Ц.Хүрэл-Очир: Эрүүгийн хууль кибер гэмт хэргийн асуудлыг зохицуулж чаддаггүй
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, докторант Ц.Хүрэл-Очир
2014.02.24

Ц.Хүрэл-Очир: Эрүүгийн хууль кибер гэмт хэргийн асуудлыг зохицуулж чаддаггүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, докторант Ц.Хүрэл-Очиртой ярилцлаа.

- Мэдээллийн аюулгүй байдал гэж чухам юу вэ?

XX зуунд хүн төрөлхтөний бүтээж бий болгосон шилдэг ололтын нэг болох “кибер ертөнц” цахим мэдээллийн цоо шинэ харилцаа, орчин, орон зайг бүрдүүлсэн бөгөөд танин мэдэх үйл явцад бидний зарцуулдаг цаг хугацаа, орон зайн тухай уламжлалт ойлголтыг халсан юм.

“Кибер ертөнц” мэдээллийг түгээх, дамжуулах, олж авах, ашиглах, солилцох орон зайн үүрэг гүйцэтгэхээс гадна бизнес, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан, боловсрол зэрэг нийгмийн олон талт харилцааг агуулсан өргөн сонголттой, ашиглахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн, газар нутаг, орон зайн алслалтаас хамааралгүй, эрх зүйн зохицуулалтын өргөн агуулга бүхий үйл ажиллагааны талбар болж хувирлаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6-д “Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гэж тодорхойлсон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4-д үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт мэдээллийн аюулгүй байдлыг хамааруулсан байна.

Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологийг ашиглан үндэсний мэдээллийн нөөц баялаг, түүний эрх ашигт заналхийлэх аливаа халдлагаас хамгаалах асуудал өдгөө нэг үндэстний хэмжээнд бус, дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, уг асуудлыг эрх зүйгээр төрөлжүүлэн зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хослуулан хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

- Компьютерийн гэмт хэрэг бусад гэмт хэргээс юугаараа ялгаатай вэ?

Гэмт этгээдүүд (гэмт хэргийн бүлэглэл) мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж улс үндэстэн, хил хязгаар дамнасан гэмт халдлага, хууль бус үйл ажиллагаа эрчимтэй явуулах болсныг дэлхийн улс орнуудын шүүхийн практик, эх сурвалжууд баримтаар нотолж, хувь хүн, нийгэм, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур хүчин зүйлийн нэг гэж үзэх хандлага түгээмэл болов.

Кибер халдлагын золиос орнууд

Улс үндэстэн дамнасан, нотлох баримт цуглуулахад бэрхшээлтэй, технологийн өндөр нууцлалтай, материаллаг хохирлын хэмжээ үлэмж их гэмт этгээдийн “өвөрмөц” байдал зэрэг компьютерийн гэмт хэргийн шинж нь түүнийг бусад төрлийн гэмт хэргээс ялгах үндсэн онцлог болдог.

“Компьютерийн гэмт хэрэг”-ийг тодорхойлох асуудал судлаачдын дунд олон янзын үзэл бодол, хандлага бий болгож, маргаан мэтгэлцээн өрнүүлж буй бөгөөд уг гэмт хэргийн талаар нэгдсэн ойлголттой болох, тулгарч буй бэрхшээлийг зөв тодорхойлж, шийдвэрлэх арга зам боловсруулах, нэгдсэн системчлэл бүрдүүлэх боломжийг шинжээчдэд олгох нь хууль зүйн практикт чухал ач холбогдолтой.

Судлаачид “компьютерийн гэмт хэрэг”-ийг олон янзаар тодорхойлдог бөгөөд нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байна. Энэ нь “компьютерийн гэмт хэрэг” гэсэн нэр томъёог “компьютерийн мэдээллийн хүрээн дэх гэмт хэрэг”, “компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг”, “компьютер ашиглахтай холбоотой гэмт хэрэг” зэрэг олон янзаар нэрлэж байгаатай холбоотой юм.

