Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.02.26

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас энэ жилийг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан

25-р телевизийн Тодруулга булангийн зочноор мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа оролцлоо.

2-р сарын 26-ны өдөр Монголын телевизүүд чуулна. Энэ чуулганд гадаад дотоодын төлөөлөл оролцон Монголын телевизийн салбарын хөгжил болон тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй ярилцах юм.

- Өмнө нь энэ төрлийн чуулга уулзалт байв уу? Зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?

Өмнө болж байсан эсэх мэдээлэл алга. Бидний хувьд энэ чуулга уулзалтыг Монголын телевизүүдийн холбоо, Монгол HD телевиз, Америкийн элчин сайдын яам, харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч зохион байгуулсан. Энэ чуулганы хамгийн гол зорилго нь өнөөдөр телевизийн  салбарт ямар нөхцөл байдал үүсээд байгаа. Өнөөдөр дэлхийн телевизийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа. Контент хөгжүүлэлт, энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой гэдэг талаар.

Мөн чуулганд оролцож байгаа төлөөлөгчид болох гадны контент үйлдвэрлэгчид ямар түвшинд явааг мэдэх үүгээр дамжуулан гадаад харилцаагаа хөгжүүлэх гэх мэт тулгамдаж байгаа гадаад болон дотоодын асуудлыг ярих гэж байгаагаараа чуулганы онцлог оршиж байгаа. Гэхдээ эцсийн дүндээ нэгэн зорилгын төлөө явж байгаа.

Тэр зорилгодоо яаж хүрэх, бидний зохицуулж байгаа эрх зүйн орчин ямар байгаа түүнийг хэрхэн шийдвэрлэх, шинээр гаргаж байгаа хууль эрх зүйн орчинд юуг тусгах гэх мэт ярих сэдэв олон байна. Нэг өдөр хангалтгүй боловч гол цэгээ олоод ярьж чадвал олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.

- Сүүлийн жилүүдэд телевизийн салбар нилээд хөгжиж байна. Өргөн нэвтрүүлэг болоод кабелийн телевизийн тухай хууль, эрх зүйн орчин хэр байна?

Үнэнийг хэлэхэд хууль байхгүй. Харилцаа холбооны тухай хууль, үндсэн хууль, эрүүгийн хууль болон бусад хуульд тусгагдсан телевизтэй холбоотой зүйл заалтууд энэ харилцааг зохицуулж байдаг. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас энэ жилийг эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан хэд хэдэн шинэ хуулийг эх барьж авах гэж байгаа.

Түүний нэг нь энэ салбарын тухай хууль юм. Нэрээ эцэслэн тогтоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэхэд хэцүү. Гэхдээ ямар ч байсан энэ хуулийн боловсруулалтыг хийгээд явж байна. Чуулганаас гарч ирсэн асуудлыг хуулийн гол гол хэсгүүдэд оруулахаар ажиллаж байна. Тиймээс манайхаас зохион байгуулалтын ажилд идэвхийлэн оролцож байгаа.

  Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....