Төв аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ
Төв аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ
2014.05.01

Төв аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ.

Цахим ярилцлагад Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Улсын Их Хурлын гишүүдийн Ажлын албад, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Ярилцлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нээхдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зохион байгуулж буй энэхүү ярилцлагад уригдан оролцож буй талуудад талархлаа илэрхийлээд ярилцлага явуулах журмыг товч танилцууллаа. Үүний дараа Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат ярилцлагад  тус аймгаас оролцогчдыг танилцуулаад аймгийнхаа хэмжээнд 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц, хаврын тариалалт, мал төллөлт зэрэг цаг үеийн ажил, нөхцөл байдлын талаар мэдээллээ.

УИХ-ын гишүүд мэдээлэл сонссоны дараа аймгийн удирдлагад асуулт тавьсан бөгөөд тухайлбал, М.Энхболд гишүүн мал төллөлтийн байдал, тус аймагт өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн шүлхий өвчин, түүнтэй тэмцэх  вакцинжуулалтын үр нөлөө, газар тариалангийн ажлын явц, ЖДҮ-ийг дэмжих болон Сум хөгжүүлэх сангийн ажиллагаа, энэ онд тус аймгийн 9 сум 90 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотойгоор зохиож буй ажлын талаар тодруулахыг хүссэн юм. Тэрбээр мөн аймгийн теартын барилгын ажлын явц болон Лүн сумыг жишиг сум болгох ажил эхэлж байгаатай холбогдуулан жишиг сумдын талаар гишүүдээс тодорхой санал авсан атлаа өөр шийдвэр гарсны учрыг лавлалаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлага

Аймгийн Засаг дарга Д.Баярбат энэ асуултад хариулахдаа тус сум “Төв аймагт анх байгуулагдсан сум, мөн сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө нь хийгдсэн, дэд бүтэц сайтай. Улсын төсвөөс 5 тэрбум төгрөг хуваарилсан ч уг хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тул аймаг, орон нутгийн зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газарт албан ёсоор санал тавьснаар жишиг сум болгохоор шийдвэрлэсэн” гэлээ.

Аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Даваасүрэн гишүүний асуултад хариулахдаа “Аймгийн хэмжээнд эхний ээлжинд 5 суманд 1464 өрхийн 537 мянга гаруй толгой малыг 3-р сарын 8-27-ны хооронд 100 хувь вакцинжуулсан. Одоогийн байдлаар 937 576 мал төллөж, төл мал 99,5 хувийн бойжилттой байгаа, малын зүй бус хорогдол 0,01 хувьтай, 100 малтай айл л гэхэд 5-6 хээл хаялт гарч байна.

Тариалалтын хувьд аймгийн удирдлага үрийн  100 хувь шинэчлэлтэд анхаарч, орон нутгаасаа 100 сая төгрөг гарган ҮХААЯ-наас үр авч тариалалтаа хийнэ. Тариалалтын бэлтгэл ажил хангагдсан, холбогдох хүмүүстээ зохих үүрэг чиглэл, албан даалгавар өгсөн” гэлээ.

ЖДҮ-ийн талаар гишүүний тавьсан асуултад уг ажлыг хариуцсан Бямбацогт дарга хариулахдаа 2009-2011 онд УИХ-ын гишүүдийн санаачилгаар сум бүрт Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан, ЖДҮ-ийг дэмжих сан байгуулагдсан. Үүн дээр нэмж Сум хөгжүүлэх сан байгуулагдсаныг нэгтгэн, Сум хөгжүүлэх сан болгосноор одоогийн байдлаар 6,7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байгааг дуулгалаа.

Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Су. Батболдын хувьд 3-р сарын 3-25-ны өдрүүдэд сумдад ажлаар явж байхад нь ажиглагдсан зарим зүйлийг аймгийн удирдлагаас тодрууллаа. Тухайлбал, Зуунмод суманд барих дулааны станцын байршлыг хэрхэн сонгох, тус суманд эхлүүлээд орхисон тойрог замыг хэзээ дуусгах, аялал жуулчлалын нэг гол зам болж буй Зуунмод - Ээж хадны чиглэлийн замын асуудлыг хурдан шийдвэрлэхэд хэр анхаарч байгааг лавласан юм.

Энэ асуултад Д.Баярбат дарга хариулахдаа “Дулааны цахилгаан станцын газрын асуудал шийдэггдсэн. Зуунмод, Сэргэлэн сумдын зааг дээр 3 байршил сонгоод Солонгосын Засгийн газраас өгсөн чиглэлээр гадны байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа.

Аймгийн хойд хэсэг, ер нь нийт аймгаар замын асуудал хэцүү байгаа, ялангуяа хатуу хучилттай зам маш их эвдрэлтэй байгаа тул улсын чанартай автозамыг засахад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хувьд нэлээд бэрхшээлтэй байна. Аймгаас Улаанбаатар хүртэлх замыг 90 жилийн ойн өмнө засаж дуусгахаар төлөвлөсөн” гэсэн хариу өглөө.

Мал төллөлтийн байдал, тус аймагт өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн шүлхий өвчин, түүнтэй тэмцэх  вакцинжуулалтын үр нөлөө, газар тариалангийн ажлын явц, ЖДҮ-ийг дэмжих болон Сум хөгжүүлэх сангийн ажиллагаа, энэ онд тус аймгийн 9 сум 90 жилийн ойгоо тэмдэглэхтэй холбоотойгоор зохиож буй ажлын талаар тодруулахыг хүссэн юм.

Гишүүд орон нутгийн удирдлагын хариулт, мэдээллийг сонссоны дараа зарим асуудлаар тэдэнд анхааруулга, сануулга өгөв. Тухайлбал, М.Энхболд гишүүн сумдаар явж байхад нь 3 суманд хүн эмнэлгийн машины асуудал гарч байсныг ЭМЯ-нд уламжилснаа дуулгаад “Энэ талаар аймаг, сумдын удирдлага давхар хөөцөлдөх нь зүйтэй, мөн Батсүмбэрийн асрамжийн төвийн барилга, тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын төсвөөр нэгэнт шийдэгдсэн Өндөрдов-Зуунмодны замын асуудлыг ажил хэрэг болгох, өнгөрсөн онд газар тариалангийн салбарт гаргасан амжилт өмнөх оныхоосоо буурсан нь нэг талаар орон нутгийн удирдлага анхаарлаа сулруулсантай холбоотой байх магадлалтай тул энэ жилийн тариалалтад анхаарч, уг ажлыг цаг хугацаанд нь эхлэх” талаар сануулсан юм.

Тэрбээр мөн хуурайшилт ихтэй хаврын улиралд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагууд мэдээ, мэдээллээ солилцоход зохих ёсоор санаа тавихыг аймгийн удирдлагад анхаарууллаа.

Су.Батболд гишүүний хувьд сумдаар явж байхад нь иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу Баян-Өндөр сумын Хатуу-Ус гэдэг газар Баяннуур гэдэг компани зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул хийж байгааг холбогдох байгууллага, хариуцсан ажилтнуудад анхааруулах, Лүн сумынхан шинэ бүтээн байгуулалтаа шинэ суурьшлын бүс, эсвэл одоогийн байгаа газартаа эхлэх эсэх дээр нухацтай хандах, сумдад тавьж буй шилэн кабелийг ашиглаж байгууллагуудаа интернетэд холбуулах, Зуунмод, Сэргэлэн сумын иргэдэд газар олгох асуудлаар тодорхой шийдвэр гаргах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

      Ярилцлагыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга Н.Отгончимэг үг хэлэхдээ “Улсын Их Хурлын гишүүд цаг үеийн асуудлаар богино хугацаанд товчхон ч гэсэн тодорхой мэдээлэл авч, сонгогдсон тойрог, орон нутгийнхаа зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Энэ удаагийн цахим ярилцлага нь Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 2 дахь удаагийн ярилцлага байлаа” гээд ярилцлагад оролцсон гишүүд болон тэдний асуултад тодорхой хариулт өгсөн Төв аймгийн холбогдох албан тушаалтнуудад талархлаа илэрхийллээ6