Засаг огцорвол намаас хөөнө
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээлэл хийсэн байна. Энэ нь эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогджээ. Тодруулбал, дээрх арга хэмжээний хүрээнд баялаг бүтээгчдээ татвараар дэмжих, татварыг авах шатанд дарамтлахгүй байх, аялал жуулчлалыг эрчимжүүлэх хүрээнд визний нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлууд хөндөгдөж, бүлгийн гишүүд дэмжсэн байна.
Мөн бүлэг энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцжээ. Үүний дараа сэтгүүлчид УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас дараах асуултад хариулт авсан юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж болзошгүй нөхцөл үүсээд байна. Энэ тохиолдолд Засгийн газар унах боломж бүрдэнэ. Сайд нарын 50 хувийг шинээр томилох нөхцөлд Засгийн газар автоматаар унадаг. Үүнээс гарах гаргалгаа юу байна вэ?
-Шийдвэр эцэслэгдээгүй байна, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийнэ. Унасан саналаа буцааж сэргээхэд гишүүдийн гуравны хоёрын саналыг авах шаардлагатай болно. Магадгүй санал дэмжлэг хүлээхийг үгүйсгэх аргагүй. Дэмжигдэхгүй одоогийн саналаараа хууль батлагдвал Ерөнхийлөгч хуулийн төсөл дээр хэсэгчлэн буюу бүхэлд нь хориг тавих бүрэн эрх бий.
УИХ хуулийг ёсчлон баталсны дараа тав хоногт багтаж Ерөнхийлөгч хориг тавих бололцоотой. Гэхдээ энэ бүхнийг урьдчилан хэлэх боломжгүй.
-Хуулийн төслийг хугацааг урагшлуулбал хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн нь үнэн үү?
-Ухаалаг төрийн хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч “Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрвээ хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах болбол улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэх учраас хориг тавина гэж Ерөнхийлөгч хэлсэн байгаа.
-УИХ-аар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүн эсрэг кноп дарсан. Дөрвөн гишүүнд Ардчилсан нам хариуцлага тооцно гэх юм, энэ үнэн үү. Хариуцлага тооцсон нөхцөлд яг ямар арга хэмжээ авдаг юм бэ?
Хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг билээ. Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах нь үүрэг байдаг.
-Бүлгийн хуралдаанаар өнөөдөр энэ асуудал яригдаагүй. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-аас эцсийн шийдвэр гараагүй байна.
Ардчилсан намын дүрэмд зохицуулалт байдаг, тэр нь Засгийн газрыг огцруулсан тохиолдолд гэсэн өгүүлбэрээр бий. Тодруулбал, Ардчилсан намын гишүүний өгсөн санал Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүдийг намаас гаргана.
-УИХ-ын гишүүн өөрийн сонголтоо хийсэн байхад яагаад ийм арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч яах гэж УИХ-д намын бүлэг байдаг билээ. Бүлгийн гишүүний хувьд хувь хүний сонголтоор саналаа өгөх эрхтэй ч бүлгийн шийдвэрээ дагах нь үүрэг байдаг. Гэхдээ энэ асуудал дээр эцсийн шийдвэр гарахыг хүлээх хэрэгтэй.
-Ардчилсан намынхан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Авлигатай тэмцэх газарт өгсөн гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ, АТГ-т өгсөн бол үндэслэл нь юу юм бол?
-Сая бүлгийн хуралдаан дээр энэ тухай ярьсан, тийм зүйл байхгүй юм билээ.