Оюутны хотхонд “Залуучууд хөгжлийн төв” нээгдлээ
2014.04.15

Оюутны хотхонд “Залуучууд хөгжлийн төв” нээгдлээ

Дархан хотын “Оюутны хотхон”-д “Залуучууд хөгжлийн төв”-ийн нээлт боллоо. Нээлтэд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд н.Эрдэнэ, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж, Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, аймгийн Засаг дарга С.Насанбат, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нар болон аймгийн Оюутны холбоо, Улаан загалмайн хороо, Залуучуудын холбоо зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ уг төвийг нээж хэлсэн үгэндээ Шинэчлэлийн засгийн газрын хөтөлбөрт хүүхэд гэр, бүл, хүн амын хөгжил тэр дундаа залуучуудын хөгжлийн асуудал онцгой байр эзэлдгийг дурдаад “Энэ төв нь залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөдөг, бие биенээсээ суралцдаг, харилцан ярилцаж мэтгэлцдэг, тэдний цуглаж ярилцлах дуртай, үр өгөөжтэй төв байх болно” гэлээ.

Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан:

-НҮБ-ын Хүн амын сан, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Люксембургийн Засгийн газар,  Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ онд байгуулсан гэрээний гол зорилго бол НҮБ-ын хүн амын сан дэргэдээ Залуучуудын хөтөлбөртэй болж уг хөтөлбөрөөрөө дамжуулж Монгол улсад Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Ховд, Увс зэрэг 14 аймагт залуучуудын төвийг байгуулахаар болсон. Яагаад Залуучууд хөгжлийн төвийг байгуулах болсон бэ гэхээр ер нь сүүлийн үед залуучууд баар хэсэж архи, тамхи хэрэглэх нь ихсэж нийгмийн хорт зуршилд холбогдох нь нэмэгдсэн. Тиймээс оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хорт зуршлаас ангируулж тэдэнд зөв мэдээлэл өгч хажуугаар нь эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэхэд тохилог ийм орчин бүрдүүлэхээр энэ төвийг нээж байна. Энэ удаа бид Дархан-Уул аймагт ирж төсөлхэрэгжүүлэгчидтэй  ирж залуучууд хөгжлийг төвийг нээж байна. Мөн Улаанбаатар хотод шинээр бас нэг ийм төв удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Мөн одоо баригдаж байгаа мянган оюутны дотуур байранд ийм дөрвөн төвийг тодорхой чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сан, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр байгуулна. Энэ ажилд ялангуяа манай оюутан залуучууд, оюутан залуучуудын төрийн бус байгууллагууд идэвх санаачлагатай оролцох байх. Дархан-Уул аймагт байгуулагдаж байгаа энэ төвийн нээлтийн ажлыг тус аймгийн Улаан загалмайн хороо, Улаан загалмайн хавирган сар нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

-Дархан-Уул аймаг оюутан залуучуудын том хот, энэ төв чинь оюутан залуучуудад хандаж ямар ажил зохион байгуулах юм бэ

-Ер нь энэ төвийг их дээд сургуулиудын хотхоны төв дунд нь байгуулж өгснөөрөө онцлог. ЭМШУИС-ийн Дархан хот дахь Анагаах ухааны салбар сургуулийг түшиглэн оюутны байрны нэг хэсэгт байгуулж байна. Нийтдээ 100 м.кав талбайд үйлчилгээ явуулна. Оюутан сурагчид ирснээрээ сүүлийн үеийн ном товхимол ялангуяа хүүхэд залуучууд тэдгээртэй энэ төвдөө танилцах боломжтой. Түүнчлэн интернет кофе ажиллана. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд нь зориулж кино үзэх, шатар тоглох зэргээр залуучуудын оюун ухааныг хөгжүүлэх техник хэрэгсэлтэй, лекц унших боломжтой. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө авах гол гол үйлчилгээнүүд явагдахаар төлөвлөгдсөн байгаа. Оюутан залуучуудын хүссэн бүх төрлийн үйлчилгээг оюутан залуучуудын байгууллагуудтай хамтарч зохион байгуулах юм. Энэ удаа бид жил бүрийн наймдугаар сарын 12-нд болдог олон улсын залуучуудын өдөр, 25-нд болдог Монголын залуучуудын өдрийг угтаж эдгээр арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна гэв.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовж:

-Энэ төвийн гол зорилго нь залуучууд цуглаж чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөдөг, бие биенээсээ суралцахад зориулж ажлаа зохион байгуулдаг гол төв болно. Хүн гэдэг чинь нийгмийн харилцаанд орж байж өөрөө хөгждөг. Манай Улаан загалмайн хорооны шугамаар хэрэгждэг Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн хүрээнд нийтдээ 52 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ төв нээгдэж байна. Цаашид тус аймаг дахь Улаан загалмайн хороо, Оюутан, залуучуудын байгууллагатай хамтарч ажиллуулахаар төлөвлөгдсөн. Бид энэ төвийн ажлыг тогтворжуулахад наад зах нь гадна тохижуулалтаас өгсүүлээд нэмж хийх ажил нэлээд бий. Түүнийг явцын дунд хийхээр төлөвлөж байгаа гэв.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара:

-Өнөөдөр дэлхийн хүн амын 40 гаруй хувийг 25 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь урьд өмнө тохиож байгаагүй их тоо юм. Монгол улсын нийт хүн амын бараг 50 хувь нь 25 хүртэлх насны залуучууд байна. Залуучууд эрч хүчтэй, шинийг бүтээгчид байдаг учраас тэд өндөр хөгжилтэй орнуудад төдийгүй хөгжиж буй орнуудад нийгэм, эдийн засгийн чиг хандлагыг өөрчилж чадна. Тиймээс НҮБ-ын хүн амын сан, Люксембургийн Засгийн газар, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагтай хамтарч Монгол улсын нийслэл болон хөдөө орон нутаг Залуучууд хөгжлийн төвийг байгуулж эхлээд байгаагийн нэг нь Дархан-Уул аймагт өнөөдөр нээгдэж байгаа энэ төв юм. Энэ төв нь залуучуудын ур чадварыг хөгжүүлж түүний дотор зөвлөгөө өгөх дэмжлэгт бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулах, ашиг сонирхолд нь нөлөөлж буй асуудлуудад залуучуудын үр ашигтай оролцоог дэмжих зорилготой байгуулагдаж байгаад талархаж байна гэлээ. Нээлтийн дараагаар Дархан хотын Политехник коллежид залуучуудын тулгамдсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо.