Үнэхээр хөгжүүлье гэж сэтгэвэл 1000 гарц, 1000 боломж байна
“Монголчуудын технологиос хамааралтай хүн төрөлхтөн бий болох ёстой”
“Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхантай төмөрлөг машин үйлдвэрлэлийн хөгжлийн гарцын талаар ярилцлаа. Тэрээр дуобус хэмээх тохилог нийтийн тээврийг монголдоо үйлдвэрлэсэн билээ.
-Төмөрлөг машин үйлдвэрлэлийн хөгжлийг нэгэнтээ чухал гэдгийг мэдэрсэн энэ цаг дор монголчууд өөрсдөө төмөрлөгөө хийх бүрэн боломжтойг судалгаа харуулчихлаа. Та хөгжлийн гарцыг юу гэж харж байна вэ?
Аливаа улс үндэстэн төрийн тусгаар тогтнолоо олсоны дараа эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авдаг. Манайх 1990 онд бие даасан төрийн тусгаар тогтнолоо олж авсан. Одоо эдийн засгийн тусгаар тогтнолыг олж авахын тулд аж үйлдвэржилтийн хувьсгалыг хийх хэрэгтэй. Улс үндэстнүүдийн хөгжлийн түүх ийм л байсан. Франц, Англи, Германы аж үйлдвэржилтийн хувьсгалыг санах хэрэгтэй. Орос улс 1917 оны Октябрийн хувьсгалын дараа улс орноо цахилгаанжуулах нэрийн дор хүнд аж үйлдвэрийн салбараа хөгжүүлсэн. Өнөөдөр Монгол улс өөрийнхөө хөгжлийн эрэмбийг тодорхой болгох ёстой.
-Одоо бид уул уурхайн орлого дээрээ түшиглэж эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэхээр нэгэнтээ шинэчлэл, хөгжлийн галт тэргэнд суусан гэдэг. Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй хөгжүүлэхээр олон тэрбум төгрөгийг олон салбарт зарцуулж буй.
Тийм ээ. Эрэмбэ дараалалтай, зөв зохистой явах ёстой. Гэхдээ түүхэн өгөгдөл ийм учраас одоо хийж буй ажлыг шүүмжлэхгүй. Гэхдээ ач холбогдол өгч анхаарах ёстой зүйл нь хүнд аж үйлдвэрийн салбар. Манай ахмад үеийнхэн хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд нэлээдгүй зүтгэж чадах чинээгээрээ үзсэн. Хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэржилтийн орох болгохоор зорьж, Аж үйлдвэрийн яам байгуулж,
институтыг хүртэл байгуулсан. Социализмын үед сайд нарын орлогч дарга Нямсүрэнгээр ахлуулсан металлын комисс 250 зохион бүтээгч, инженерүүдийн институти байгуулсаны үр шимээс одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр л үлдэж дээ.
Тэгэхээр бид хөгжлийн төлөвлөгөө, зорилтоо зөв зүйл рүүгээ хүчтэй төвлөрүүлэх ёстой. Фронтоор яривал бид дайсан руугаа зэрэг дайраад хүчээ тарамдуулаад байна. Хөгжлийн гол салбараа барьж авах ёстой. 20 жилийн өмнө мөрөөдөл мэт байсан өндөр технологийн машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломж өнөөдөр бүрдчихсэн. Аж үйлдвэржилтийн асуудлыг үндэсний хэмжээний компанит ажил болгоё. Пак генерал гучин жилийн дотор Солонгосыг яаж хөгжүүлэв, бид хорин жил яаж хэрэлдсэн бэ гэдгээ бодолцох цаг нь болжээ. Монголын монел, Солонгосын самсунг хоёр нэг онд байгуулагдсан. Гэтэл өнөөдөр Самсунгийн хөгжлийн ямар түвшинд хөгжсөн байна, монголынх ямар түвшинд байна гэдгийг харах ёстой.
-Энэ жилээс аж үйлдвэржилт, төмөрлөгийн асуудлыг ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газар хариуцаж байгаа шүү дээ. Дорвитой өөрчлөлтүүд гарч байна уу?
Маш хангалтгүй явж байгаа гэж дүгнэнэ. Жишээлбэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг талаараа Уул уурхайн яаманд харьяалагддаг, нөгөө талаараа ҮХААЯ яаманд хамаарагддаг. Ийм хоёрдмол удирдлагатай байж болох уу. Хоёр толгойтой газар цаашид яаж хөгжих вэ.
Би шинэ засгийн газар байгуулагдахад Аж үйлдвэрийн яам байгуулаач гэж зөндөө уриалсан. Тоогоогүй. Хүнд үйлдвэр хөгжиж байж хөнгөн үйлдвэрийнхээ ажлын багажийг нь үйлдвэрлэж, утгаар нь хөгжлийг авчирдаг юм.