Судлаачдын судалгааны үр дүн, “компьютерийн гэмт хэрэг”-тэй тэмцэж буй бусад улсын туршлагыг харгалзаж хууль зүйн онол, практикт ач холбогдолтой криминалистикийн “тусгай” аргачлал боловсруулах, хэрэгжүүлэх үүднээс авч үзвэл “компьютерийн гэмт хэрэг”-т компьютерийн мэдээлэл, түүний орчинд компьютерийн технологийг ашиглан үйлдсэн гэмт хэргийг хамааруулж үзэх нь зүйтэй. Энэ нь НҮБ-ын шинжээчдээс санал болгож буй жишиг зааварчилгатай нийцэх бөгөөд компьютерийн систем, түүний тусламжтай үйлдэгдэж болох; компьютерийн систем, сүлжээний орчинд гарч болох; компьютерийн систем, сүлжээний мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдэж болох бүх төрлийн гэмт хэрэгт хамаарна.

- Компьютерийн гэмт хэргийг ямар шалгуураар тодорхойлдог вэ?

Компьютерийн гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн ойлголт. Үүнийг компьютерийн мэдээлэл боловсруулах систем, түүний орчинд улс, нийгэм, иргэн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын эсрэг компьютерийн технологийг ашиглан үйлдсэн эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй) гэж үзэж болох юм.

Компьютерийн гэмт хэргийг криминологийн шинжээр нь эдийн засгийн, хувийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, нийгэм, улс орны ашиг сонирхлын эсрэг гэж ангилж болно.

Компьютерийн гэмт хэргийг зүйлчлэхэд хэд хэдэн онцлог шинжийг харгалзан үзэх шаардлагатай. Тэдгээрийн нэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал болно. Гэмт хэргийн объектив тал буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үр дагаварт хүргэсэн үйлдлийг практикт илрүүлэн нотлоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Энэ бэрхшээл нь компьютерийн систем, түүний процессийн нарийн түвэгтэй үйл ажиллагаа, үйлдэгдсэн гэмт хэргийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй шууд холбоотой. Ялангуяа болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн компьютерийн гэмт хэргийн хувьд дээрх бэрхшээл илүү тулгарна.

Европын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх Зөвлөл

Компьютерийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талыг зөв тогтоох явдал маш чухал. Хэрэв системийн администратор үйлдлийн дарааллыг өөрчилсний улмаас үйлдвэрийн дамжлага зогсож, ажил үйлчилгээ тасалдсан бол санаатай болон болгоомжгүй үйлдэл, эсхүл мэргэжлийн алдаа гаргасан зэрэг шалтгаан нөхцлийг тогтооход түвэгтэй. Төгс програм хангамж байхгүй нь уг этгээдийг буруугүйд тооцож болох, түүний үйлдлийг цагаатгах хууль зүйн нэг гарц байж болох юм. Гэхдээ дээрх үйлдлийн улмаас учирсан нийгмийн хор аюул, хохирлын хэр хэмжээгээр нь эрүүгийн, эсвэл захиргааны болон эрх зүйн бусад зөрчилд хамааруулах эсэхийг нарийн зааглаж өгөх нь онол, практикийн ач холбогдолтой.

Заримдаа компьютерийн гэмт хэргийн халдлагын зүйлийг тодорхойлоход нилээд түвэгтэй байдаг. Тухайлбал, аль нэг хэрэглэгчийн компьютерийн эсрэг чиглэсэн гэмт халдлага эцсийн үр дүндээ хоорондоо холбогдсон глобаль сүлжээ, түүний бүтцэд илүү их хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Компьютерийн гэмт хэргийн илрүүлэлтийн төвшин харьцангуй бага байдгийн нэг шалтгаан нь тухайн байгууллага гарсан гэмт үйлдлийг өөрийн хүчээр шийдвэрлэх гэж оролддог буруу зуршилтай холбоотой. Уг гэмт халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээ нь гэмт үйлдлийг мөрдөн шалгахын тулд сервер-компьютерийг тодорхой хугацаагаар хураах тохиолдолд гарах алдагдлаас бага байдагт асуудлын мөн чанар оршино. Мөн тухайн байгууллагын удирдлага ажил хэргийн нэр хүндээ алдах, шүүхийн процессийн явцад байгууллагын хамгаалалтын дотоод нууцлал задрах, зарим тохиолдолд өөрсдийнх нь хууль бус үйлдлүүд илэрч болзошгүй зэрэг олон хүчин зүйлээс болгоомжилдог.

