Парламентын мэтгэлцээний шилдэгүүд тодорлоо
Тус тэмцээнд Улаанбаатар төдийгүй, Дархан, Эрдэнэт хотын ЕБС-ын багууд оролцсон юм.
2014.01.13

Парламентын мэтгэлцээний шилдэгүүд тодорлоо

Хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг тунхаглах, үзэл бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох замаар залуучуудад хүний эрхийн боловсролыг олгох зорилгоор Ерөнхий Боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан мэтгэлцээнд нийт 16 сургуулийн багууд оролцон ширүүн өрсөлдөв. Мэтгэлцээний явцад сурагчид бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадвараас суралцсан байна.

Тус тэмцээнд Улаанбаатар төдийгүй, Дархан, Эрдэнэт хотын ЕБС-ын багууд оролцсон юм. Мэтгэлцээний тэмцээнийг Монголын Эмнести Интернэшнл, Нийслэлийн Боловсролын Газар, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 14 -ны өдөр Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн “ХУУЛЬЧДЫН ТАНХИМ”-д амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний I байрыг “ХОББИ” дунд сургуулийн сурагч Г.Янжинлхам, Х.Цэлмэг нар, II байрыг Нийслэлийн СБД-ийн 11-р сургуулийн сурагч Т.Мөнх-Очир, Д.Биндэрьяа нар, III байрыг Нийслэлийн БГД-ийн 28 дугаар сургуулийн сурагч А.Өлзийжаргал, А.Пагамдулам нар тус тус эзэлэж, шилдэг илтгэгчээр шалгарлаа.