Хүртээмжтэй даатгалд хүн бүр хамрагдах боломжтой
Хүртээмжтэй даатгалд хүн бүр хамрагдах боломжтой
2014.04.18

Хүртээмжтэй даатгалд хүн бүр хамрагдах боломжтой

Юу ч тохиолдож болох, тааж, тааварлашгүй нийгэмд бид амьдарч байна. Хамгийн аюулгүй гэж хэлж болох машин дотроо төмөрт даруулж, амь насаа алдсан тохиолдол ч манайд гарсан.

Биднийг баян, эсвэл ядуу байхаас үл хамаарч, гэнэтийн аюул, осол хэлж биш, хийсч ирдэг. Иймээс ямар ч тохиолдолд эрсдэлээ тооцож, даатгуулсан байх нь чухал юм. Гэтэл манай иргэд өнөө маргаашийнхаа хоол унд, хувцас хунар зэрэг асуудлыг чухалчлаад, үүсч болох эрсдэлээс хамгаалах талаар мэддэггүй. Гаднын өндөр хөгжилтэй орны иргэд бол байшин, машин, амь нас, бүр хөл, дуу хоолойгоо даатгуулж байх жишээтэй. Энэ нь инээдэм биш.  Харин тэд юу ч тохиолдож болох нийгэмд амьдарч байгаагаа мэдэж байгаа хэрэг.

Дэлхийн хүн амын ихэнх хэсгийг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд эзэлдэг. Тэд өдөр тутмын амьдралд тохиолдож болох эрсдэлээс хамгаалах даатгалд хамрагдах боломж хязгаарлагдмал байдаг байна. Түүнчлэн аливаа эрсдэлд орлоо гэхэд амжиргаанаасаа

undefined

салах тохиолдол элбэг байдаг.

Иймээс дэлхийн олон орон ийм иргэдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангах, даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх үүднээс тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн бичил даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, хөгжлийн явцад боловсронгуй болгож иржээ. Манай улсын хувьд ч Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Бичил даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа.

Энэ төслийн зорилт нь бага орлоготой иргэдийн даатгалд хамрагдах боломж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Энэ хүрээнд иргэдэд даатгалд хамрагдахын ач тусыг мэдээлэх, бусад улс орны туршлагаас суралцах зорилготой “Хүртээмжтэй даатгал 2014” олон улсын форумыг зохион байгуулж байна.

Даатгал нь төсөвт “үүрүүлсэн” ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Бага, дунд орлоготой иргэдэд даатгалд хамрагдах боломжийг олгож буй даатгалыг “хүртээмжтэй даатгал” гэж нэрлэдэг аж. Анх удаа болж байгаа энэ форум хоёр хоног үргэлжлэх бөгөөд Энэтхэг, Бангладеш, БНСУ, БНХАУ, Хонконг, Япон, Тайвань, Канад, Шинэ Зеланд, Филиппин зэрэг орны даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсад нэр хүндтэй экспертүүд болон даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцож буй. Энэ үеэр үндэсний даатгалын компаниуд, мэргэжлийн холбоод даатгалын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах үзэсгэлэн зохион байгуулж байлаа.

Даатгагдсан хүн амтай улс орон эдийн засгийн аливаа цочролыг даван туулах чадамж өндөр байдаг тул даатгалыг улс орны хөгжлийг дэмжих хүчирхэг хэрэгсэл гэж үздэг байна.

Форумын нээлт дээр Сангийн сайд Ч.Улаан “Бусад улс орны туршлагыг бид судалж, цаашид даатгалын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ажиллах бололцоо нээгдэж байна. Бид зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил болж байгаа ч жинхэнэ зах зээлийн механизмаар эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал, өмч хөрөнгийг даатгаж, хамгаалдаг тогтолцооны оновчтой хэлбэрийг олж чадаагүй. Төрөөс даатгалын салбарыг хөгжүүлэх, хамгийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Даатгал нь төсөвт “үүрүүлсэн” ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой” гэв.

Манай улсад амьдралын нэг,, ердийн 16 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Статистикаас харахад даатгалын салбарын үзүүлэлт манай улсын хувьд сүүлийн 10 жил өссөн байгааг хуралд оролцогчид онцолж байлаа. Тухайн орны даатгалын салбарын хөгжлийг нэг хүнд ногдох хураамжийн орлогын хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүнд нийт хураамжийн орлогын эзлэх хувийн жингийн үзүүлэлтээр хэмждэг аж.