- Дэлхийд ямар конвенциуд, хуулиуд байдаг вэ? Монгол улс нэгдсэн үү?

2001 оны 11-р сард АНУ, Канад, Япон, ӨАБНУ болон Европын 27 улс “кибер гэмт хэрэг”-тэй тэмцэх тухай Европын зөвлөлийн олон улсын конвенцид нэгдэн орсон бөгөөд энэ конвенцийн дагуу компьютерийн програм хангамж ”эвдэх”, түүнийг хууль бусаар хуулбарлах, Интернэтийн орчинд залилан мэхлэх, шашны эсрэг сурталчилгаа хийх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдээлэл түгээх, хүүхдийг садар самууныг сурталчлахад ашиглах зэрэг гэмт хэрэгтэй хамтран тэмцэх үүрэг хүлээсэн байна. Уг конвенцийн II бүлэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэмт хэргийн төрөл, хэлбэрийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

  1. Компьютерийн өгөгдөл, системийг хууль бусаар олж авах, түүний нэгдмэл, хүртээмжтэй байдал, нууцлалын эсрэг гэмт хэрэг, системийн ажиллагаанд санаатайгаар саад учруулах, компьютерийн техник, хэрэгслийг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг;
  2. Компьютерийг хууль бусаар ашиглах, компьютерийн тусламжтай хуурамч бичиг баримт бүрдүүлэх, компьютер ашиглаж залилан мэхлэхтэй холбоотой гэмт хэрэг;
  3. Өгөгдлийн агуулгатай холбоотой (хүүхдийн порнограф) материал бэлтгэх, байрлуулах (санал болгох), тараах, хүлээн авах, хадгалахтай холбоотой гэмт хэрэг;
  4. Зохиогчийн эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг зөрчсөн гэмт хэргийг багтаасан байна.

“Кибер гэмт хэрэг”-тэй тэмцэх Будапештийн конвенцид эдүгээ дэлхийн 51 улс нэгдэн орсон бөгөөд манай улсын хувьд хараахан нэгдэн ороогүй. Дэлхийн олон улс өөрийн улсын хууль тогтоомждоо энэхүү олон улсын эрх зүйн актын түгээмэл хэм хэмжээ, стандартыг тусгажээ.

НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн бусад байгууллагууд компьютерийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох чиглэлэээр олон улсын төвшинд хэрэгжүүлэх арга замыг ямагт эрэлхийлж, холбогдох хурал, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж ирсэн.

1995 оны 10-р сарын 4-10-нд хуралдсан Интерполын ерөнхий ассамблейн хуралдааны “Интерполын хүрээнд компьютерийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хууль сахиулах байгууллагуудын ажиллагааг чиглүүлэх ажлын зөвлөмж” , 1997 оны 7-р сарын 1-2-нд Английн Брамшил хотод хуралдсан “Их найм”-ын уулзалтын “Өндөр технологийн орчин дах гэмт хэрэг”-ийн тухай салбар хуралдааны баримт бичиг, 2005 оны 4-р сарын 18-25-нд Тайландын Бангкок хотод хуралдсан НҮБ-ын XI чуулганаас гаргасан “Компьютер ашиглахтай холбоотой гэмт хэргийн эсрэг авах арга хэмжээ” зэрэг баримт бичигт энэхүү шинэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах арга хэмжээ, харилцаа холбооны дамжуулах хэрэгсэл, компьютерийн системийн найдвартай хэрэглээг баталгаажуулсан стандарт, универсаль хэм хэмжээг боловсруулан гаргажээ.

