Төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэлийг төрийн нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой
Улс орны үйлдвэржилт, хөгжил дэвшлийн нэг чухал гарц нь төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил билээ.
Манай орны төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн 1980-аад онуудад салбарын стратеги хөгжил, техник технологи шинжилгээ судалгааны болон боловсрон хүчний бодлогыг СНЗ-ийн орлогч даргаар толгойлуулсан Засгийн газрын дэргэдэх Теник засварлах, металл боловсруулах үйлдвэрийн асуудал эрхлэх комисс явуулж байсан.
Тэд металл боловсруулах машин үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний төв, хүрээлэн, 200-гаад зохион бүтээгч, технологитой зохион бүтээх төв товчоо, туршилт тохируулга, угсралтын үйлдвэр, гангийн үйлдвэр, металл судлал, цутгуурын лаборатори бүхий үйлдвэрлэл эрдэм шинжилгээ сургалт, судалгааны томоохон бүтцээр ажиллаж салбарын техник технологийн бодлогыг төрийн нэгдсэн бодлого болгосон.
Тухайн үед бие даасан тайлан баланстай техник засварлах, төмөрлөг боловсруулах 20 гаруй томоохон үйдлвэр, 400 гаруй цех тасаг ажиллаж Авто тээврийн хэрэгсэл, барилга, хөдөө аж ахуй, усны аж ахуй, уул уурхай, эрчим хүчний машин тоног төхөөрөмжийг засварлаж тэдгээрийн зарим сэлбэг хэрэгслийг болон 1100 авто чиргүүлийг шинээр үйлдвэрлэж, 2500 гаруй тонн ширэм, өнгөт төмөрлөгийг үйлдвэрлэж, 880 орчим тонн авто нормаль /эрэг боолт гэх мэт/ 450 гаруй тонн авто сэлбэг, резин техникийн эдлэл шинээр хийж ЗХУ-ын дорнод Сибирьт экспортолж, ДНБ-ий хоёр хувийг үйлдвэрлэж байсан.
Гэвч зах зээлд шилжиж, өмч хувьчлалыг зөв зохион байгуулаагүйгээс
Бид жилд 25 сая тонн хүдэр гаргаж, 100 мянган тонн төмөр импортолдог
металл боловсруулах, засварын үйлдвэрүүдийг цөмийг нь устгаж, агуулахад байсан шинэ сэлбэг, эд ангиудаас эхлээд хэвийн ажиллаж байсан суурь машин тоног төхөөрөмжүүдийг өмнөд хөрш рүү хаягдал төмөр нэрээр гаргасан нь харамсмаар түүх билээ.
Ингэснээр машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого алдагдаж, зогсонги байдалд орж дотооддоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгслийг бүгдийг гадаадаас өндөр үнээр импортлон авч асар их валютыг гадагш урсган үйлдвэрлэлийн хэрэгслийн импортын хараат байдалд орсон.
Манай улс жилд импортолж байгаа нийт бараа бүтээгдэхүүнийхээ үнийн 40 гаруй хувь буюу нэг тэрбум ам.долларыг төрөл бүрийн төмөрлөг бэлдэц, ган цувимал, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг, эд ангийг оруулж ирэхэд зарцуулдаг.
Иймд одоо байгаа үйлдвэрүүдийнхээ нэгэнт суурилагдсан тоног төхөөрөмжийн хүчин чадал, бэлтгэгдсэн инженер техникийн мэргэжлийн ажилчдынхаа нөөц боломжид тулгуурлан үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, дагнах хорших замаар импортоор авч байгаа дээрх зарим төмөрлөг бэлдэц, ган цувимал, техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл эд ангийг дотооддоо үйлдвэрлэж валютын гадагшлах их урсгалыг багасгах хэрэгтэй. Ингэснээр ажлын байрыг олноор бий болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээ дадлагажуулах, мэргэшүүлэх замаар импортын бүрэн хараат байдлаас гарах зүй ёсны шаардлага тулгараад байна. Энэ бүхнийг салбарыг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлогоор л шийдвэрлэх учиртай.
