С.Ганбаатар: Төмрийг түүхийгээр нь гаргаж, Хятадад боловсруулах нь маш олон бүлэглүүдэд ашигтай
“Төмөрлөг машин үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ” сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Нийт 42 эксперт оролцож хөгжлийн гарцын талаар санал хүсэлтээ ирүүлсэн. Хэлэлцүүлгээс гарсан саналын талаар Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-Та сонгуульд ялсаныхаа дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар нэлээдгүй саналыг дэвшүүлж байсан. Төмөрлөгийн салбарын хөгжлийн талаар ярьсан экспертүүдийн саналыг та дэмжиж байна уу. Ер нь яаж хөгжүүлэх вэ?
Би бүх саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Төмрийн хүдрийн нөөц бага учир түүхийгээр нь гаргахыг зогсоох ёстой. Угаасаа манай орны
Төмрийн хүдэр экспортлогч компаниудын жагсаалт.
хувьд өндөр баялаг биш. Зэс, алт, коксын нүүрсээрээ л маш баялаг. Төмрийн хүдрээр дэлхийд дээгүүрт ордоггүй. Энэ утгаараа төмрийн хүдрээ бусад орон руу уул уулаар нь зөөж байгаа нь бид ирээдүйн хойчид бүтээн байгуулалтыг хийх боломжийг нь хааж байна гэсэн үг.
Ийм учраас төмрийн хүдрээ боловсруулж, эхний ээлжинд баяжуулж гаргах ёстой. Төмрийн хүдрийг чулуу шороогоор нь хадаар нь гаргаж байгаа ч олигтой татвар төлдөггүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгодоггүй. Түүхийгээр нь гаргахыг нэн даруй зогсоох хэрэгтэй.
-Түүхийгээр гарсаар л байгаа шүү дээ. Зарим нь тэгж гаргах хэрэгтэй хэмээн хэлдэг?
Үүнийг төрийн хууль болгоосой гэж хүсдэг. Гэхдээ энэ асар олон лобби бүлгүүдийн эсрэг тэмцэл учраас татварын орчноор нь зохицуулах боломжтой. Цаашдаа төмрийг баяжуулж, боловсруулж гаргах явдал нь эдийн засгийн гол шийдэл байгаасай.
-Лобби бүлэг гэж хэнийг хэлж байна вэ. Төмрийн хийц, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл импортлогчид уу?
Мөнгөнд хайртай бүх хүмүүсийг гэж ойлгох хэрэгтэй. Төмрийг түүхийгээр нь гаргаж, Хятадад боловсруулах нь маш олон бүлэглүүдэд ашигтай. Үүнийг төрийн бодлогоор шийдэх ёстой. Би уг нь төрийн бодлогод оруулахаар санал оруулж байсан. Гэтэл саналыг маань өнөөдрийг хүртэл ярихгүй байна.
Би үүнийг мөрөөддөг
-Хэзээ ямар санал оруулсан гэсэн үг вэ?
2012 онд төмрийн хүдрийн татварыг нэмэгдүүлэх зорилготойгоор хуулийн төсөл оруулж, санал оруулсан юм. Ер нь төмөрлөг машин үйлдвэрлэлийг төрийн нэгдсэн бодлогоор зохицуулах ёстой. Би үүнийг мөрөөддөг, үүний төлөө олон зүйл хийхийг хүсдэг.
-Төмрийг боловсруулах нь ямар ач холбогдолтой юм бэ?
Төмрийг боловсруулсаны дараа хорголжин төмөр хийж, домен зууханд шатааж цагаан ширмийг гаргадаг. Дараа нь арматур, түүнээс цааш барилгын хийцийн ганг хийдэг юм.
Монголын бүх ус Сэлэнгээр дамжиж орос руу гардаг. Сэлэнгэ, Дарханы районд аж үйлдвэрийн парк байгуулья гэдэг чинь энэ санаа.
Төмрөө хийсний дараа анжисаа сэлбэгээ хийгээд явна.