Б.Ууганбаяр: Мэдээллийн технологийн суурь системтэй болох хэрэгтэй
Интерактив компаний ерөнхий захирал Б.Ууганбаяр
2014.04.03

Б.Ууганбаяр: Мэдээллийн технологийн суурь системтэй болох хэрэгтэй

Интерактив компаний ерөнхий захирал Б.Ууганбаяртай ярилцлаа.

- Таны бодлоор төр, мэдээллийн технологийн компаниуд ямар зарчмаар хамтран ажиллах ёстой вэ?

Төр эзэмшигч гэхээсээ илүү захиалагч, түрээслэгч байх ёстой гэдгийг аль аль талдаа ойлгоод эхэллээ. Өөрөөр хэлбэл хувийн компаниудын бүтээсэн мэдээллийн системийг түрээслэнэ гэсэн үг. Ингэвэл зардлын хувьд ч, системийн тогтвортой хөгжлийн хувьд ч илүү ашигтай бөгөөд төрөөс мэдээллийн технологийн бизнесийг хөгжүүлэхэд оруулах том дэмжлэг болно. Энэхүү зарчмаар ажиллавал зүгээр зээл өгснөөс илүү үр дүнтэй, төрийн үйлчилгээ чанаржина, компаниуд маань ч чадавхжина.

- Одоогоор төрийн байгууллагуудад мэдээллийн технологийн олон төсөл хэрэгжиж байна. Гэхдээ энэ бүгдийг хооронд нь холбох суурь систем хэрэгтэй юм шиг?

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа нь суурь системийн бэлтгэл ажил хийгдэж байна гэсэн үг. Миний бодлоор төрийн үйлчилгээг нэг цэгээс авдаг байхаар зохион байгуулах хэрэгтэй. Одоо төрийн байгууллагууд дор дороо систем хийж байна. Гэхдээ төрийн ч бай, хувийн ч бай мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүмүүс үе үе цуглаж саналаа нэгтгэж нэгдсэн стандарт, арга зүйгээ гаргачих хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд зэргээр тус тусдаа системтэй байх нь утгагүй. Ер нь нэгдсэн бодлого, стандарт, арга зүй, төсөв, бүртгэлийг бий болгож платформ буюу суурь системтэй болох ёстой. Ядаж хаана ямар төслүүд хэрэгжиж байгааг бүртгээд олон нийтэд ил болгомоор байна.

Нэгдсэн бодлого, стандарт, арга зүй, төсөв, бүртгэлийг бий болгож платформ буюу суурь системтэй болох ёстой.
- Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байддын талаар ямар бодолтой байна вэ?

Үүнийг ч бас нэгдсэн бодлогын хүрээнд шийдэх хэрэгтэй. Байгууллага болгон тус тусдаа аюулгүй байдлын системтэй байна гэдэг зөвхөн өөрийгөө тойруулж хашаа хатгахаас ялгаагүй. Хэрэв аюулгүй байдлын нэгдсэн архитектуртай болчихвол Кибер аюулгүй байдлын газар гэсэн хариуцах байгууллага нь бэлэн байгаа.

- Хувийн компаниудын гаргасан сайхан санаануудыг төрийн зүгээс дэмжиж хэрэгжүүлэх ойлголт, хандлага ямар байна вэ?

Ийм тогтолцоо хараахан бүрдээгүй. Учир нь одоогоор төр өөрөө хэрэгцээ, шаардлагаа тодорхойлж төсөв зардлаа гаргаад явж байна. Гэхдээ нөгөө талаас компаниуд өөрсдөө санаачлагатай ажиллавал болохгүй гэх газаргүй. Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төслүүд гарч байгаа ч үүнийг төр санаачилсан. Харин хувийн компаниуд концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл санаачлахад тэрийг нь хүлээгээд авдаг тогтолцоо руу л явах хэрэгтэй.

- Танай компаний хувьд төрийн ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

Бид зургаан жил орчим Засгийн Газрын төслүүд дээр ажиллаж байна. Гэхдээ төрийн төсөл гэдэг хувийн компани гэнэтхэн орж ирээд хийчихдэг ажил биш. Учир нь дээр миний хэлснээр нэгдсэн стандарт, эрх зүйн тогтолцоонд суурилж компаниудыг оролцуулах нь чухал. Одоо бид шүүхийн шинэтгэлийн төсөл дээр ажиллаж байна. Ноднин цахим татварын системыг хийж ашиглалтад оруулсан. Төрийн байгууллагуудтай хамтарч ажиллахад нөгөө л нэгдсэн бодлого байхгүй зовлонтой тулгардаг.