Г.Батхүү: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх бололцоог нээж өгөх ёстой
Хэвлэл мэдээллийн байгууллага хөрөнгө оруулагч, эздийн эрх ашгийн төлөө үйлчилж байна гэдэг дээр судлаачид санал нэгддэг. Эздийн эрх чөлөө нь бүтэн, харин сэтгүүлчид нь хагас эрх чөлөө эдэлж байх өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд редакцийн хараат бус байдал гэсэн ойлголтыг хэвлэлийнхэн олон жил ярьж байгаа. Эзэд, редакцийн хараат бус байдал гэдгийг хэрхэн ойлгож хүлээж авч байгааг зарим хэвлэл мэдээллийн байгууллагын эздээс тодрууллаа.
Монгол улсад 1993 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрөөр нийгмийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцын хараат бус байдал хэр хангагдаж байна вэ? Нэг талаасаа телевиз, сонин, сайт зэргийг бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ашигладаг. Нөгөө талдаа хэн нэгэн улс төрчийн хувийн компанит ажлын сурталчилгааны нэг хэрэгсэл нь хэвлэл мэдээллийн байгууллага болсон.
Энэ байгууллага өөрөө эрүүл байх, цаашдаа олон хүн тэр телевизийг үздэг байх ёстой
УИХ-ын гишүүн Г.Батхүү: “NTV телевиз, Time.mn гэхээр намайг гэж ойлгодог. Үүний цаана мэдээж хөрөнгө оруулагчид байгаа. Би тэнд ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ өөрийнхөө дүүгээрээ дамжуулаад оролцох боломж бололцоо байгаа хэдий ч тэр хэвлэл мэдээллийг өөртөө болон хэн нэгэнд тохирсон байдлаар ашиглая гэдэг зарчмыг барьдаггүй. Би тэр байгууллагын хүмүүст ч хэлдэг. Энэ байгууллага өөрөө эрүүл байх, цаашдаа олон хүн тэр телевизийг үздэг байх, хэвлэл өөрөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх бололцоог нээж өгөх ёстой.”
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төр өөрийн эзэмшилтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй. Төрийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэлийн бодлогод хяналт тавихыг хориглосон байдаг.