Монгол ган үйлдвэрлэгч болчихвол Азид тоглогч байх бүрэн боломжтой
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон "Металс Монголиа" чуулганы үеэр хэлсэн дүгнэлтүүдээс анхаарал татахаар өгүүлбэр нь энэ байлаа.
Металлургийн салбарын хөрөнгө оруулагчид энэ өдөр алт, зэс, хар төмөрлөгийг онцолж илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганаас анхаарал татсан хэсэг нь хар төмөрлөгийн салбар хуралдаан байв.
Улс орны хөгжил, аюулгүй байдлыг ган үйлдвэрлэж байгаа эсэхээр нь хэмждэг гэсэн бичигдээгүй хэрнээ бодитой хууль бий. Манай улс ч ган хайлах чиг рүү бодлогоо чиглүүлж байгааг тус хуралдаанд оролцсон төрийн төлөөллүүдийн байр сууринаас анзаарч болохоор байв.
Хар төмөрлөгийн салбар хуралдаанд Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд зэрэг эрхмүүд оролцсон юм. Тэд түүхий эдийн гэхээс илүү металлын үйлдвэрлэлд анхаарах бодлогыг төрөөс барьж байгаа гэж онцолж байсан.
Өөрөөр хэлбэл ган хайлах чиг рүү явж, тэр зүгийн бодлого барьж байгаагаа металлургийнханд дуулгасан. Төмрийн хүдрийг 100 орчим ам.доллараар зардаг бол, дараагийн шатны боловсруулалт хийвэл 200 ам.доллар, ширэм хийвэл 400, ширэмнээс ган болоод ирэхээрээ 600-800 ам.доллар байдаг учраас эдийн засгаа бодсон ч аюулгүй байдлаа тооцсон ч ган үйлдвэрлэгч орон болох ёстой гэдэг дээр шийдвэр гаргагчид санал нэгджээ.
Уул уурхайн сайд "Металс Монголиа"-г нээж хэлсэн үгэндээ ч гангийн үйлдвэр байгуулах бодлого барьж буйгаа онцолж байсан. Тэрээр "Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспорт борлуулалтын "Нэг цонх"-ны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Монголын төмөрлөг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг" байгуулаад байна.
Цаашид "Монгол төмөр" хөтөлбөрийн хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортлох хүчин чадал бүхий гангийн үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Ингэснээр төмрийн хүдрээ экспортлоод эргүүлээд төмөр хийц импортолдог өнөөгийн байдал үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг хурдавчлах зорилго бүхий яамд дундын ажлын хэсэг ажиллаж байна" хэмээн ярьж байв. Чуулга уулзалтад металлургийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гаднын хөрөнгө оруулагчид ч цөөнгүй харагдаж байсан.
Дэлхийд гангийн үйлдвэрлэл
Уул уурхайн сайд хөрөнгө оруулалтын орчны талаар нааштай мэдэгдлийг чуулганы индрээс хийсэн юм. Уул уурхайн яам хөрөнгө оруулалтад нээлттэй хандаж байгаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд дэс дараатай ажлуудыг хийж байна гэсэн агуулгатай үг хэлж байв. Гэхдээ металлургийн салбарт хөрөнгө оруулалтыг яг яаж дэмжих талаар тодорхой зүйл яриагүй.
"Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор" компанийн гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн энэ үеэр төслийнхөө талаар ярьсан юм. ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Сайншандын аж үйлдвэрийн паркийн асуудлыг хариуцаж, холбогдох судалгааг нь хийж байгаа аж. Сайншандын аж үйлдвэрийн паркийн гол зорилго нь гангийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэглээг хангах гэж тэрээр онцолж байв.
ХАЙГУУЛ ХИЙВЭЛ ХҮДРИЙН НӨӨЦ ЭРС НЭМЭГДЭНЭ
Бид үйлдвэрлэсэн гангаараа Азидаа тоглогч байх ч боломжтой гэнэ. Урд хөршид гэхэд л 750 сая тонн металл хэрэглэдгийнхээ ихэнхийг гаднаас авдаг, төмрийн хүдрийнх нь нөөц багасч байгаа гэсэн хоёр шалтгааныг чуулганд оролцогчид онцолж байсан. Хятадад Энэтхэг, Бразил, Автсрали төмрийн хүдрээ нийлүүлдэг.
Гол нийлүүлэгчдэд ордог Энэтхэг, Бразил өөрсдийнх нь хэрэглээ өсөх учраас урд хөршид зардаг төмрийн хүдрийн хэмжээгээ эрс багасгана гэсэн таамгийг судлаачид гаргажээ. Цаашдаа 5-10 сая тонн ган хайлах цогцолбор барих бүрэн боломж бий аж. Хүн төрөлхтөн төмрийнхөө 55 хувийг барилгад ашигладаг, Ази хотжилтод ач холбогдол өгч байгаа учраас төмрийн хувьд бидэнд маш их боломж байгаа юм билээ.
Монгол Улс төмрийн хүдрийн нөөцөөрөө ч цэнхэр гаригийн анхааралд орж болохоор гэдгийг "Гложекс холдинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатарын илтгэлээс харж болохоор байв. АМГ-аас гаргасан тооцоогоор Монгол A,B, C зэргийнхээр 958 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй юм байна. А нь баттай, B нь бодитой, С нь боломжтой гэсэн үг аж. А зэргийн нөөц байхгүй гэж илтгэгч онцолж байсан.
Манайд байгаа зэрэглэлүүд дээр төмрийн хүдрийн үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн байдаг гэнэ. Тэгэхээр манайд дажгүй нөөцтэй гэж тэмдэглэгдсэн 56 ордын хувьд үйлдвэрлэл явуулж болохоор гэсэн үг. Хайгуул хийвэл төмрийн хүдрийн нөөц нэлээд хэмжээгээр нэмэгдэх магадлалтай, нөөцөөрөө дэлхийн хэмжээнд яригдах боломжтойг салбар хуралдаанаас анзаарч болохоор байв.