Хэрвээ Аж үйлдвэрийн яам байгуулвал өнгөт металл, хар төмөрлөгийн агентлаг, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн агентлаг, машин үйлдвэрлэл, төлөвлөлт стратегийн институти, боловсон хүчний институти гэсэн зургаан том язгуур агентлагтай яам гарч аж үйлдвэржилтийг хийх ёстой юм.
-Жил бүр “Металс монголиа” чуулга уулзалт болж, төмөрлөгийн асуудлаар нэлээдгүй хэлэлцүүлэг, хурал цуглаан болдог шүү дээ. Ямар үр дүн гарч байгаа вэ?
Олон хурал цуглаан хийж байгаа ч амьд бус, шоу болоод өнгөрдөг. Ажилчдын зөвлөлгөөн л хийх хэрэгтэй. Монголд нийт 80,000 инженер байгаагаас 9000 нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Бусад нь хуульч, улс төрч, дарга, наймаачин болоод явчихсан. Тэгэхээр энэ олон хүнээ буцааж цуглуулж давтан сургаж авах ёстой.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барихаар нэгэнтээ шийдчихсэн нь сайн хэрэг. Гэхдээ тэнд ямар бүтээгдэхүүний үйлдвэрлэл яаж явах вэ гэдгийг гадаадын зөвлөх компани авч 5000-6000 доллараар ажиллуулж байна ш дээ.
Гэтэл тэр мөнгөөр институти байгуулаад өөрсдийн хүмүүсээ давтан сургаад, явбал ирээдүйд л эх оронд маань хэрэгтэй. Монголчууддаа итгэл өгч яагаад болохгүй гэж. Өнөөдөр дэлхий хавтгай болсон учраас технологийг судлахад амар болсон.
Оюутолгойн асар том төсөлд хоёр сайд л ороод сууж байна. Гэтэл тэднийг зэвсэглэж өгөх ёстой институти байгуулах шаардлагатай. Монголчуудын ирээдүй шалтгаалсан маш том төсөлд хариуцлагатай хандах хэрэгтэй. Тооцоо судалгаа, шинжилгээ хийж, технологиудыг нь судалж, зөв бурууг шүүж, тактик гаргаж, алдааг нь хэлж өгч байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр сэтгэлийн хөөрлөөр, өнгөц хандаж алдаж байгааг хүн бүр харж байгаа шүү дээ.
-Төмөр хийц, сэлбэг хэрэгслийг жилдээ 4 тэрбум ам доллараар импортоор авч байгаа манай улсын хувьд та бүхэнд ямар боломж байгаа юм бэ. Тухайлбал дуобус үйлдвэрлэсэн танай компаний хувьд юуг хийж чадах вэ?
2006 оноос хойш 80-аад машин үйлдвэрлээд нийтийн үйлчилгээнд гаргаад явж байна. Гэхдээ машин үйлдвэрлэсэн гэдгээрээ дарамтлуулж байгаа юм. Солонгосоос хямдхан автобус оруулж ирж зарах гэсэн бүлэг хүмүүс, төсвийн мөнгөөр автобус оруулж ирэгсэд болон автобусны бусад компаниуд орлого хаасан нэрээр дарамталж над руу дайралт хийж байгаа. Өмнө нь 400 автобусыг оруулж ирэх гэж байхад би 100 автобусыг нь дотооддоо үйлдвэрлэе, мөнгийг нь өгчих гэж байхад дургүй байсан. Ийм учраас намайг хэвлэлээр янз бүрээр бичиж, сөрөг мэдээлэл цацаж, юм бүтээж байгаа сэтгэл рүү минь ус цацаж, урам зоригыг минь мохоох гэж оролдож байна.
“Цахилгаан тээвэр” компани троллейбусны таван шинэ загвар гаргачихлаа. Хүй долоо худгийн наадмын цогцолборын суудлын цахилгаан машинуудын загварыг хийж дууслаа. Монголд евро 3,4-тэй автобусны үйлдвэр байгуулах бүх тооцооллуудыг хийж байна.
Манай улсын хэмжээнд хот хооронд, дунд оврын, жуулчны, нийтийн тээврийн автобус нийлээд 17,300 байна. Гэтэл энэ зах зээлд гадныхан л тоглолт хийж, гаднаас сэлбэг авчирч, тэдний л түрүүвч түнтийж байгаа юм. Одоо л босоцгоо, дарлагдсан ард түмэн минь ухаарцгаа, бидний монголчуудаа гэдэг цаг үе ирчихээд байна. Энэ боломжин дээрээ ажиллаач.
-Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарт амжилт гаргаж буй ямар компаниуд байгаа вэ?
Машин үйлдвэрлэлийн салбар хувийн хэвшил дээр тулгуурлан хөгжинө. Тэр ч утгаараа “Номун” корпораци маш том хөрөнгө оруулалтыг хийж энэ оны 11 сарын 24-нд супер автобусыг ашиглалтад оруулах гэж байна. Тэд автобус үйлдвэрлэлийг анх удаа хийгээд эхэллээ. Дараа нь бас Эрдү гэж компани бий. Энд том зах зээл байна гэдгийг хувийн хэвшлийнхэн аль хэдийн олоод харчихсан. Одоо бид амьжиргаа цагаан гэх жижиг машины техникийн зургыг гаргачихлаа. Энэ салбарт дахиад арван компани ороод ирвэл олон зүйл өөрчлөгдөнө.
