Д.Ганхуяг: Энэ хууль батлагдваас үй бус Монополчлол хумигдаж хэрэглэгчидийн эрх бодитой хамгаалагдана
Өрсөлдөөний тухай хууль батлагдвал дараах үндсэн хоёр ач тусыг өгөх юм
- Монополчлол хумигдаж хэрэглэгчидийн эрх бодитой хамгаалагдана.
- Хэрэглэгчид стратегийн барааны үнийн үндэслэлгүй хөөрөгдөлтөөс хамгаалагдах боломж бүрдэнэ.
-Таныг УИХ завсарласнаас хойш хэдхэн хоногийн дотор Өрсөлдөөний тухай хуулийг өргөн барьлаа гэж сонслоо.
-Тиймээ. Өнгөрсөн долоо хоногт Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Д.Арвин, Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, С.Бямбацогт, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гишүүд Шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийн төслөөр Засгийн газрын саналыг нь авахаар хүргүүлсэн. Өмнө нь 2008 оны 01 сард УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, Р.Амаржаргал бид нарын гишүүд уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан боловч, сонгуулиас болоод хэлэлцэж амжаагүй юм. Тэгээд холбогдох хуулийн дагуу Шинэ УИХ,Засгийн газар бүрдсэн тул хэлэлцүүлгийн шатанд байсан уг хуулийн төсөл буцаагдсан.Удахгүй УИХ-ын удирдлагад дээрхи хуулийн төслийг өргөн барина. Өмнө нь Засгийн газар энэ төслийг хэлэлцээд хууль санаачлагчдад ирүүлж байсан саналын ихэнхийг нь тусгасан. Тиймээс засгийн газар энэ төслийг хурдан хэлэлцэж саналаа ирүүлэх тусмаа бидний хамтын зорилго хурдан биелэгдэнэ гэж үзэж байна.Нилээд өргөн харилцааг зохицуулах хууль учраас олон нийтийн саналыг авах шаардлагатай.Тэгээд ч 2009 оны хаврын чуулганаар эхний ээлжинд баталчихмаар байна.
-Та нарын өргөн барьсан хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа хуулиас юугаараа ялгаатай юм бэ?
-Нилээд ялгаатай.Агуулга,зарчмын нилээд их өөрчлөлт орсон учраас шинэчилсэн найруулгын төсөл болсон. Гол нь шудрага өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, шудрага бус өрсөлдөөнийг хязгаарлах,зогсоох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, энэ хуулийг зөрчигчидтэй тооцох захиргааны хариуцлагын хэмжээг дахин хууль зөрчихгүй байхад хөшүүрэг болохуйцаар нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хариуцлага тооцох байгуулагыг Хорооны зохион байгуулалттай болгож хараат бусаар бие дааж ажиллах, хариуцлагаа өөрөө үүрч чаддаг байх зэрэг зарчмын олон өөрчлөлтүүдийг оруулсан. Өнөөгийн олон улсын хандлага ч ийм байгаа. Одоо мөрдөж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль анх 1993 онд батлагдсан. Тэр үед хуулийн нэрийн талаар 3 хувилбар яригдаж байгаад “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” гэсэн нэрийг сонгосон юм билээ.
Гэвч өнөөгийн байдал энэ хуулиар өшөө илүү өргөн хүрээтэй нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулахыг шаардаж байна. Тухайлбал шудрага бус өрсөлдөөнийг зохицуулах чадамжтай, дээр нь шудрага өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгч болон зах зээлийг хамгаалах зэрэг.Эдгээр харилцааг зохицуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан. Иймд хуулийн нэр нь агуулгаа бүрэн илэрхийлж байх ёстой гэсэн шаардлагын үүднээс төсөл санаачлагчид хуулийн төслийн нэрийг “Өрсөлдөөний тухай” гэж өөрчлөх нь хамгийн оновчтой гэж үзсэн. Энэ хууль гарснаар хэрэглэгчид стратегийн барааны үнийн үндэслэлгүй хөөрөгдөлтөөс хамгаалагдах боломж бүрдэнэ.
-Хуулийн төслийн зарчмын чанартай зохицуулалтын талаар жаахан тодруулна уу.
-Төсөл 6 бүлэг 34 зүйлтэй.Тиймээс дээр дурьдсан агуулгын чанартай зүйлүүдийг л товч дурьдмаар байна. Ноёрхох үйл ажиллагаа гэсэн “давамгай байдлаа буруугаар ашиглаж өрсөлдөгчөө зах зээлд нэвтрэх, зах зээлээс гарахад саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулах” шинэ нэр томьёог оруулж ийм үйл ажиллагаа явуулах боломжтой аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтай, зүй ёсны монополь байдалтай гэж тус тусд нь ангилж авч үзсэн. Зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгж гэж “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой байх нөхцлийг хангах” этгээдийг хэлдэг л дээ.Тэгээд энэ зүй ёсны монополь аж ахуйн нэгждээ холбогдох төрийн байгуулагын зүгээс зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан болон бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох зэрэг зохицуулалтыг хийнэ. Давамгай байдалтай аж ахуй нэгжийг одоогийн мөдөгдөж буй хуульд “ Тодорхой бараа, бүтээгдэхүүний зах зээлд дагнан буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдүүд үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “ гэж үзнэ тодорхойлсон байгаа.Гэвч энэ заалт нь хэдийгээр зах зээлийн 1/3-д хүрээгүй ч зах зээлд давамгайлах байр суурьтай эсвэл зах зээлийн 1/3-аас их хэмжээг эзэлж байсан ч зах зээлд нөлөө үзүүлэх чадваргүй байх тохиолдол зэргийг хамарч чадахгүй байсан.
Энэ дээр л өнөөдөр гол асуудлууд гарах хандлагатай байгаа. Тиймээс зах зээлийн1/3-д хүрээгүй ч өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах боломжтой тухайлбал бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахах, нэвтрэх нөхцөлийг хаан боогдуулах, бараа үйлчилгээний үйлдвэрлэл, борлуулалт, үнийн байдалд нөлөөлөх чадвартай нэг буюу хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай гэж үзнэ гэсэн агуулгатай заалтыг нэмж оруулсан. Тэгээд эдгээр аж ахуйн нэгжүүдийн зохиомлоор барааны хомсдол бий болгож үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх, бараа бүтээгдэхүүний үнийг хуйвалдан хэлцэн тохирох, зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, хэрэглэгчээр хуваарилах,уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон тендерт бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох зэрэг өрсөлдөөнд харш олон үйл ажиллагааг хориглохоор хуулийн төсөлд заасан. Хэрэв ийм хэлбэрийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол томоохон захиргааны хариуцлага, торгууль оногдуулахаар болсон. Иймд энэ хууль батлагдваас зүй бус Монополчлол хумигдаж хэрэглэгчидийн эрх бодитой хамгаалагдана гэж үзэж байна.
-Та нарын энэ хуулийн төслөөр одоогийн Шудрага бус өрсөлдөөнийг хянан зохицуулах Засгийн газрын харьяа агентлагийг өөрчилж Хороо болгож УИХ-ын харьяа болгох гэж байна уу.
-Тийм. Өөрөөр хэлбэл статус нь дээшилж байна гэж ойлгож болно.Ер нь олон нийтийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талдаа УИХ-ын гишүүд илүү анхааралтай ажилладаг, ажиллах ч ёстой гэсэн судалгаа байдаг. Хэдийгээр УИХ-ын гаргасан хууль, шийдвэрийг Засгийн газар биелүүлэх ёстой ч, УИХ-д өөрт нь гаргасан шийдвэртээ хяналт тавих,байнга боловсронгуй болгох бас үүрэгтэй байдаг.
Энэнээс өөр хороо нь хамтын шийдвэр гаргадгаараа онцлогтой. Зах зээлийн өрсөлдөөний зохицуулалт нь аж ахуй эрхлэгчдийн хувийн өмч, бизнесийн нэр хүнд, ашиг орлогын асуудалтай шууд холбогддог гэдэг утгаараа маш үнэн бодит, хуульд нийцсэн, шийдвэрийг шаарддаг. Хамтын удирдлагын шийдвэр нь олон нийтэд нээлттэй ил,тод байдагаараа давуу талтай.Ингэснээр хороо хараат бусаар,бие дааж ажиллах боломжтой болно.Мэдээж олон улсын жишиг ч ийм байгаа. Тэгээд сая барьсан хуулийн төсөлдөө өмнө нь Засгийн газраас ирүүлсэн саналыг харгалзан Өрсөлдөөний зохицуулах хорооны 9 гишүүний 5-ийг Засгийн газраас, хорооны дарга орсон 4 гишүүнийг УИХ-аас нэрийг нь дэвшүүлж УИХ баталхаар болсон. Энэ утгаараа хороо чанга,хяналттай нилээд эрх мэдэлтэй, хариуцлага өндөртэй байгууллага болно гэж бодож байна. Мөн хорооны дарга,гишүүд,байцаагчидийн аюулгүй байдал,эрх зүйн баталгааг нилээд нарийвчилж тусгасан.
-Хуулийн төслийн хуулийг зөрчигчидтэй тооцох хариуцлагын талаар тодруулна уу. Одоогийн хуулиар чинь хууль зөрчсөн аж ахуйн нэгжийг 250 мян.төг-өөр торгохоор байгаа гэсэн биздээ.
-Тийм. Энэ хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрсөн тул хуулийн хэрэглээ хоцрогдох нь мэдээж. Одоогийн хуулиар уг хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аж ахуй нэгжийг дээд тал нь 250 мян.төг, ажилтан, албан тушаалтныг 60 мян.төг-ийн харицлага торгууль ноогдуулахаар байгаа. Асар их өргөн хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг давамгай байдалтай аж,ахуй нэгжид өмнөх хариуцлага ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ. Иймд эдгээр нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх зорилтын үүднээс өргөн барьсан хуулийн төсөлд олон улсын жишигт нийцэхүйц байдлаар захиргааны хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тухайлбал энэ хуулийг зөрчсөн аж ахуй нэгжийг хийсэн үйлдэл, хэрэглэгчийг хохироосон хэмжээ зэргээс нь хамааруулан өмнөх жилийнх нь орлогын 2-10 хувиар торгож , хууль бусаар олсон орлогыг нь хураах, хариуцлага алдсан аж ахуйн нэгжийн ажилтан, холбогдох төрийн байгуулагын албан тушаалтныг үйлдлээс нь хамааруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгохоор заасан.