" цуглаанаар их, дээд сургуулиудад хэрэглэж байгаа хуучин, эвдэрхий эд зүйлсийг олонд үзүүлсэн. Их, дээд сургуулийн сургалтын чанар болон дээрх цуглааны талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхантай ярилцлаа.
-Дээрх цуглаанаас Засгийн газарт хүсэлт гаргасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Төр 2003 оноос хойш их, дээд суруулиудад тогтмол зардал өгөөгүй. Энэ зардлыг олголгүй удсанаас их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхэд хүрч байна. Хуулинд улсын их, дээд сургууль нь төсвөөс санхүүжих тухай заасан. Сургууль сургалтын төлбөр, улсын төсөв, төрийн сангийн зээл, тусламж, төсөл хөтөлбөрөөс санхүүжих учиртай. Бүх үйл ажиллагаагаа дээрх мөнгөөр зохицуулдаг. Гэсэн ч хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй. Тухайн сургууль цахилгаан, дулаан, тээврийн зардалд төлбөр төлдөг. Иймд тогтмол зардлыг шийдэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан.
-Хэрэв тогтмол зардлыг шийдэхгүй бол сургуулиуд төлбөроө нэмнэ гэж ойлгож болох уу, хэдэн төгрөгөөр нэмэх вэ?
-Тогтмол зардлыг өгөхгүй бол сургалтын төлбөр нэмэх шаардлагатай. Одоо сургалтын төлбөр дунджаар 580 мянган төгрөг байгаа. Боловсролын яам тогтмол зардлыг дэмждэг. Гэхдээ шат ахих тусам бүтдэггүй. Төлбөр нэмбэл дунджаар 750 мянган төгрөгт хүрнэ. Сургалтын чанар сайжирна.
-Сургалтын төлбөрийг тайлагнах уу?
-Төлбөр авсан бол эргээд тайлагнадаг байх ёстой. Бид сургалтын төлбөрийн зарцуулалтыг хянах гэрээг "Евро-Ази", Хөдөө аж ахуй их сургуультай байгуулсан. Саяхан "Евро-Ази" сургуулийн оюутан, удирдлагын дунд маргаан дэгдсэн. Эцэст нь тус сургуулийн захирал оюутнуудын өмнө багш нарын заах аргыг нэмэгдүүлж, сурах орчинд нь анхаарахаа амласан. Мөн сургалтын төлбөрөө 60 мянган төгрөгөөр бууруулсан.
Чанаргүй хувийн сургууль олширлоо гэх болж. Танайхаас ямар бодлого барьж байна вэ?
-"Евро-Ази", "Цахим" дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг цуцлах гэж байгаа. Улсын байцаагч дээрх сургуульд шалгалт хийгээд цуцлах шийд гаргасан. Ер нь магадлан итгэмжлэл өгөөд эргээд шалгалгүй хаячихдаг. Шаардлагаа хангаж байна уу гэдгийг хянах ёстой. Манайх Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд төлөөллөө оруулсан.
Сургуулийг зэрэглэх хэрэгтэй. Тодорхой шалгуур тавъя. Хангаагүйг нь зарлая гэсэн байр суурьтай байгаа. 2005 онд чанаргүй 30 сургуулийг зарласан. Үүнээс найм нь үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр үр дүн нь харагдаж байна гэсэн үг. Зарлахад тухайн сургуульд элсэх оюутны тоо багассан. Саяхан "Хутаг-Өндөр" дээд сургуулийн 20 оюутан удирдлагаа шүүхэд өглөө. Мөн бидэнд хандаж өөр сургуульд оруулж өгөх хүсэлт гаргасан. Үүнийг нааштайгаар шийдвэрлэж болно. Харин сургалтын төлбөрөө эргүүлэн авах талаар шүүхэд хандах байх.
-Зарим сургууль сургалт явуулах наад захын шаардлага хангаагүй хэрнээ ажиллаад л байдаг. Энэ юутай холбоотой вэ?
-Их, дээд сургуулийн ард өндөр албан тушаалтан байдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас "Энэрэл" дээд сургуулийг хаах шийдвэр гаргасан байхад өнөөг хүртэл сургалт явуулсаар байна. Ард нь өндөр албан тушаалтан байгаа учир ажиллаж байна. Энэ жил Боловсролын сайд "Монголын нууц товчоо" сургуулийг хаах шийд гаргахад нэртэй зохиолчид ирж гуйгаад суучихаж байгаа юм. Өнөөдөр 40 оюутантай сургууль байж л байна. Боловсролын яам ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 гаруй сургуулийн зөвшөөрлийг хүчингүй болгосон.
-Сургалтын чанарыг сайжруулахын тулд яаж ажиллах хэрэгтэй вэ?
-Нийт оюутны 80 гаруй хувь нь төрийн өмчийн сургуульд суралцаж байна. Хүн бүр хүүхдээ улсын сургуульд оруулахыг хүсдэг. Гэтэл чанар нь эргэлзээтэй байгаа. Ямар чанартай вэ гэдгийг нь тогтоох үнэлэмж алга. Босго оноогоо өндөрсгөх хэрэгтэй. Улсын сургууль олон оюутан авахын тулд босго оноог багасгадаг. Энэ буруу. Нөгөө талаар хувийн, улсын гэлтгүй сургуульд мөнгөө хэрхэн зарцуулах менежмент дутагдалтай байна. Захирал нь хувийн байшин бариулж, "Ланд" авахыг хүсдэг. Оюутнуудад ч буруу байгаа. Тэд диплом өвөртлөвөл боллоо гэж боддог болсон. Нэг үгээр хэлбэл, сургалтын чанарт анхаарч, удирдлагууддаа шаардлага тавьж чаддаггүй. Ерөнхий шалгалтыг удаан хугацааны турш авдаг болгох хэрэгтэй. Хяналтын камер байрлуулж, эцэг, эхэд нь нээлттэй болгоно гэсэн. Одоо болтол хэрэгжээгүй байна. Манайд улсын 20, хувийн 10 сургууль байхад л хангалттай. Боловсролын яамнаас сургуулиудад зэрэглэл тогтоох гэж байгаа. Энд 150 хүн оролцоно. Хэвлэл мэдээллийн байгууллага, ажил олгогч, шинжээчийн тус бүр 50 хүний төлөөлөл оролцоно.