Эхний ээлжинд бид монголын зах зээл дээрээ ажиллаж сурах хэрэгтэй. Үүний дараа Ази дах бүс нутгийн машин үйлдвэрлэлийн интеграци руу нэвчиж, гуравт нь дэлхийн машин үйлдвэрлэлийн интеграци руу орох хэрэгтэй. Дөрөв дэх түвшинд монголчуудын технологиос хамааралтай дэлхийн машин үйлдвэрлэлийг бий болох ёстой, тавд нь монголчуудын технологиос хамааралтай хүн төрөлхтөн бий болох ёстой.
Үүнд хөгжлийн төлөвлөлт хийгээд гучин жилийн дотор ажиллавал бид чадна.
-Өнөөдөр улсын хэмжээнд 625 мянган авто машин байгаагийн 400 гаруй мянга нь арваас дээш жил явсан. Тэгэхээр үүнд маш том зах зээл байгаа нь харагдаж байна?
Дундаж машиныг 15 мянган доллараар бодвол 40 тэрбум ам долларын машины зах зээл монголд байна. Маш том зах зээл гэдэг нь үнэн. Дөрвөн хүний нэг нь машинтай. Энэ тоо цаашид өснө. Үүн дээр нэмэгдээд үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж, төмөр зам, халбага сэрээнээс эхлээд тоймгүй их зах зээл байна. Гэтэл энэ зах зээлд Орос, Хятад, Япон, Солонгос, Германчууд л ажиллаж байхын оронд бид нар ажиллах ёстой ш дээ. Тэр гаднаас аваад байгаа төмөр хийцийн 4 тэрбум долларын импортын 30 хувийг нь үйлдвэрлэе л дээ. Бидэнд 1,2 тэрбум ам.долларын зах зээл байгаа байхгүй юу. Дугуй, мотор гээд чадахгүй зүйлээ гаднаас авч болно. Харин чадах зүйлээ өөрсдөө л хийх байдлаар багаас нь эхэлнэ. Бусад орны хөгжлийн түүх ч яг ийм.
Гагцхүү энэ үндэсний хэмжээний том ажлыг зохион байгуулж чадах сэтгэлтэй, мэдлэгтэй, туршлагатай хүн л дутагдаж байна. Удирдагч хэрэгтэй. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг би компанидаа уриад л байгаа. Энд хөгжлийн шинэ гарц байгааг харуулмаар байна. Байхгүйгээс баялаг бүтээдэг инженерүүдтэйгээ уулзах ёстой.
Юу бүтээж байгааг харах хэрэгтэй. Тал нутгаа сүйдлэж, гол мөрнөө ширгээх биш, тархиа ухаж амьдармаар байна. Төмөр үйлдвэрлэвэл төмрийн хүдэр, жонш, шохойн чулуу, коксжсон нүүрс нь цөм манай улсад байна. Бидэнд юу дутлаа гэх вэ.
Үнэхээр хөгжүүлье гэж сэтгэвэл 1000 гарц, 1000 боломж байна. Боломжийг олж харах ухааны сүв нь л дутаж байна.
-Таны бүтээсэн дуобус танай компанийг аварсан гэдэг үнэн үү?
Намайг анх улсын хөрөнгийг үрэн таран хийж, шал дэмий машин хийлээ гээд арга хэмжээ авч байсан. Бүр наад машин чинь гурав хонолгүй эвдэрнэ гэж байлаа. Гэхдээ би энэ машиныг үйлдвэрлээгүй бол “Цахилгаан тээвэр” компани шугаманд явах машингүй болоод дампуурах байсан. 700 хүн ажилгүй болох байсан. Тэр үед Автобус 2-ыг Солонгосууд хувьчилж аваад, цахилгаан тээврийг хувьчлах гэж байсан.
Гэхдээ өнөөдөр манай хамт олон сайн ажиллаж байгаа. Ер нь манай дарга нар гадны зөвлөхүүдээс монголын зах зээл бага, монголчууд чадахгүй гэсэн зөвлөгөө авсаар байгаад тархи нь цоожлогдож, шинийг сэтгэхээ больсон. Түүний оронд хөгжлийн шийдлүүдийг гаргаж, том стратегиудыг олж харж, тактикуудыг боловсруулдаг болох хэрэгтэй. Одоогоор тийм хүн бодлого тодорхойлогч нарт алга.
Чингис хааны үр сад мөн л юм бол том сэтгээч. Тэр хүнд тэмүүлэл, сэтгэл, хугархай ташуур л байсан атал томоор сэтгэж чадсан юм. Том сэтгэвэл хөгжинө. Унтаж буй ард түмнийг сэрээ. Тэд сэрэх ёстой.
Ярилцсанд баярлалаа.