- Монголын эрүүгийн хуулинд кибер гэмт хэрэгтэй холбоотой ямар заалтууд байдаг вэ? Шаардлага хангадаг уу?

Компьютерийн мэдээллийн эргэлтийн хүрээ гэмт халдлагын зүйл болсон нь энэ гэмт хэргийн онцлог үр дагавар. Үүнээс үндэслэн тэрхүү хүрээнд гарсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлан тогтоох шаардлага гарч ирсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж байгаа кибер орон зай дах нийгмийн харилцааг зохих төвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай.

Үндэсний хэмжээнд “кибер эрх зүйн” тогтолцоо бүрдээгүй, эрх зүйн зохицуулалтын механизм эхний шатандаа байна.

Эдүгээ дэлхийн олон улс орон кибер гэмт хэргийн тухай хууль тогтоомждоо шинээр тусгаж, үндэсний эрх зүйн хэм хэмжээг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж байна. Нөгөө талаас цөөнгүй улс оронд кибер гэмт хэргийн талаар тусгайлан зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох боломжгүй байсаар байна.

Кибер гэмт хэрэгт өргөн утгаараа компьютер, Интернэт ашиглан үйлдсэн гэмт хэрэг, мөн сүлжээнд холбогдоогүй боловч компьютер ашиглан үйлдсэн гэмт хэргийг хамааруулж болно. Кибер гэмт хэргийг Интернэтийн гэмт хэрэг, компьютерийн гэмт хэрэг, өндөр технологийн орчинд үйлдсэн гэмт хэрэг гэх зэрэг нэрлэх хандлага байна.

"Anonymous" нь дэлхийн томоохон хакеруудын бүлэглэлүүдийн нэг юм.

Интернэтийг ашиглаж зөвхөн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг төдийгүй бусад олон төрлийн гэмт хэрэг үйлдэх болов. Тухайлбал, хэн нэгний э-мэйл хаяг руу хууль бус мэдээлэл бүхий цахим шуудан явуулбал түүнийг эрх зүйн зөрчилд тооцох бодит нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.

Өдгөө хэлэлцэж байгаа гэмт хэргийн тухай хуулийн төсөлд шинэ тутам үйлдэгдэж буй гэмт хэрэг, тухайлбал, мэдээллийн аюулгүй байдал, түүнд халдсан зарим гэмт хэргийг ахин шинээр томьёолохоор тусгасан байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлэгсийн гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулах бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийлэл, албадлагын шинж чанартай гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах талаар тусгана гэж дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд дурджээ.

2001 онд Европын зөвлөл “Компьютерийн систем, сүлжээ, компьютерийн мэдээллийн сангийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлын эсрэг чиглэсэн үйлдэл, мөн дээрх систем, сүлжээ, мэдээллийг хууль бусаар ашиглах”-ыг таслан зогсоох зорилгоор кибер гэмт хэргийн тухай конвенцийг баталсан. Энэ төрлийн гэмт халдлагатай тэмцэхийн тулд уг конвенцийн оролцогч талууд тодорхой гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцох, кибер гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааны аргачлал, нэгдсэн зөвлөмж гаргах, энэ асуудалд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, анхаарал хандуулсан байна.

Кибер гэмт хэргийг нийтлэг байдлаар тодорхойлох нь “нийтлэг шинжтэй наад захын жишиг бий болгох” зорилготой (Кибер гэмт хэргийн тухай конвенцийг тайлбарласан илтгэл, 33 дах параграф).

Дэлхийн Эрүүгийн загвар хуулийн (ЭЗХ) 16 дах хэсгийн нэгдүгээр ангилалд багтах гэмт хэрэгт мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, хууль бусаар халдах, хөндлөнгөөс нэвтрэх, системд орох, тоног төхөөрөмжийг зүй бусаар ашиглах зэрэг үйлдэл багтаж байна.

