Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч хориг тавьж болно
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.04.18

Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч хориг тавьж болно

УИХ дахь намын бүлгүүдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнүүлж байсан “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр нэг шатаар урагшилсан ч хэрэгжүүлэх хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болсон нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл үүсгээд байна. Иймд бид дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах тодруулгыг хийлээ.

-УИХ дахь МАН-ын бүлэг “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой гэх саналаа олонхиор дэмжүүлж чадлаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх саналыг унагах бололцоо бий юу, олонхийн бүлэгт?

-Бололцоо бий, гэхдээ амаргүй. Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед сая /өчигдөр/ чуулганаар унасан саналыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор босгож ирэх шаардлагатай болно.

Тэгэхдээ УИХ дахь Ардын намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа үед бололцоогүй, гишүүдийн санал гуравны хоёрт хүрэхгүй. Ийм нөхцөлд энэ хууль 2016 оны долдугаар сарын 1-н биш 2014 оны долдугаар сарын 1-нээс үйлчлэх болно. Мөн Засгийн газрын танхимын гишүүдээс 12 нь парламентаас гадна сонгогдох нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон чиг үүргийн яамдын сайдууд УИХ-аас сонгогдоод бусад 12 сайдыг гаднаас томилох нөхцөл үүсчихэж байгаа.

-Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга “Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар парламентаас сонгогдож болно” гэх саналаа татчихаагүй бил үү?

Ардын намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа үед бололцоогүй, гишүүдийн санал гуравны хоёрт хүрэхгүй

-Тэгсэн, татсан. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-аас сонгогдож болно гэж засч өгсөн. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл анхны хувилбараараа батлагдчихвал Үндсэн хуулийн зөрчил үүсгэчихэж байгаа.

-Эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд энэ саналыг “босгочихвол” яах вэ УИХ дахь Ардчилсан намын бүлэг. Засгийн газрынхаа одоогийн бүтцийг хадгалж үлдэхийн тулд?

-Эцсийн хэлэлцүүлгээр энэ санал босох боломж бага. Сая /өчигдөр/ санал хураалтыг харсан байх, гуравны хоёр буюу дийлэнхийг бүрдүүлэх бололцоо байхгүй. Яагаад гэвэл энэ асуудлыг 49х51 хувиар шийдэж байгаа нөхцөлд дахиад 75х25 харьцаа үүсгэх бололцоогүй.

-Тэгэхлээр Засгийн газрын бүтцэд нэлээд том өөрчлөлт оруулахаас аргагүй болгож байна, 12 сайдыг шинээр томилно гэдэг “тоглоом” биш шүү дээ?

-Тэгэхээр намууд сонголтоо хийнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүд дунд сайд болсон цөөнгүй хүн байгаа. Тэд сайдын албаа сонгох уу, УИХ-ын гишүүнээ сонгох уу гэдэг сонголт хийж таарна. Түүнийг дагаад УИХ-ын бүтцэд нэлээд өөрчлөлт гарах болов уу. УИХ-ын бүрэлдэхүүнд шинээр 4-5 хүн намын жагсаалтаар орж ирж таарна. 

-Ерөнхийлөгч хуулийн төсөл дээр хориг тавибал яах вэ, хууль буцаж үйлчилдэггүй юм гээд?

-Ерөнхийлөгч хориг тавьж болно хүлээж авах нь хүнд, эргээд УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийднэ. Тэгэхээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд явахад төсөл санаачлагч хуулиа татаж авч болно. Гэхдээ татаж авах нь зөв хувилбар биш. УИХ, Засгийн газар хоёрыг салгах ёстой гэсэн нийгмийн захиалга, хүлээлт цаана нь бий. Дээр нь энэ төслийг Ерөнхийлөгч санаачилсан.

УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайд УИХ-аас сонгогдож болно гэж засч өгсөн

Нөгөөтэйгүүр, өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл нь УИХ, Засгийн газрын хоорондох харилцаатай холбоотойгоор бий болсон, уг суурь нь. Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон. Төсвөөс гадуурх асар их мөнгөний зарцуулалтыг Засгийн газар бие дааж хийж байна.

Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг асар ихээр хүндрүүллээ шүү дээ. Эцэстээ эдийн засгийн уналтыг бий болгож байгаа гэдэг нь өнөөдөр ил боллоо. Тийм болохоор энэ асуудлыг яаралтай засах нь эхний ээлжинд улстөрийн эрх мэдлийн хуваарилалт дээр буюу Засгийн газрын танхимдаа яаралтай өөрчлөлт хийгээд урагшлуул, урагшлах юм даа.

-УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн үйлчлэх хугацаанд ийн анхаарал тавьж, урагшлуулахыг чухалчилсан нь Засгийн газарт орохыг хүссэнтэй нь холбоотой байж болох уу. МАНАН-гийн Засгийн газар байгуулагдаж магадгүй гэх болгоомжлол байна?

-МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахгүй гэж найдаж байна.