Үүнээс гадна төмөрлөг үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт, борлуулалтад ч төрийн нэгдсэн цэгцтэй бодлого үгүйлэгдсээр байна.
2012 оны 8 сарын сүүлч 9-р сарын эхээр төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 жилд байгаагүй үнийн уналтанд орж 62% агуулгатай төмрийн хүдрийн үнэ 100,3 ам.доллар/тн хүртэл буурч байсан. 2012 оны 4-р улирлаас эхлэн Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар гангийн хэрэглээ нэмэгдэж төмрийн хүдрийн үнэ нилээд өссөн.
Өнөөгийн байдлаар төмрийн хүдрийн хэрэгцээ дэлхийн зах зээл дээр улам өсч, төмрийн агууламж нунтаг болон бүхлээсээ хамааран нэг тонн нь 165-200 ам доллар болж гангаар хийсэн бүтээгдэхүүний үнэ дунджаар 15-20 хувиар нэмэгдсэн. Гадаад нөхцөл ингэж өөрчлөгдөж байхад манай улс төмрийн хүдрийнхээ нөөцийг бүрэн тогтоож чадаагүй. Одоогоор дэлхийн нөөцийн 0.5 хувьд ч хүрэхгүй гэдгийг тогтоосон байхад зарим аж ахуй нэгж, хувь хүмүүс гадныхантай хамтарсан нэрээр хүдэр олборлон бараг түүхийгээр нь маш хямд үнээр үнэгүйдүүлэн Хятад руу ямар ч татваргүй зөөж байна.
Энэ эрчээрээ зөөвөл засгийн газраас эхний ээлжийн хэрэгжүүлэх томоохон төслүүдэд 2011-2016 онд барьж байгуулахаар тусгагдсан Хар металлургийн цогцолцор үйлдвэр, Гангийн үйлдвэр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэргүүд төмрийн хомсдолд орж болзошгүй.
2010 онд экспортолсон төмрийн хүдрийн хэмжээ 2005 оныхоос 20.1 дахин өсч, нэг тонныг нь дунджаар 68 ам доллараар гаргасан нь дэлхийн зах зээлийн үнээс 2.4 дахин хямд борлуулж, 671.9 сая ам долларын ашиг алдаж, тэр хэмжээгээр улсад төлөх татварт хураамж төлбөр багассан.
Орд газрууд гадныхны нөлөөнд орж, хөрөнгө оруулсан хамтарсан гэсэн нэрээр дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямдаар экспортолж байгаа нь зөвхөн үнэ ханшийн зөрүүнээс л гэхэд төмөрлөгийн хэд хэдэн цогцолбор үйлдвэр барьчихаар ашгаа алдаж, тэрхүү ашгийг гадны хамтрагчид болон тэдэнтэй нийлэгсэд л хүртэж, хөлжиж байна.
Төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрлэлд тулгамдаад буй энэхүү асуудлуудыг салбарын хөгжлийг эрчимжүүлэх төрийн нэгдсэн бодлогоор л шийдвэрлэх учиртай. Төмөрлөг машин үйлдвэрлэлий үндэсний холбоо нь “Машин механизм, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх боломж” бодлогын судалгааны хүрээнд металл болвсруулах, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг гаргаж, 2012-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулан холбогдох төрийн захиргааны төв байгууллагад өгсөн. Шинэчлэлийн засгийн газар энэхүү хөтөлбөрийн төслийг хянан сайжруулж, улс орны үйлдвэржилт, хөгжил дэвшлийн чухал гарц болох төмөрлөг боловсруулах, машин үйлдвэрлэлийн асуудлыг төрийн нэгдсэн бодлогын хэмжээнд эрхэлж явуулах бүтцийг засийн газрын эрхлэх асуудлын хүрээнд тусгайлан бий болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна.