Р.Бурмаа: Хууль бус 108 тусгай зөвшөөрлийн асуудал байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилт, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хэлэлцсэн юм. Мөн энэ өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хаалттай хэлэлцлээ.
Хуралдааны дараагаар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаагаас тодруулсан юм.
-Ашиг малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бусаар олгосон лицензээс болж олон уул уурхайн компани хямралд орж байгаа талаарх гомдол өргөдлийн байнгын хороонд ирсэн. Энэ талаарх асуудлыг хэлэлцээд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Ашигт малтмалын хууль бус тусгай зөвшөөрлийг шүүхээс хүчингүй болгосон тухай иргэдээс ирсэн гомдлын дагуу байнгын хорооноос ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар холбогдох талуудыг оролцуулж мэдээллийг сонслоо. Тухайлбал хохирсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хөндлөнгийн төлөөлөгчөөр хуульчдыг оролцуулсан. Мөн Уул уурхайн яамны дээрх асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулж мэдээлэл авлаа. Дээрх мэдээллүүд нь шийдвэр гаргахад хангалтгүй байгаа учраас цаашид лавшруулан судалж дараагийн байнгын хорооны хурал дээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хурлын үед ярьсан зүйлүүдээс харахад иргэдийн зүгээс төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж бид хохирлоо гэсэн асуудлыг тавьж байна. Харин шүүхийн зүгээс сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр лиценз зөвшөөрөл авсан, өгсөн хоёр тал буруутай гээд шийдчихсэн. Гэхдээ эдгээр компаниудыг цаашид сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй гээд заачихсан.
Компаниудыг сонгон шалгаруулалтад оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь Д.Батхуягийн буруу. Үүнийг нь ч шүүхээс тогтоосон. Гэхдээ сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгочихсон. Тэр битгий хэл үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болчихсон байхад хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгуулагууд яагаад хяналтаа тавьж ажилласангүй вэ гэдэг асуудлыг тавьсан. Хэрвээ хяналт тавих үүргээ хангаж ажилласан бол сонгон шалгаруулалтгүйгээр лиценз олгосон энэ байдлыг тэр үед нь таслан зогсоох боломжтой байсан. Уул уурхайн яамнаас өгсөн мэдээллийн дагуу эдгээр компаниуд нь нийт 28.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ төлбөрийг дараагийн сонгон шалгаруулалт явуулахад тооцох боломж байгаа эсэхийг тодруулсан.
Сонгон шалгаруулалтгүйгээр лиценз зөвшөөрөл авсан, өгсөн хоёр тал буруутай гээд шийдчихсэн.
-Сонгон шалгаруулалт явуулахдаа тухайн хайгуул хийсэн талбайг үнэ цэнэд оруулах боломж нь хэр байгаа талаар тодрууллаа. Хайгуул хийгээгүй талбай болон хайгуул хийгээд ямар нэгэн эрдэс баялаг нь олдсон. Түүний нөөцийг нь тогтоосон талбай хоёрын үнэ цэнэ өөрөөр яригдах ёстой. Тиймээс ч эдгээр уул уурхайн компаниудын хайгуулын ажиллагаа явуулахдаа оруулсан хөрөнгө бол тэр талбайн үнэ цэнийг өсгөхөд ямар нэг байдлаар нөлөөлсөн гэж үзсэн. Мөн цаашид явуулах сонгон шалгаруулалтын журамдаа энэ талаар тусгах ямар боломж байгааг тодруулсан.
Гэхдээ энэ бол давуу эрх олгох асуудал биш. Харин тухайн талбайн үнэ цэнийг өсгөхөд оруулсан хувь нэмэр нь цаашид хэрхэн үнэлэгдэх талаарх асуудлыг манай гишүүдийн зүгээс тавьлаа. Тэгэхгүйгээр танайх хууль зөрчсөн гээд талбайг нь хурааж аваад өөр компанид энд хэдий хэмжээний нөөц байгаа гээд өгөх нь учир дутагдалтай асуудал.
Мөн дахин ийм сонгон шалгаруулалтгүй хууль зөрчсөн үйлдлээр тусгай зөвшөөрлийг олгохгүй байхын тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар Уул уурхайн яаманд асуулга тавьсан. Энэ чиглэлээр дахиж ийм хэрэг гарлаа гэхэд хариуцлагын ямар асуудал ярих ёстой. Хяналтын чиг үүргийг хүлээсэн байгуулагууд юу хийж байгаа талаар сонсох нь зүйтэй гэж үзсэн учраас тодорхой шийдлийг гаргасангүй.
-Хууль бус лицензээс болж нийт хэчнээн компани хохироод байгаа вэ?
-Гомдол гаргасан 26 компани байна. Нийт 108 хууль бус тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон тухай хуулийг яах вэ. Энэ асуудал дахин гарахгүй байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хориглосон заалтыг авч хаях ёстой юу гэдэг дээр УИХ анхаарал хандуулж ажиллах ёстой гэж үзсэн.