ЭЗХ-ийн тусгай ангийн 5 дугаар бүлгийн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 117 дугаар зүйл (хүүхдийн порнограф), 118 дугаар зүйл (хүүхдийн порнографийг эзэмшилдээ байлгах) дээрх ангиллын гурав дах хэсэгт хамаарна.

Кибер гэмт хэргийн тухай конвенцийн тайлбар, илтгэлд дурдсан гол үзэл санаанд анхаарал хандуулахдаа үндэсний эрүүгийн хууль тогтоомжид кибер гэмт хэрэг, түүний талаар тусгайлсан агуулгыг анхаарах хэрэгтэй. Энэхүү илтгэлээр ЭЗХ-ийн тусгай ангийн 16 дугаар бүлэг дэх гэмт хэргүүдийг тусгайлан авч үзэж, холбогдох хэсгүүдэд анхаарал хандуулсан болно. Аль нэг улсын хууль тогтоогчид кибер гэмт хэргийн тухай хуулийг боловсруулахаар төлөвлөж байгаа бол эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах мэргэжилтнийг бэлтгэх, зайлшгүй тулгарч болох бэрхшээлийг урьдаас тооцож анхаарах ёстой. Учир нь энэхүү арга хэмжээ маш их хөрөнгө зардал шаардахаас гадна хүний нөөц, сургалтын хөтөлбөр, хөрөнгө мөнгө, техник, тоног төхөөрөмж зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх ёстой.

- Кибер гэмт хэрэг гэж юу вэ? Кибер гэмт хэрэг гэсэн ойлголт байна уу? Хэрэв байдаг бол “кибер гэмт хэрэг”, “гэмт хэрэг” хоёр ямар ялгаатай вэ?

Кибер гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх, түүнд ял оногдуулах хууль зүйн асуудлыг жичлэн авч үзсэн зүйл сүүлийн үед нэлээд гарах болов. Тухайлбал, компьютерийн гэмт хэрэг, компьютерийн арга хэрэгсэл ашиглан үйлдсэн гэмт хэрэг зэргийг нэрлэж болно. Гэвч энэ талаарх үзэл бодлын ихэнх нь манай нийгэмд гардаг дийлэнх шинэ үзэгдлийг ойлгож мэдэхийн нэгэн адил эхлэл төдий байна. Тухайлбал, кибер гэмт хэрэг гэж байдаг, тэдгээр нь эрх зүйн шинэ зохицуулалт, мөрдөн шалгах шинэ арга, техник бий болгож хөгжүүлэхийг шаарддаг, уламжлалт гэмт хэргээс ялгаатай гэж таамаглаж байна.

Кибер гэмт хэрэг бодитой байдаг эсэх нь энэ таамаглалд эргэлзэхэд хүргэж буй бөгөөд үүнд дүн шинжилгээ хийх нь нэн чухал. Кибер гэмт хэрэг нь өөр үзэгдэл мөн бол “уламжлалт” гэмт хэргээс материаллаг агуулгаараа ялгарах ёстой. Кибер гэмт хэрэг “уламжлалт” гэмт хэргээс хэрхэн ялгагдахыг тогтоох нь түүнийг бодитой оршдог эсэхийг тодорхойлох эхний алхам мөн. Хэрэв кибер гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн хооронд материаллаг ялгаа байдгийг нотолж чадвал кибер гэмт хэрэг үйлдэгдэх үед тийм ялгаа байна уу, үгүй юу гэдгийг тогтоож, дүн шинжилгээ хийх нь чухал юм. Хэрэв кибер гэмт хэрэг болон гэмт хэргийн хооронд ялгаа байдгийг нотолж чадахгүй бол энэхүү ойлголтууд хоёр өөр категори биш, харин кибер гэмт хэрэг нь өнөөг хүртэл оршиж ирсэн гэмт хэргүүдийн нэг хувилбар гэж үзэхэд хүрнэ.

