Геологи хайгуул, уул уурхайн мэргэжлийн холбоодын санал, зөвлөмж
Геологи хайгуул, уул уурхайн мэргэжлийн холбоодын санал, зөвлөмж
2014.05.06

Геологи хайгуул, уул уурхайн мэргэжлийн холбоодын санал, зөвлөмж

Тухайн үед МУ-ын ЗГ -ын зүгээс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан журмын төсөлд 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа энэ хуулийг гацаанаас гаргахыг хичээсэн боловч түүний гол алдаа нь зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрч харин Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг нь зогсоож тусгай зөвшөөрлийг нь хурааж авахаар заалт оруулж хөрөнгө оруулагчдад ялгаварласанд оршиж байсан юм. Юуны өмнө энэ нь МУ-ын Үндсэн хуулиар аливаа хууль бүгдэд эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн заалттай зөрчилдөж байна. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиар хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод эсвэл том, жижиг гэж ялгаварлахгүйгээр дэмжих бодлогыг баримталсан билээ. Тэгвэл “урт нэртэй” хуулиар хөрөнгө оруулагчдыг ийнхүү Ашиглалтын ба Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ялгаварласан нь холч хараатай ухаалаг төрийн бодлого гэж үзэхгүй байна.

Хуулиа дагаж мөрддөггүй цөөн хэдэн хариуцлагагүй этгээдүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж хуулиа мөрдөж ажилладаг бусад нь хохирч болохгүй. Сүүлийн жилүүдэд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар онцгой анхаарч, хууль дүрмээ баримталж ажилладаг болсон олон жишээг дурдаж болно.

  • Анхнаасаа ул суурьтай судалгаа тооцоонд үндэслэн бодлоготой авч хэлэлцээгүй, байгаль эх орондоо хайртай монгол хүний сэтгэхүйн дээр тоглож хэт туйлширсан, хэрхэн хэрэгжүүлэхээ бодож тооцоолоогүй хууль гарснаар манай улсын бүхэл бүтэн геологи хайгуул гэдэг салбараар зогсохгүй түүнтэй хамт өрөмдлөг, геофизик, гидрогеологи, геологийн лаборатори гэх мэт эрэл, хайгуулын ажил үйлчилгээ үзүүлж судалгаа шинжилгээ хийдэг бизнесүүдийг уналтад оруулсны жишээ нь энэ хууль гэхэд хилсдэхгүй!

Геологи хайгуулын салбар нь улс орны ашигт малтмал, эрдэс баялгийн санг бүрдүүлдэг, мэдээллээр хангадаг, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эдийн бааз суурь болох тухайн ашигт малтмалын олборлох болон ашиглах нөөцөөр хангаж байдаг, манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чухал салбар мөн.

Гэтэл энэ хуулийн үйлчлэлд манай улсын геологи зөвшөөрлийн тал хувь нь өртсөн. Ялангуяа, 2013 оноос хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн Хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын газар (АМГ)-аас баталж өгөхгүй үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосноор:

I. Геологи хайгуулын бизнест орох байсан хөрөнгө оруулалтыг боомилсон. Үүнийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тухай статистик үзүүлэлтээс тодорхой харж болно.

II. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт 9 жилийн хугацаатай олгодог. Гэтэл өнөөг хүртэл энэ байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаагаас энэ салбарт бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчид үнэтэй цаг хугацааг алдсаар байна. Төр засгийн зүгээс өөрсдөө үйл ажиллагааг нь ингэж зогсоочихоод алдсан энэ 2 жилийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаан дээр нөхөж нэмж олгож өгөх үү?!

III. Уг нь энэ хуулиар нөхөн олговрыг нь бүрэн олгосны дараа үйл ажиллагааг нь зогсоож. тусгай зөвшөөрлийг нь цуцлах нөхцөл бүрдэх учиртай. Ингэж төр засгийн зүгээс геологи хайгуулын бизнес эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон боловч ул суурьтай авч хэлэлцээгүй хуулийн балгаар баялаг бүтээгчдийнхээ эрх ашгийг хөсөрдүүлсээр байна.

IV. Үүний уршгаар бизнес эрхлэгчдийг туйлдуулан хүнд байдалд оруулж, энэ салбар дахь ажлын байр эрс багассанаар олон мянган ажилчдын цалин орлого байхгүй болж ард түмний амьдрал доройтоход хүргэсэн.

