Г.Баярсайхан: Төмөр замын асуудлыг Улсын Их Хурал шийднэ
“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай ярилцахаар УИХ-ын Байгаль орчин, Хүнс Хөдөө Аж Ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан уригдан оролцлоо.
- Тэгэхээр УИХ дээр нэг асуудал нэлээд маргаан дагуулах нь. Гэхдээ энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2008 оноос хойш өнөөг хүртэл улс төрчид болон үе үеийн Засгийн газрын гишүүдийн хооронд маргаан үүсгэж байсан асуудал юм. Өргөн, нарийн төмөр замын асуудал. Бид шинэ төмөр зам барих гээд олон жил ярилаа. Өнөөдөр овоолсон шорооноос өөр юу ч үгүй сууж байна. Энэ асуудлыг ер нь хэрхэн, яаж шийдэх ёстой вэ, энэ асуудал яагаад улс төржөөд байна?
Монгол улсын Хөгжлийн нэг тулгуур нь уул уурхай болон МАА, хөдөө аж ахуйн салбар юм. Ийм хоёр том хөлтэй байгаа. Тэгэхээр уул уурхайн салбараа хөгжүүлэхийн тулд төмөр замгүйгээр төсөөлөхийн аргагүй. Байгаль Орчин, Хүнс, Хөдөө, Аж Ахуйн Байнгын хорооны даргын хувьд байгаль орчинд хамгийн ээлтэй дэд бүтэц нь өөрөө төмөр зам юм.
Их хэмжээний нүүрс тээвэрлэх боломж, өндөр үнэтэй байх үеийн боломжийг алдсан.
Монгол улсын их хурлаас “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Энд өмнийн говьд байгаа том уурхайнуудаас өмнийн хил хүртэл төмөр замаар ачаагаа тээвэрлэнэ гээд тодорхойлчихсон. Мөн хойд хөрш рүүгээ төмөр зам зам тавивал төмөр замаар ачаагаа тээвэрлэнэ. Гэхдээ тухайн үед нь үе шатаар бид ямар царигын төмөр зам тавих вэ гэдгээ Монгол улсын их хурлаар оруулах бодлогыг баталсан.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар бид олон боломж, бололцоог алдлаа. Нүүрсний үнэ, коксны үнэ өндөр байх үед нь бид авто замаараа тээвэрлэсэн. Их хэмжээний нүүрс тээвэрлэх боломж, өндөр үнэтэй байх үеийн боломжийг алдсан. Гэхдээ бидэнд боломж, бололцоо байгаа. Үүнийгээ ашиглаад одоо царигаа шийдэх зайлшгүй шаардлагатай. Царигаа шийдэхэд /хувь гишүүний хувьд ярихад/ өмнөдийн хил рүү бид том том уурхайнуудаасаа нарийн царигаа тавья. Энэ бол зайлшгүй ойлгомжтой эдийн засгийн асуудал. Асуудлыг геополитик гэж харахад өрөөсгөл зүйл юм.
XX зуунд марксизм, ленинизм, политиконом гэж ярьдаг байсан. Үүнтэй адил бид төмөр замыг зөвхөн эдийн засгийн үүднээс харах зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр өмнөд хөрш маань төмөр замаар танк ачаад ороод ирэх, өмнөд хөршийн ашиг сонирхол явж байгаа учраас төмөр замаа хамгаалж, төмөр замаа хамгаалахын тулд урд хөршийн цэрэг хөдлөх ч магад гэсэн янз бүрийн ач холбогдол багатай, харамсмаар зүйлүүд яригдаад байна. Тэгэхээр өмнөд хөрш бол манай улсын эдийн засгийн хамгийн том түнш.
Байгаль орчинд хамгийн ээлтэй дэд бүтэц нь өөрөө төмөр зам
Эдийн засгийн эргэлтээ сайжруулахын тулд өмнөд хөрштэйгөө нарийн царигаар харилцах зайлшгүй шаардлагатай. Бид Монгол улсын их хурал дээр нарийн царигын шийдвэрийг гаргах нь зөв зүйтэй байх гэсэн бодолтой байгаа. Гэхдээ бид хуурай эх газрын улс гүрэн. Далайд гарц байхгүй. Ийм орнууд өөрсдийн эрх ашгаа эдэлдэг конвенцитой байдаг. Монголчууд бид өөрсдийн нүүрсийг эх далайд буюу Хятадын далайн боомтууд руу хүргэх сонирхол байгаа. Бидний эрх ашгийг өмнөд хөрш зайлшгүй бодолцох ёстой.
Бид 10, 20, 30 жил юм уу, эсвэл 50 жилд нарийн коридор гаргаад Хятадын нутаг руу өөрсдийн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх зайлшгүй шаардлага байгаа. Тээвэрлэхдээ мэдээж Хятадын дотоодын үнийн тариф, НҮБ-ын конвенцын дагуу бид эрхээ эдлээд явах ёстой. Өмнөд хөрш маань бидэнд тэрхүү боломж, бололцоог олгох байх гэсэн найдлага бий. Хэрэв ямар ч боломж, бололцоо олгохгүй бол бид заавал нарийн царигаар гээд зүтгээд байх шаардлага бий юу гэдэг асуудал байгаа.