Д.Дамба: Эрх зүйн орчныг тогтвортой болгомоор байна
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.04.25

Д.Дамба: Эрх зүйн орчныг тогтвортой болгомоор байна

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-1994 оны монгол улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдалтай харьцуулвал мэдээж тэнгэр газар шиг өөр байх. Таны бодлоор?

1994 онд уул уурхайг хүн бүр тоодоггүй байсан нь нэг бодлын амар байжээ. Улс төрждөггүй, янз бүрийн ашиг сонирхолгүй, ард түмний толгойг угаадаггүй байсан. Харин одоо эерэг, сөрөг зүйл ихтэй болжээ.

- Уул уурхайн салбарын мэргэжлийн томоохон байгууллагын хувьд өнгөрсөн хорин жилийн хугацаанд хамгийн гол хийсэн ажлаасаа нэрлээч гэвэл юуг хэлэх вэ?

Бид өнгөрсөн хорин жил монголын уул уурхайн хөгжлийг шинэ шатанд гаргах, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулахын төлөө голлон ажилласан.

-Энэ зорилгодоо хэр хүрсэн гэж дүгнэж байна?

Хүрч байгаа. Бидний эрхэм зорилго бол хариуцлагатай уул уурхайг эх орондоо хөгжүүлэхийн тулд найман үндсэн зарчмыг тодорхойлоод, энэ зарчмыг бүх уул уурхайн аж ахуйн газруудад нэвтрүүлэх явдал. Түүнчлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрөөс гарч буй хууль эрх зүйн актуудад тэдний санаа бодлыг тусгах зорилготой.

-Тэдгээрээс хамгийн үр бүтээлтэй, үр дүнтэйг нэрлэвэл?

Уул уурхайд техник технологийг шинэчлэхэд нэлээдгүй үүргийг гүйцэтгэсэн гэж боддог.

Анх 1994 онд байгуулагдаж байхад дандаа дотоодын үндэсний компаниуд байсан бол одоо нийт гишүүдийн 40 хувь нь гадны хөрөнгө оруулагчид болсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг монголын уул уурхайд нэвтрүүлэхэд нэлээдгүй хүч тавьж ажилласны үр дүн. Бид жил бүр 2003 оноос хойш “Дисковер монголиа” олон улсын хөрөнгө оруулалтын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байна.  

Холбооны зүгээс уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийн техник технологи нэвтрүүлдэг бусад үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг элсүүлж, үндсэн олборлох үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбож өгөх ажлыг тогтмол хийж ирлээ. Мөн тоног төхөөрөмж, үйлчилгээний “Майнинг тех” үзэсгэлэнг 2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.

-Шавхагддаг баялаг учраас дэлхий нийтээр тогтвортой хөгжлийг ярих боллоо. Манай улс энэ хөгжлийн аль хэсэгт явж байна?

Тогтвортой хөгжлийг ярихын тулд эрх зүйн орчин нь тогтвортой байна уу гэдгийг харах ёстой. Өнөөдөр дүгнэхэд тогтвортой байж чадаагүй. Бид юун түрүүнд Ашигт малтмалын хууль, Урт нэртэй хууль зэрэг үйл ажиллагаанд саад болсон эрх зүйн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тогтвортой хөгжинө.

-Эрдэс баялгийн салбарын бодлогыг их хурлаар батлуулсан нь том амжилт болсон. Дараагийн алхам юу вэ?

Тус бодлогод 2025 он хүртэл эрх зүйн орчныг тогтвортой болгоно гэсэн заалт орсон. Хамгийн гол нь тэр. Одоо бодлогын дагуу холбогдох хуулин дээр ажиллаж байна. Манай холбооноос ажлын хэсэгт орсон ч биднийг сайн сонсохгүй л байна. Зарим зүйл дээр гажиг байдал ажиглагдсан. Яамны зүгээс хүнд суртлыг баталгаажуулах гэсэн олон заалтыг оруулж ирээд маргаантай байгаа.

-Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчны хувьд ямар байдалтай байна вэ. Ашигт малтмалын хуулийг өөрчлөхөөс өмнө бодлогын баримт бичгийг гаргахаар жил гаруйн хугацаанд хэлэлцүүлж, боловсруулсан?