Хөгжиж байгаа оронд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хураамжийн орлогын хэмжээ хоёр хувь байдаг. Гэтэл манайд 0.5 хувьтай байгаа гэнэ. Түүнчлэн даатгалын компаниуд ихэвчлэн байгууллагад хандсан даатгалын үйлчилгээг үзүүлж ирснээс иргэдэд төдийлөн  ханддаггүй байжээ. Иймээс иргэдэд хандсан даатгалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр даатгалын хамрагдалт нэмэгдэх, амьжиргааны тогтвортой байдлыг       хангах давуу талтай.

Санхүүгийн зохицуулах хорооны Ердийн даатгалын хэлтсийн дарга Б.Жавхлант “Жолоочийн даатгалын хууль батлагдахаас өмнө даатгалд хамрагдагсдын тоо цөөн байсан. Харин энэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ тоо өссөн. Даатгалын багцаар авч үзвэл манай иргэд хөрөнгийн даатгалд түлхүү хамрагдсан байдаг. Өндөр хөгжсөн оронд амьдралын даатгалын эзлэх хувь их байдаг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой” гэж ярилаа.

Бид зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил болж байгаа ч жинхэнэ зах зээлийн механизмаар эдийн засаг, ард иргэдийнхээ амьдрал, өмч хөрөнгийг даатгаж, хамгаалдаг тогтолцооны оновчтой хэлбэрийг олж чадаагүй. Төрөөс даатгалын салбарыг хөгжүүлэх, хамгийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна.

“ДААТГАЛЫН НӨХӨН ОЛГОВОР, ХУРААМЖАА ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСТЭЙ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ”

Хүртээмжтэй даатгал нь нийгмийн хамгаалал талаасаа үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь       суурин төлөөлөгч,

хатагтай Сезин  Синаноглу “Бид хүртээмжтэй    даатгалын хоёр шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн. Урьд өмнө нь даатгалд хамрагддаггүй байсан иргэнийг хамруулснаар түүнийг эрсдэлээс хамгаалахаас  гадна даатгалын компани оршин         тогтнох, удаан үйл ажиллагаа явуулах үндэс болно” гэсэн бол Бангладеш улсын төлөөлөгч Абдул Карим “Манай улс хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхийн тулд олон жил ажилласан. Засгийн газраас тодорхой хэмжээгээр дэмжлэг хэрэгтэй болдог. Эрсдлийн шинж чанараасаа хамаарч, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо хийж байж хураамж, нөхөн төлбөрийн хэмжээ тогтоох хэрэгтэй” гэв.

70 МЯНГАН МАЛЧИН МАЛАА ДААТГУУЛЖЭЭ

Төсөвт “үүрүүлсэн” олон ачааллыг багасгах нэг арга нь даатгал гэдгийг дээр дурдсан. Манай улс байгаль, цаг уураас шууд хамааралтай, бэлчээрийн мал аж ахуйтай орон. Иймээс малчдад зориулсан даатгал чухал. Жишээ нь, сая гарсан шүлхий өвчний тархалтын үед малчид малаа даатгуулсан бол төрөөс нөхөн олговор олгох шаардлагагүй байлаа. Манайх 2005 оноос малын индексжүүлсэн даатгалыг хэрэгжүүлж эхэлсэн. Малчин малаа зах зээлийн мөнгөн дүнд шилжүүлээд жилд гурав орчим хувийн хураамж төлнө. Өнөөдрийн байдлаар 70 мянган малчин малаа даатгуулжээ.

ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДӨРВӨН БАНК ҮЗҮҮЛЖ БАЙНА

Иргэдэд даатгалыг хүртээмжтэй олгох бас нэг хэрэгсэл нь банк. Монгол орны аймаг, сумдад тархсан банкны дэд бүтцийг даатгалын үйлчилгээнд ашиглах нь чухал. Даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх эрхтэй дөрвөн банк манайд үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Төрийн банк. Тус банкны Гүйцэтгэх захирал  Д.Батсайхан “Бид 540 салбарынхаа ажилчдыг даатгалын   сургалтад хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар 479 нэгж даатгалын зуучлалын үйлчилгээ явуулахад бэлэн болсон. Цаашид бүх нэгжээрээ зуучлалын үйлчилгээг үзүүлнэ. Манайх аймаг, сумдын түвшинд зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа ганц банк” гэлээ.

Ийнхүү Монгол улсад анх удаа болж байгаа “Хүртээмжтэй даатгал 2014” олон улсын форум даатгалын асуудлын эргэн тойронд олон асуудлыг хөндөж ярилцсан, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар харилцан санал бодлоо солилцох хэлбэрээр үр дүнтэй болж байна. Форум өнөөдөр үргэлжилж байна.