Энэхүү санал зөвлөмжийг өнгөрсөн хугацаанд хийсэн бодит судалгааны үр дүн болон улс орны эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр Та бүхэнд чухалчлан хүргүүлж байна. “Урт нэртэй” гэгдэх энэ хуулийг хэрэгжүүлэх дараах 2 арга зам байгааг улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой гэж тодотгосон энэ салбарт ажиллаж буй мэргэжлийн холбоодын зүгээс дэвшүүлж байна.

Нэгдүгээрт:

1. Юуны өмнө дараах зүйлийг УИХ-аар хэлэлцэхдээ онцгой анхаарч шийдвэр гаргах хэрэгтэй байна. Үүнд:

I Аливаа хууль цаг хугацааны хувьд эргэж буцаж үйлчилдэггүй харин батлагдсанаасаа хойш тодорхой хугацаанаас эхлэн үйлчилдэг зарчмыг баримтлах.

II. Энэ хууль “стратегийн” гэгдэх ордуудад хамаардаггүй нь төр оролцсон бол байгаль орчноо хамгаалах нь “дараагийн” асуудал, харин хувийн хэвшлийнхэнд бол “хатуу” хандана гэсэн гажууд ойлголтыг бий болгодог.

Гэтэл геологи хайгуулын салбарт ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн секторын хөрөнгө оруулалтын үр дүнд тухайн ашигт малтмалын нөөцөд   түшиглэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд түүхий эдийн чухал бааз суурь болох томоохон хэмжээний ордуудыг шинээр нээж илрүүлснийг доорхи тоо баримтад үндэслэн дурдвал:

Одоогийн байдлаар нийт 1577 Хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа

Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 1577 Хайгуулын тусгай зөвшөөрөл байгаагийн 789 нь энэ хуулийн үйлчлэлд хамрагджээ. Гэтэл эдгээр 789 Хайгуулын тусгай зөвшөөрлүүд дотроос зөвхөн геологийн эрэл, хайгуулын ажил (ГХА)-д тусгай зөвшөөрөл тус бүрд 1 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө мөнгө зарцуулсан, 2013 оны байдлаар МУ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-өөр нөөцөө хэлэлцүүлж Улсын ашигт малтмалын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлчихсэн.одоо зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авах нөхцөл бүрдсэн боловч “урт нэртэй” хуулиас шалтгаалан гацаанд ороод байгаа нийт 46 Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ордууд байна. Үүнд, тухайлбал ган, төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд болох төмрийн хүдрийн ордууд, хром, молибден, нүүрс, алт, холимог металлын ордууд байгааг дурдаж болно.

Тэгэхээр улс орны эдийн засгийн өнөөгийн үед эдгээр ордуудыг аж ахуй, эдийн засгийн эргэлтэнд нэн даруй оруулах нь хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

 III.  Иймд, дараах Үндсэн хоёр шалгуур нөхцlийг хангасан Ашиглалтын ба Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг ялгаварлахгуйгээр тухайн лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үргэлжпүүлэн явуулахсанал зөвлөмжийг дэвшүүлж байна. Үүнд:

  1. Улс орны эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой хангахад чухал хувь нэмрээ оруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн хамт улсын төсөвт оруулах татварын орлогыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой, ялангуяа тухайн чиглэлийн ашигт малтмалд тулгуурласан аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд цаашид түүхий эдийн чухал бааз суурь болох;
  2. Геологи хайгуулын ажлын үр дүнд дээрх макро түвшний шалгуур нөхцлүүдийг хангах ашигт малтмалын орд нээж илрүүлэн томоохон хэмжээний нөөц тогтоогдож түүнийгээ МУ-ын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэн МУ-ын эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлийн санд бүртгүүлсэн, Хайгуулаар тогтоогдсон нөөцийн хэмжээ ба үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хангалттай хүрэлцэх;

IV. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа бас нэг чухал асуудал нь нөхөн төлбөрийн асуудал юм. Зохих нөхөн төлбөрийг олгохгүйгээр энэ хууль хэрэгжих нөхцөл бүрдэхгүй.

Тэгвэл нөхөн төлбөр олгох эх үүсвэр хаанаас гарах вэ? Улсын төсөвт ийм мөнгө суугаагүй. Шударгаар татвараа төлөгчдийн мөнгөөр энэхүү эрсдэлтэй бизнест "шатсан” хэн нэгний мөнгийг нөхөн олгох хэрэг үү. Ийм хардлага байгааг үгүйсгэхгүй дахиад бодит тоо баримтад тулгуурлая, МУ-ын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл (ЭБМЗ)-өөр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын үр дүн болох Нөөцийн тайлангаа өнөөдрийг хүртэл хэлэлцүүлээгүй байгаа бол ямар нэг ашигт малтмалын орд олж нээж илрүүлж чадаагүй байх магадлал өндөр. Дээр дурдсан 789 хайгуулын тусгай зөвшөөрлөөс 2013 оны байдлаар зөвхөн 160 нь ЭБМЗ-өөр нөөцийн тайлан үр дүнгээ хэлэлцүүлсэн байна.