Тийм ээ. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулж чадлаа. Үүний дараа бодлоготой уялдсан хуулийн асуудал яригдана. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор хийлгэх талаар эрх зүйн бодлогын баримт бичигт тодорхой заалтыг тусгуулсан. Энэ ч үүднээс ашигт малтмалын нөөцийн тайлан болон эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ажлыг хувийн хэвшил холбоодод шилжүүлэхээр ажиллах боллоо. Ингэснээр цэвэр мэргэжлийн ажиллагаа шаарддаг асуудлыг мэргэжлийн холбоод нь шийдэх боломж бүрдэнэ. Энэ ажил нэлээдгүй олон жилийн зүтгэлийн үр дүн гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Танай эрхэм зорилго хариуцлагатай уул уурхай гэсэн. Хариуцлагатай уул уурхай манай улсад хэрэгжиж байна уу?

Хариуцлагатай уул уурхайн найман үндсэн зарчмыг иргэний нийгмийн төлөөлөл, төрийн төлөөлөлтэй хамтран боловсруулаад мөрдөөд явсан. Маш олон компани дэмжиж байгаа. Ингэснээр байгаль экологид хор хохиролгүй технологийг уул уурхайд нэвтрүүлэх, орон нутгийн иргэд болон засаг захиргаатай санал бодлоо солилцож, уулзалт хурал семинар зохион байгуулах болсон. Мөн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” олон улсын төрийн бус байгууллагатай хамтарч ажилласны дүнд одоогоор  1000 1000 гаруй компани ил тод байдлын тайлангаа гаргаж өгдөг боллоо.  

-2013 оны ил тод байдлын тайланг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Компаниуд үнэхээр ил тод ажиллаж чадаж байна уу?

Маш сайжирсан гэж хэлж болно. 2011 оноос эхлээд товхимол болгож гаргах болсон. Бид компаниудаас ирсэн тайланг дотоодын болон олон улсын аудитоор шалгуулдаг.  Ил тод байдлын тайланд өгсөн авснаа тайлагнах бөгөөд тухайлбал орон нутагт ямар хандив туслалцаа өгсөн гэдэг нь ард түмэнд ил тод болно. Татвар, хураамж, орон нутгийн туслалцаа зэргийг ч ил тод болгосон.

-Байгаль орчин, хүний эрхийн асуудлыг хэзээ ч мартаж болохгүй. Нөхөн сэргээлт болон хүний эрхийн хандлагад гарч буй шинэ дэвшил байна уу?

Байгаль орчинд ээлтэй технологитой гэдгээрээ  гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд үлгэр жишээ үзүүлдэг. Манай дотоодынхон ч бас дутахгүй сайжирч байна.  Нөхөн сэргээлтийн төлөвлөлгөө, ажлыг тогтмол хийдэг болж байна. Тодорхой хөрөнгө зарж, орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэх болсон. Орон нутгийн захиргаа болон компани, иргэд гэсэн гурвалжин гэрээгээр хамтран ажилах хэлбэрт орсон нь их сайшаалтай.

-Боловсон хүчний хувьд ямар байдалтай болсон бэ. Салбарын өсөлт гэж шуурах үеэр их дээд сургуулиад уул уурхайн чиглэлээр маш олон мэргэжилтэнг бэлтгэх болсон.

Манай холбоо анх байгуулагдах үед мэргэжилтэй хүний нөөцийн асуудал их хүнд байсан. Бүх мэргэжлийн сургууль байхгүй болсон хэцүү үе байлаа.

Харин өнөөдөр Мянганы сорилтын сан, Хөдөлмөрийн яам, Оюутолгой төсөл зэрэг томоохон оролцогч талууд уул уурхайн компаниудтай хамтарч ажилласнаар маш олон сургалт үйлдвэрлэлийн төвийг хөл дээр нь босголоо. Хичээлийн байргүйг нь байртай болгож, багшгүйг нь багштай болгосноор салбарын хүний нөөц хэвийн хэмжээнд очлоо.

Өдгөө манай салбарт 50 гаруй мянган хүн ажиллаж байна. Харин үүн дээр манай холбоо тооноос илүү чанарыг эрхэмлэх үүднээс шинэ санаачилга, оюутны эрдэм шинжилгээний хурлыг их дээд сургуулийн уул уурхайн тэнхимтэй хамтарч зохион байгуулж, дэмжин оролцдог.

