Д.Ганболд: Гангийн үйлдвэртэй болсноор эдийн засгийн бүх салбарт өртөг зардал буурна
Гангийн үйлдвэр
2013.11.11

Д.Ганболд: Гангийн үйлдвэртэй болсноор эдийн засгийн бүх салбарт өртөг зардал буурна

ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболдтой ярилцлаа.

-Хувийн компаниудаас гангийн үйлдвэр байгуулах санал хэр ирдэг вэ. Ер нь гангийн үйлдвэр байгуулснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хувийн хэвшлийнхнээс гангийн үйлдвэр байгуулах талаар олон санал санаачилга гаргаж байгаа. Энэ нь дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад чухал хувь нэмэртэй. Гэхдээ тусгай чанарын, шаардлага хангасан ган үйлдвэрлэж, экспортод гаргах өндөр зэрэглэлийн ган бүтээх чиглэлээр ажиллавал илүү үр дүнтэй.

Өөрөөр хэлбэл, нэг саяас дээш тонныг хайлах гангийн үйлдвэр нь эдийн засагт ашигтай. Хоёр сая тонн кокс гаргах үйлдвэрийн хүчин чадалтай ТЭЗҮ-ийг баталсан байгаа л даа. ТЭЗҮ-ээр бол хоёр сая тонн кокс хэрэглэх хүчин чадал нь таван сая тонн металл хайлуулах комплекс болж байгаа юм. Цаашид ган бүтээгдэхүүн экспортод гаргах орны тоонд Монгол Улс орвол тав биш 10, 20 сая тонн металл хайлуулах боломж бий.

Гангийн үйлдвэр эдийн засагт шууд гэхээсээ шууд бус нөлөөлөл нь илүү гэж үздэг. Эдийн засгийн бүх салбарт ган төмөр хэрэглэдэг. Ган хэрэглэдэггүй эдийн засгийн салбар гэж байдаггүй. Тухайлбал, барилгын салбар гэхэд гангийн салбараас ихээхэн хамааралтай. Тиймээс цаашид гангийн үйлдвэр байгуулснаар наанадаж дотоодынхоо гангийн эх үүсвэрийг бүрэн шийддэг болно.

-Сүүлийн үед шинээр төмөр зам барих талаар нэлээд ярьж байгаа. Төмөр зам тавихын тулд их хэмжээний төмөр орох нь ойлгомжтой. Энэхүү хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хангах бололцоо хэр байгаа вэ?

Ган үйлдвэрлэлийн статистик

-Нийт 5000 км төмөр зам барина. Мөн түүн дээгүүр явах вагон шаардлагатай. Ганц төмөр зам бариад хоосон орхихгүй нь мэдээж. Одоогоор Монголын төмөр зам зам дээр ойролцоогоор 6-7 мянган вагон 20 сая тонн ачааг нааш цааш нь зөөж байна. Цаашлаад шинэ зам тавьснаар наанадаж 100 сая тонн ачаа зөөх бөгөөд 30-40 мянга вагон хэрэгтэй болно.

Энэ хэрэгцээг дотоодоосоо хангах бололцоотой. Ган бүтээгдэхүүн гаргаж авснаар үйлдвэрийн бүх салбарын бүтцэд өөрчлөл орно. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Сайншандын комплексын нэг ач холбогдол нь том үйлдвэрийг дагаж жижиг үйлдвэрийг хөгжүүлье гэсэн чиглэлийг барьж ажиллахаар болсон.

Сүүлийн 20-30 жил жижиг дунд үйлдвэр хөгжихгүй байна гэж ярьж байгаа. Том үйлдвэрүүд хөгжихгүй байгаа учраас л жижиг үйлдвэрүүд хөгжихгүй байна. Том үйлдвэрийн ханган нийлүүлэлтийг жижиг үйлдвэрүүд хийдэг схем алдагдсан. Үүнийг дахин сэргээж ажиллана.

-Манай улсад орон сууцны ам метрийн дундаж үнэ 1.5 сая төгрөг байна. Арматур төмрөө гаднаас 100 хувь импортоор авдаг учраас орон сууцны ам метрийн үнэ өндөр байдаг гэж ярьдаг. Гангийн үйлдвэр барьж эхэлснээр наанадаж л орон сууцны үнэ буурах сайн тал байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Манай улс гангийн үйлдвэртэй болсноор эдийн засгийн бүх салбарт өртөг зардал буурна гэсэн үг.

-Гангийн үйлдвэр байгуулах нэлээд хэмжээний хөрөнгө мөнгөн шаардлагатай юм байгаа. Ер нь хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хөрөнгө оруулалтын тал дээр олон асуудал бий. Гэхдээ хамгийн гол нь гангийн үйлдвэрт хөрөнгө оруулж ашигтай ажиллах боломжийг Засгийн газар бодлогоороо нээснээр Хөрөнгө оруулалт аяндаа шийдэгдэнэ. Зөвхөн гангийн цогцолборт л гэхэд дэд бүтэцтэйгээ нийлээд 4-5тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Таван толгойгоос Сайншанд хүртэл төмөр замыг оруулж тооцвол шүү. Үүнийг оруулахгүй тооцвол 500 сая тонны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.