 Кибер гэмт хэрэг болон “ердийн” гэмт хэргийн хоорондын ялгааг тогтоох гэж оролдохоос өмнө эхлээд тэдний төсөөтэй талыг тогтоох нь чухал. Энэ нь тэдний хооронд байж болох ялгааг тодорхойлоход тусална. Тэдний төсөөтэй талыг гаргаж ирэх замаар чухамхүү ялгааг илэрхийлдэг асуудлаас “хөндийрч”, шууд нотолж чадахгүй байгаа төсөөтэй зүйлүүдтэй холбогдсон асуудлыг судлахад анхаарал хандуулах нь зүйтэй.

Манай улсад өдөрт 30-100 мянган кибер довтолгоо ирдэг.

Кибер болон “ердийн” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үр дагавар дагалдах учраас аль алинд нь (тухайлбал, “кибер гэмт хэрэг” гэсэн ерөнхий категори болон “гэмт хэрэг” гэсэн ерөнхий категори) эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн шинжийг баримтлах зарчмыг дагаж мөрдөнө. Уламжлалт гэмт хэрэгт хүлээлгэдэг зарчмаас ялгаатай, кибер гэмт хэрэгт зориулсан эрүүгийн хариуцлагын тусгай категори бий болоогүй байсан ч энэ зарчмыг мөрдөх нь зайлшгүй.

 Хэрэв кибер болон “ердийн” гэмт хэргийн аль аль нь эдгээр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс бүрддэг юм бол тэдэнд байж болох ялгаа нь тодорхой гэмт хэрэг болон кибер гэмт хэрэг үйлдэгдэхэд эдгээр шинж бүгд эсвэл зарим нь байна уу гэдгээр тодорхойлогдох учиртай. Оюун санааны байдал гэсэн хоёр дах шинжид хамаарах материаллаг ялгааг таамаглах боломжгүй юм. Аль ч гэмт хэргийг нэг, түүнээс дээш тооны этгээд үйлдэх нь тодорхой. Энэ хоёр категорид гэм буруугийн ялгаатай байдлыг тогтоох үндэслэл харагдахгүй байгаа учраас тэдний хоорондын чухал ялгаанаас энэ шинжийг хасч болно.

Гэмт хэргийн дээрх категори тус бүрт хамаарах зөрчилд хэрэглэсэн зан үйл, үйлдэхтэй холбогдсон нөхцөл байдал, үйлдсэнээс гарах үр дагавар буюу хор хохирол нь энэ хоёр гэмт хэргийн ялгаатай шинж гэсэн эхний таамаглал дэвшүүлж болох юм. Энэ таамаглалд үндэслэсэн ялгааг эрүүгийн хоёр категорийн хоорондын эмпирик зөрөлдөөнөөс гаргаж болох бөгөөд тэдгээрийг үйлдэх газрууд өөр өөр байдаг.

Уламжлалт гэж нэрлэж заншсан гэмт хэргийг бодит ертөнцөд буюу “физик бодит байдал”-д үйлддэг. Эдгээр гэмт хэргийн үйлдэл, үйлдэхтэй холбогдсон нөхцөл байдал, үйлдсэнээс учрах хор хохирол нийтийн эзэмшил болох гудамж, хувийн орон байр зэрэг бодит газарт гардаг. Гэмт хэргийн тухай одоо үйлчилж байгаа хууль нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, бусдын өмчийг зөвшөөрөлгүй авах зэрэг бодит хохирол бүхий зан үйлд хариуцлага, санкци (торгууль, хорих ял г.м) оногдуулахад чиглэдэг. Үндсэндээ орчин үеийн эрүүгийн эрх зүй гадаад физик ертөнцөд үйлдсэн зарим зан үйл (үйлдэл буюу үйлдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй)-д хариуцлага хүлээлгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн, зохисгүй бодол санаа зэрэг бодит бус зан үйлд хариуцлага хүлээлгэх үзлээс татгалзсан билээ.