-Уул уурхайн салбар бусад дагалдах салбарыг хөгжүүлдэг. Тухайлбал ямар үйлдвэрлэл хөгжсөн бэ. Таны бодлоор?

Нэг орон тоог дагаад  таван орон тоо бий болдог гэсэн судалгаа бий. Энэ нь бодит амьдрал дээр ч харагдаж байна. 50 мянган хүн ажиллаж байгаа ч энэ салбартай хамааралтай хүн дор хаяж 150-200 мянга байгаа.

-Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад ямар үүрэгтэйгээр оролцож байна вэ?

Олон улсын хэмжээний зарим томоохон стандартуудыг нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг. Тухайлбал сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг  нэвтрүүллээ.

2012 оноо эхэлж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн бага хурлыг зохион байгуулах болсноор бодлогыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж буйгаараа дэвшилттэй гэж бодож байна. Үүний үр дүнд салбарын аваар ослын тоо жилээс жилд буурч байгаа. Манай зүгээс “Эрдэс баялгийн мэдээ” сонинг тогтмол гаргаж, гишүүддээ мэдээ мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Долоо хоног бүр онлайнаар цаг үеийн асуудлаар мэдээлэл тараадаг. Түүнчлэн олон улсын хурал зөвлөлгөөн үзэсгэлэн яармагт гишүүдээ оролцуулах чиглэлээр өөрсдөө төлөөлж очиж, монголын уул уурхайн салбарын дуу хоолой болж оролцож, илтгэл тавьж байна.

Уул уурхай хөгжсөн  АНУ, Канад, Австрали, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Герман, Англи орнуудтай байнгын харилцаа холбоотой хамтран ажилладаг.

-Та бидний өнгөрсөн жил сайтаар хэлэлцүүлсэн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн асуудлыг  нааштай шийдвэрлэсэн. Та бүхэн их үүрэгтэй оролцсон байх?

Биднийг өмнө нь тоодоггүй, сонсдоггүй байлаа. 2010 оноос эхэлж арай гайгүй сонсох болсон. Энэ үр дүн л гарсан байх. Өнгөрсөн жилээс эхлээд Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар, Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж байгаа юм.

Энэ ассоциацийг байгуулагдсан цагаас нь удирдаж ирсэн хүмүүсийг хэлмээр байна. н.Дүүжий, Отгонбилэг, Д.Жаргалсайхан, Бадамсүрэн, До.Ганболд зэрэг үе үеийн сэхээтнүүд өнгөрсөн хорин жилийн хугацаанд их зүйлийг хийж бүтээсэн. Тэр хүмүүсийг ачаар хорин жил хөгжиж, дэвжиж ахиж үйл ажиллагаа нь өргөжиж ирлээ. Мөн хүндэт ерөнхийлөгч П.Очирбат гуай их үүрэг гүйцэтгэсэн. Одоо  ч гэсэн биднийг тусалж дэмждэгт нь талархал илэрхийлье.

-Уул уурхайн чиглэлээр байгуулагдсан олон төрийн бус байгууллага байдаг. Монголчуудад нэгдэх асуудал дутагдалтай санагддаг. Энэ талаар?

Манай холбоо салбарынхаа мэргэжлийн холбоодуудын шүхэр байгуулага нь болж чадсан. Одоо манай бүрэлдэхүүнд арав гаруй ТББ болон мэргэжлийн холбоод багтаж байна. Бид тус тусдаа ярихаа байж нэгэн цул болж чадсан. Үүнийг би ассоциацийн ерөнхийлөгч болсноос хойш хийхээр зүтгэсэн.

-Цаашид хийх ассоциацийн хамгийн том ажил юу вэ?

Эрх зүйн орчныг л тогтвортой болгомоор байна. Тэгээд төрийн байгууллагуудын зарим чиг үүргүүдийг мэргэжлийн холбоод руу шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд хийх шаардлагатай. Тэгсэн цагт мэргэжлийн холбоод өөрсдөө бодлогоо тодорхойлох бололцоотой болно. Арай эрүүл тогтолцоо бүрдэнэ гэсэн үг.  Ард түмэнд тэнцвэртэй, тэгш мэдээллээ олгоход зөв оролцоно.

 Ярилцсанд баярлалаа.