Нөгөө талаар. “нөхөн төлбөр” гэдэг ойлголтыг бизнес эрхлэгчдийн энгийн зарчимд ниицүүлэх шаардлага тулгарна. Үүнд, тухайн хөрөнгө оруулагчийн зөвхөн гаргасан зардлаас гадна түүнд мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ болсон хүү тооцохын зэрэгцээ тухайн олж илрүүлсэн ашигт малтмалын ордыг ашиглахаас олох байсан орлогыг мөн тооцож нөхөн төлбөр олгох учиртай, Аливаа бизнесийн зарчим ийм л байдаг. Энэ “урт нэртэй” хуулийг гарахаас өмнө тусгай зөвшөөрөл олгосон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс ийм л “тоглоомын дүрэм” бүхий хууль үйлчилж байсан. МУ-ын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд аливаа хохирлыг барагдуулахдаа учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Нэмж хэлэхэд, геологийн эрэл, хайгуул нь уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай харьцуулахад түүний байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө нь харьцангуй бага байдаг. Энэ утгаараа Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд оногдуулах тухайн байгаль орчныг үнэлэх үнэлгээ ба эрэл, хайгуул хийхэд өртөгдсөн газрыг нөхөн сэргээх зардлын дүн нь бага гарна.

Тэгэхээр энэхүү хуульд заасан нөхөн төлбөрийн асуудалд манай улсын өнөөгийн санхүү, эдийн засгийн байдалтай уялдуулан нухацтай авч хэлэлцэх, ингэснээр улсын төсөвт “урт нэрт”-ийн дарамтыг учруулахгүй байх учиртай.

V. МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан хориг бүхий “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай” хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэх тухай яригдаж байна. Энэ хууль нь (а) тухайн үед бий болоод байсан “лицензийн далд наймаа"-г арилгахад үүргээ гүйцэтгэсэн, (б) ялангуяа улсын хэмжээнд геологийн эрэл хайгуул болон судалгааны ажлуудыг төрийн бодлоготой уялдуулан үе шат дараалалтай явуулах үүднээс хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхлэх гэж байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиудад заасан бусад холбогдох норм стандартуудыг чанд мөрдүүлэн тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөц бодсон хэсэгт хамрагдах модыг шилжүүлэн суулгах,  шинээр тарьж ургуулах зэргээр дүйцүүлэн нөхөн сэргээсний үндсэн дээр хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм

Гэхдээ эдгээр шинээр олгогдох тусгай зөвшөөрөл нь эрэл, хайгуулын ажил хийх цоо шинэ талбайнууд болох юм. Тодруулбал, хүссэн газар болгоноос орд олддоггүй маш том эрсдэлтэй бизнес нь геологи хайгуул.Тэгвэл, хайгуул хийх талбайг улсаас шинээр гаргаж өгөх нь сайн хэрэг боловч улсаас ажил хийх тусгай зөвшөөрлийг нь нэгэнт олгочихсон, тэр эрхийнхээ дагуу бизнес эрхлэгчид нь эрсдэлээ үүрээд хөрөнгө мөнгөө оруулаад хамгийн гол нь ашигт малтмалын орд нээж илрүүлэн томоохон хэмжээний нөөц тогтоож түүнийгээ МУ-ын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцүүлж МУ- ын эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлийн санд бүртгүүлсэн боловч зөвхөн "урт нэртэй” хуулиас шалтгаалаад гацаанд орчихоод байгаа тэдгээр хайгуулын талбайнууд бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалмаар байна!

VI. Энэ хуулийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх хил хязгаарын хувьд “хуудуутай, маргаантай’’ асуудал бий. Модтой газар модгүй, модгүй газар модтой, устай газар усгүй, усгүй газар устай гээд зурчихсан тохиолдлуудыг тоочиж болно. Үүний үр дагавар нь нэг нь завшина, нөгөө нь хохирно. Асуудлын гол нь ерөөсөө энэ хуулийг хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдсэн үү гэдэгт байна!

