“Монгол толгой-Силикон хаус”-ын нээлт боллоо
“Монгол толгой-Силикон хаус”-ын нээлт боллоо
2014.05.11

“Монгол толгой-Силикон хаус”-ын нээлт боллоо

Пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30” минут уулзалт Мэдээллийн технологийн үндэсний паркт боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр Мэдээллийн технологийн үндэсний парк өнөөдрөөс “Монгол толгой-Силикон хаус” нэртэй, монгол толгой, оюун ухааныг дэлхийд гаргах, дэлхийн түвшинд үнэлүүлж, өрсөлдөх боломж бүрдүүлсэн газар боллоо” гэж хэллээ. Мөн “Оюутолгой, Тавантолгойн орд газар, баялгийн тухай ярихын зэрэгцээ монгол толгой, монгол ухааныг ярьж, үнэлэх цаг ирлээ” гэсэн юм.

“Монгол толгой-Силикон хаус”-т орчин үеийн шийдэл бүхий системийн лабораториуд, номын сан, сургалтын төв байгуулж ашиглалтад оруулсан нь манай залуус барууны жишигт нийцэхүйц орчинд сурч боловсрохын зэрэгцээ судалгаа шинжилгээ, туршилтын загвар бүтээж мэдээллийн технологийн салбарт үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Монголын мэдлэг, чадвартай залуучууд энд цуглаж мэдээллийн технологийн салбарт өрсөлдөх, шинэ программ хангамж хийх, түүнээ хөгжүүлэх, улмаар дэлхийн зах зээлд гарах эхлэлийг тавилаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Оюуны бүтээмж, өндөр цалинтай ажлын байр, дэлхийн стандартын Е-бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой

Оюуны бүтээмж, өндөр цалинтай ажлын байр, дэлхийн стандартын Е-бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт бидний өмнө байна. Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Силикон хаус” төслийг амжилттай хэрэгжүүлж, монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр мэргэжлийн лаборатори, орчин нөхцөлд шинэ санаа, загвараа туршин бүтээгдэхүүн болгох боломжийг бүрдүүллээ гэж Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ дурьдлаа.

Ерөнхий сайдыг “Монгол толгой-Силикон хаус”-ын систем хөгжүүлэлтийн лабораторитой танилцах үеэр төрийн шагналт эрдэмтэн Н.Нацагням бүтээлээ танилцууллаа. Тэрбээр Цахилгаан станцуудын захиалгаар станцыг 24 цагийн турш тасралтгүй хянах тархи хийж байна. Ийм программын үнэ дэлхийд 600 сая төгтөгөөс эхэлдэг бөгөөд эх орондоо 150 сая төгрөгөөр хийж өгч байгаа ажээ.

Монгол толгой-Силикон хаус”

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны захиалгаар амьтдын ертөнцийг харуулсан 3D хүүхэлдэйн кино бүтээж байгаагаа залуус мөн танилцууллаа. Энэчлэн компьютер графикт суурилсан дизайн, анимэйшн, клип, телевиз, уран зураг, дуу хөгжим зэрэг олон зүйлийг урлан бүтээж, амилуулах боломж компьютер вишн лабораторид бүрджээ.

“Силикон хаус” нь орчин үеийн мэдээллийн технологи манай улсад эрчимтэй хөгжих суурь, хөгжлийг хурдасгах хүч, мэдээллийн технологийг хөгжүүлэхийг зорьж ажиллаж буй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, компаниудын хамтран ажиллах төв болно гэдэгт итгэж байна гэж “Монгол толгой-Силикон хаус”-ын захирал Ц.Түвшинтөр хэллээ