Монгол гангийн үйлдвэрлэлээ байгуулж чадвал экспортлогч орон болох бололцоо харагдаж буй аж.
2014.01.17

Гангийн үйлдвэрлэл байгуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан хүнд үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус яамнаас боловсруулсан бодлого, мөн УИХ-аас өмнө баталсан тогтоолын хүрээнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил судалгааны төвшинд байна.

Сайншандад кокс химийн үйлдвэр, гангийн цогцолбор байгуулна. Гангийн үйлдвэрлэл байгуулах нь уул уурхайн салбарыг илүү ирээдүйтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зорилт руу чиглүүлнэ гэж үзэж байна.

Судалгаагаар 2050 он гэхэд дэлхий дахинд гангийн хэрэглээ дээд цэгтээ тулбал одоогийнхоос хоёр дахин, хамгийн багадаа 50 хувь өснө гэсэн таамаглал гарчээ. Харин 2030 он гэхэд дэлхийн гангийн хэрэглээ 1 тэрбум тоннд хүрэх бол Хятадын гангийн хэрэглээ 250 сая тонноор өсөх тооцоо гарсан байна. Тиймээс Монгол гангийн үйлдвэрлэлээ байгуулж чадвал экспортлогч орон болох бололцоо харагдаж буй аж.

Монгол Улс өнгөрсөн 2012 онд найман сая тонн төмрийн хүдэр экспортолжээ.

Харин гангийн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн хэрэглээний хувьд ч өсөх судалгаа гарсан байна. Энэ нь төмрийн хүдэр экспортлогч орнууд болох Энэтхэг зэрэг орнууд гангийн үйлдвэрлэл рүү шилжих бодлого барьж буйтай холбоотой аж. Монгол Улс өнгөрсөн 2012 онд найман сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Дарханд хүдэр боловсруулах ус их шаардсан үйлдвэр байгуулна.

Түүхий эдээ Төмөртэйн ордоос хангах бололцоотой. Төмөртэйн ордын нөөц 230 сая тонн аж. Тус ордоос Дархан-Уул руу тээвэрлэхэд 200 орчим км зам туулна. Улмаар боловсруулсан  бүтээгдэхүүнээ Сайншандын үйлдвэрт нийлүүлж, ган болгоход 5 сая ширэм боловсруулж, гурван саяыг нь экспортод гаргах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Үндсэн үйлдвэр барихад 3.5 тэрбум ам.доллар шаардах аж.

Төмөртэйн ордоос гадна Баянголын орд, Харанга гэсэн хоёр орд бас байна. Баянголын орд нь 180 сая тонн төмрийн нөөцтэй бол Харанга нь 229 сая тонн аж.