Саяхан гэхэд л "Харанга ресурс" Сэлэнгийн Баянголын бүс нутагт нэлээд хөрөнгө зарж, хайгуул хийгээд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг ЖОРК стандартаар 300 сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлжээ. Энэ мэтээр хайгуул хийгээд байвал нөөцөө ахиулаад байх боломжтой гэдгийг төмрийн салбарынхан онцолж байлаа. Хуульд зааснаар бол салбараас олсон орлогын 30 хувийг хайгуулд зарна гэсэн заалт бий ч амьдрал дээр хэрэгждэггүй аж. Энэ заалтыг хэрэгжвэл нөөц эрс нэмэгдэх боломжтой гэнэ. Хайгуулын лиценз олголт хумигдсан нь ч нөөцөд нөлөөлж байгаа юм байна.
ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН ЗАХ ДЭЭР УРД ХӨРШИЙН НӨЛӨӨ ИХЭСЧЭЭ
Хуралдаанд оролцогчид төрөөс 50 сая ам долларын дэмжлэг үзүүлж, нойтон баяжуулах үйлдвэрийг дэмжиж буйд ам сайтай байсан. Одоогоор ихэнх үйлдвэрлэгчид хуурай аргаар баяжуулж буй учраас чанартай баяжмал гаргаж чадахгүй байгаа гэнэ. Нойтон аргаар баяжуулаад эхэлчихвэл олон улсын стандартад нийцсэн хүдрийг урд хөршид экспортлох боломж нээгдэж байгаа аж. Сонирхуулж хэлэхэд энэ аргаар баямжал үйлдвэрлэхэд 64-67 хувийн агуулгатай баяжмал гараад ирэх юм билээ.
Салбар хуралдаан дээр тавьсан илтгэлүүдээс нэг статистик сонирхол татав. Манайд байгаа төмрийн хүдрийн 56 ордын 29 нь Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай, 20 нь Монголын зуун хувийн хөрөнгө оруулалттай, зургаа нь хамтарсан хөрөнгө оруулалттай гэж явдаг гэнэ. Хамтарсан гэгдээд байгаа компаниудын хувьд Хятадын хөрөнгө оруулалт давамгайлсан байдаг аж.
Төмрийн баяжмалд Хятадын хөрөнгө оруулалт анхаарахаар өнцөг болсон нь эдгээр тооноос харагдаж байсан юм. Өөр нэг баримт анхаарал татаж байв. Дархан, Чойр, Говь-Өндөрт жижиг оврын 200-300 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрүүд байгаа гэнэ. Нойтон аргын баяжуулалтаар ажиллаж байгаа энэ үйлдвэрүүдээс гарсан бүтээгдэхүүн экспортын багагүй хувийг эзэлж эхэлжээ. Цаашдаа экспортод эзлэх хувь нь нэмэгдэхээр байгаа гэнэ.
Өөрсдөө ордгүй атлаа уурхайнуудаас хямд үнээр төмрийн хүдэр авч боловсруулаад экспортлодог гэнэ. Энэ үйлдвэрүүдийг ажиллуулдаг хүмүүс нь хятадууд аж. Малчдаас ноолуур авч энд хагас боловсруулаад хил давуулдаг систем төмрийн хүдэр дээр ажиллаад эхэлсэн, төр засаг үүн дээр анхаараач гэсэн саналыг бизнесмэнүүд тавьж байв.
ТӨМРИЙН ҮНЭ 2027 ОН ХҮРТЭЛ БУУХГҮЙ
Үнэ нь уначихаад байгаа нүүрстэй харьцуулахад төмрийн баяжмалын зах зээл гайгүй байгаа гэнэ. Үнэ нь огцом өсөхгүй, бас огцом уруудахгүй гэсэн таамгийг дэлхийн шинжээчид гаргачихаад байгаа юм байна. Дэлхийд эхний гуравт орох ган үйлдвэрлэгчид 2019 он хүртэл хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлэх бодлого бариад эхэлжээ. Үүнээс цааш таваас найман жилдээ төмрийн хүдрийн үнэ унахгүй гэдгийн наад захын жишээ нь энэ гэнэ. Тэгэхээр 2027 он хүртэл төмрийн баяжмалын зах зээлд ямар нэг асуудал гарахгүй нь бололтой.
Салбар хуралдааны үеэр "Нано металл" компаниас хэрэгжүүлж байгаа шууд ангижруулсан төмрийн хүдрийн төслөө сонирхуулсан юм.
Жилийн 500 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барих боломж бүхий энэ төслийг Дарханд барих бололцоотой гэнэ. Европ стандартын, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон улсын биржүүд дээр хүлээн зөвшөөрөгдсөн, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, бүрэн автомажсан гэсэн давуу талуудтай аж. Еnerjiron хэмээх энэ технологиор дэлхийн олон улсад үйлдвэр барьжээ. Сүүлийн үеийн мэдээгээр гэхэд Америкт 2.5 сая, Египетэд хоёр сая, Эмиратад хоёр сая тоннын хүчин чадалтай ийм үйлдвэрүүдийг барьж эхэлсэн гэнэ.
Энэ технологиор шууд ангижруулсан төмөр үйлдвэрлээд эхэлбэл хаана ч өндөр үнээр борлуулж болох юм байна. Хөгжлийн банкнаас 30 хувийн санхүүжилтийг нь өгчихвөл Хятадын хөгжлийн банк үлдсэн хувийг нь гаргаж, Хятадын компани бариад өгье гээд гэрээ байгуулжээ.