Кибер орон зай физик ертөнцийн хажууд байдаг боловч түүнээс тусдаа орших үйл ажиллагааны талбар юм. Энэ нь физик ертөнц биш, харин үзэл бодлын бодит байдал, “хийсвэр ертөнц” юм. Иймээс эрүүгийн эрх зүйн өнөөгийн зарчмууд кибер орон зайн өвөрмөц давуу талыг ашиглан үйлддэг гэмт хэрэгт хэрэглэхэд тохирох уу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ хоёр категори тус бүрт хамаарах гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зан үйл, үйлдэхтэй холбогдсон нөхцөл байдал, үйлдсэнээс учрах хор хохиролтой холбоотой кибер гэмт хэрэг болон гэмт хэргийн хооронд материаллаг ялгаа байхгүйгээр ийм үл тохирох байдал оршиж чадахгүй.

Хэрэв кибер орон зай нь уламжлалт гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэдэг ердийн орон зай буюу арга хэрэгсэл мөн бол кибер гэмт хэрэг гэсэн тусгайлсан нэр томъёо гаргах, түүнийг зохицуулахын тулд тусгай хууль тогтоомж гаргах биш, одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор түүнийг зохицуулахад хангалттай. Тухайлбал, бусдын амь насыг санаатай хөнөөсөн үйлдлийг ноцтой гэмт хэрэгт тооцсоор ирсэн. Хүн амины гэмт хэргийг үхэлд хүргэхэд ашигласан аргаас шалтгаалж олон төрөлд яллахаас илүүтэйгээр “homicide” буюу “хүн амины гэмт хэрэг” гэж ерөнхийлөн тодорхойлдог.

Өөрөөр хэлбэл, аргад нь үндэслэн гэмт хэргийн тусгай төрлийг бий болгодоггүй. Тухайлбал, “галт зэвсгээр үйлдсэн аллага”, “хордуулсан аллага”, “зодож алсан аллага”, “хутгалж үйлдсэн аллага” г.м. Бусдыг алахаар төлөвлөсөн зан үйлээс учирсан хор хохиролд бид анхаарлаа хандуулдаг бөгөөд тэрхүү хор хохирлыг агуулсан гэмт хэргийг тодорхойлдог.

“Кибер гэмт хэрэг” гэж нэрлэж байгаа компьютер болон кибер орон зайгаар үйлддэг гэмт хэрэг нь удаан жил оршиж ирсэн тодорхой арга хэрэглэдэг гэмт хэргээс тийм ч өөр зүйлийг илэрхийлэхгүй байж болох юм.

Санал, дүгнэлт

Дээр дурдсан хандлага, саналыг харгалзан үзэж, хууль зүйн онол практикт хэрэглэх нь компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг эрх зүйн хүрээнд хангах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон талт хөтөлбөр боловсруулахын тулд тодорхой асуудлуудыг үр нөлөөтэй шийдвэрлэх зарим боломжийг олгоно. Үүнд:

  1. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  2. Кибер гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхойлох шинж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд хариуцлага хүлээлгэх шалгуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах;
  3. Компьютер гэмт халдлагын зүйл болсон, эсвэл түүнийг хэрэгсэл болгож ашигласан гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргээс ялгаж зааглах;
  4. Компьютерийн гэмт хэрэгтэй холбогдолтой шүүхээр шийдвэрлэсэн хэргийг нэгтгэн судлах, дүн шинжилгээ хийх;
  5. Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийх;
  6. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх Европын конвенцид нэгдэн орох, олон улсын эрх зүйн түгээмэл стандарт, хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах;
  7. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хууль сахиулах байгуулагуудын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
  8. Өрнөдийн болон мэдээллийн технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг нарийвчлан судалж, мэргэшсэн кибер-мөрдөгчдийг бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг төрийн оролцоотой хэрэгжүүлэхийг мэдээлэл, харилцаа холбооны олон талт харилцаа зүй ёсоор шаардаж байна.