Хоёрдугаарт;

2. Энэ хуулийн хэрэгжилтийг зөвхөн дан ганц дагаж мөрдөх журмаар зохицуулах бус харин илүү өргөн хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад холбогдох хууль тогтоомжуудтай уялдуулан цогц байдлаар авч үзэх нь зүйтэй юм. Үүний тулд Ашигт малтмалын тухай (АМТ) хуульд дараах нэмэлт өөрчлөлтийг цаг алдалгүй оруулж, УИХ-аар хэлэлцэн батлах хэрэгтэй байна. Үүнд:

I.       2012  оны 5 сарын 17-ны өдөр УИХ-аас Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиуд батлагдан гарсан. Эдгээр багц хуулиудад заасан байгалийн баялгийг үнэлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдох норм стандартуудтай уялдуулан “Уурхайн Хаалт” ба “Уурхайн Нөхөн Сэргээлт” гэсэн тодорхой, бие даасан бүлэг зүйл бүхий заалтуудыг АМТ хуулиндулам нарийвчлан сайжруулж тусгах хэрэгтэй  байна.

Ингэснээр энэ чиглэлийн хуулиудын хоорондын уялдаа холбоо муутай байгаа байдлаас гаргаж АМТ хуульд нэгтгэн оруулж өгснөөр төрийн зүгээс тухайн салбарын яам нь хариуцлага тооцдог, энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүд нь үүрэг хариуцлагаа хүлээдэг эзэнтэй болж, хууль илүү ойлгомжтой бөгөөд зөв үйлчилдэг тогтолцоонд шилжих юм.

Дашрамд хэлэхэд,МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс санаачлан, нийт ард түмнээр хэлэлцүүлсэн АМТ хуулийн төсөлд “Уурхайн Хаалт” ба “Уурхайн Нөхөн Сэргээлт” талаар тодорхой зааж оруулсан байдаг.

II. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлд (“техникийн” нөхөн сэргээлтээс гадна) тухайн уйл ажиллагаанд өртөгдсөн биологийн олон янз байдлыг өөр газарт “дүйцүүлэн нөхөн хамгаалах" тухай ойлголт бүхий заалт бий. Тухайлбал, “Ойн тухай” хуулийн 5 дугаар зүйлд ойн санг хамгаалалт ба ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач’ холбогдлыг нь харгалзан Хамгаалалтын болон Ашиглалтын бүсийн гэж ангилсан байдаг. Мөн хуулийн 30 дугаар зүйлд ойг нөхөн сэргээх, үржүүлэх тухай заасан байдаг. Ийнхүү Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиудад заасан бусад холбогдох норм стандартуудыг чанд мөрдүүлэн тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөц бодсон хэсэгт хамрагдах модыг шилжүүлэн суулгах,  шинээр тарьж ургуулах зэргээр дүйцүүлэн нөхөн сэргээсний үндсэн дээр хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой юм.

Ш. Одоогийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог тогтолцоог өөрчлөх.

Ингэснээр аливаа ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг анхнаас нь олгохдоо эхлээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-г үндэслэн улмаар тухайн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийг хийх хөрөнгө санхүүгийн баталгааг үүрэг болгон тодорхой зааж өгдөг тогтолцоонд нэн даруй шилжих шаардлагатай байна. Уул уурхай хөгжсөн олон улсын жишиг ч ийм байдаг.

Гэтэл манай улсад эхлээд Ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоод дараа нь 60 хоногийн дотор ТЭЗҮндэслэлээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-өөр хэлэлцүүлж батлуулдаг, харин хамгийн сүүлд нь БОННҮнэлгээг Ашигт малтмалын газар (АМГ)-т хүргүүлдэг ийм тогтолцоотой байхад байгаль орчныг хамгаалах талаар ярих нь учир дутагдалтай.

Эцэст нь, Төрийн бодлого юуны өмнө ард иргэдээ, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ бодох учиртай, тэгж байж улс орны эдийг засгийг эрчимжүүлэх, геологи хайгуул, уул уурхайн үйлдэрлэл ба байгаль экологийн тэнцвэртэй хөгжлийг хангах болно. Г азар хөндөхгүй уул уурхай гэж байхгүй, гагцхүү уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийг чанд мөрдөж ажилладаг нь геологи хайгуул, уул уурхайн хөгжсөн олон улсын практик жишиг, Үүнд л энэ хуулийг цаашид зөв зүйтэй хэрэгжүүлэхийн учир оршино.

Та Бүхнийг гүнээ хүндэтгэсэн

 МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

МОНГОЛЫН ӨРӨМДЛӨГИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН АЛТ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО