Л.Энх-Амгалан: Ордыг дотоодын компаниудтай хамтарч эргэлтэд оруулах ёстой
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.05.09

Л.Энх-Амгалан: Ордыг дотоодын компаниудтай хамтарч эргэлтэд оруулах ёстой

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн уул уурхай сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.

-Уул уурхайн салбараа бид яаж хөл дээр нь босгох вэ. Өнгөрсөн жилд үр дүнгээ өгсөн ямар ажил байгаа вэ?

Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн хамгийн голлох салбар. Үндсэндээ нийт хөрөнгө оруулалтын 85 хувийг эзэлдэг. Нийт экспортын 90 орчим хувийг зээлдэг. Төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байна. Тийм учраас үндсэндээ уул уурхайн эдийн засаг. Ирэх 10-20 жилийн хугацаанд улсын хөгжил уул уурхайн хөгжилтэй салшгүй холбогдоно. Энэ салбарт онцгойлон анхаарч байж улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж чадна.

-Эрдэс баялгийн бодлого батлагдсан. Их хурал дээр ч бодлоготой уялдсан ашигт малтмалын хуулийг засгийн газраас оруулж ирээд байгаа?

Өнөөдрийн уул уурхайн салбарт үүссэн тодорхойгүй олон хууль тогтоомжийг цаг алдалгүй өөрчлөх ёстой. Саяхан Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталж гаргасан. Энэ хүрээнд цаашдаа уул уурхайн салбарт монголын төр ямар бодлого барих ёстой болоод төр яаж оролцох вэ гэдэгт анхаарал хандуулсан. Уул уурхайн салбарт 100 сая төгрөг оруулахад монголын ДНБ 170 сая төгрөгөөр нэмэгддэг гэсэн судалгаа бий.

100 сая төгрөг шинээр хийхэд уул уурхайн салбарт шинээр дөрвөн ажлын байр, бусад салбарт 12 ажлын байр бий болдог. Ийм чухал ач холбогдолтой салбарт хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хурдан хөл дээр нь татаж босгох ёстой.

-Өрсөлдөх чадварын тухайд?

Үүний дараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар яригдана. Манай орон цаашид нүүрсний том экспортлогч орон байна гэвэл олон жил хүлээгдэж буй төмөр зам, дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх ёстой.

Түүнчлэн төр өөрөө аж ахуйн үйл ажиллагаанд зууралддагаа болих хэрэгтэй. Энэ талаар эрдэс баялгийн бодлогод заагаад өгчихсөн байгаа. Ордууд бол ард түмний өмч. Хамгийн гол нь ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесийн хувилбаруудыг дотоодын компаниудтайгаа хамтарч хийх ёстой гэж бодож байна.  

Ярилцсанд баярлалаа.