Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан товчооны захирлыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр
2014.05.01

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан товчооны захирлыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэрийг өнөөдөр /2014.05.01/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Сайд С.Эрдэнэ ноён Тим Дэ Мэйэрт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирлаар томилогдсонд баяр хүргээд, 1990 оноос эхлэн Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон хүний эрхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудын хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн түншлэлийг Монгол Улсад хөгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд салбарын сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ХАХНХЯ, НҮБ-ын Нийгмийн хамгааллын ажлын хэсэг хамтран 2013 оны есдүгээр сард эхлүүлсэн үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн гурав дахь удаагийн арга хэмжээг маргааш хийх гэж байгааг мөн дуулгасан юм.

Ноён Тим Дэ Мэйэр, 2002 оноос хойш нийгмийн хамгааллын чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллаж ирсэн гээд шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж байснаа дурслаа. Монгол Улсыг зорин ирсний зорилго нь эртнээс эхлүүлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэмээгээд Хөдөлмөрийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчид, хувиараа болон албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалд хамрагдлыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх” төслийн нээлтэд маргааш хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Мөн тэрбээр нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн өөрчлөлтийн талаар сайдаас тодруулсан. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Нийгмийн даатгалын шинэтгэлийн ажлыг гурван үе шаттай явуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, үргэлжлүүлээд тэтгэврийн даатгалын, мөн тэтгэмжийн даатгалын шинэтгэлийг эхлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай тухай хуулийн төсөл Засгийн газраас дэмжлэг авсан учир удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байна. Түүний араас удахгүй эхлүүлэх нийгмийн даатгалын шинэтгэлийн чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санал санаачилга гаргавал хамтран ажиллахад бэлэнбайна” хэмээн сайд хэллээ