Ц.Түвшинтөр: Мэдээллийн технологийн компаниуд ажлын захиалга хайх бус шинийг санаачлагч байх хэрэгтэй
Монголын мэдээллийн технологийн үндэсний паркын ерөнхий захирал Ц.Түвшинтөртэй салбарын саад бэрхшээл, хөгжлийн гарцын талаар ярилцлаа.
-“Силикон хаус” гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгодог. Энэ юу болох, ямар ач холбогдолтойг та уншигчиддаа энгийн үгээр тайлбарлахгүй юу?
Би баруунд 10 гаруй жил амьдрахдаа долоон жил дэлхийн тэргүүлэх эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллах боломж олдсон юм. Уг хүрээлэн үүлэн тооцооллын чиглэлээр судалгаа хийдэг байсан. Барууны хүрээлэнгүүд манайхаас ялгаатай нь хурал дээрээ байгууллагын төлөвлөгөө ярьдаггүй.
Харин дэлхийн технологийн хөгжилд ямар хувь нэмэр оруулах талаар хэлэлцдэг байв. Олон арван эрдэмтэн цугласан хурал дээр өөрийн илтгэлийг тавьж, бусдынхыг сонсоод сууж байхад маш үнэ цэнэтэй мэдээллийг ойроос авч, өөрийгөө ямар азтай юм бэ гэж боддог байлаа. Тийм мэдээллийг гүүглээс хайгаад олдохгүй. Гүүглээс бүгдийг мэдэж болно гэдэг эндүүрэл. Тиймээс би энэхүү мэдээллийг монголчууд газар дээрээс нь авах арга замын тухай бодож эхэлсэн.
Мэдээллийн технологийн салбар инноваци буюу шинэлэг санаанууд дээр үндэслэн хөгждөг. Шинэ санаа, шийдлүүдийг амьдралд нэвтрүүлж түүгээрээ зах зээлээ бий болгодог салбар. Тиймээс бусдын гарыг харж, хаанаас захиалга ирэх бол гэж хүлээдгээ больж шинийг санаачлагч салбар болох ёстой.
Энэ эрхмүүд жижигхэн төслөөс бизнесээ эхэлж хожим хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг болсон системийг бүтээжээ.
Гэхдээ манайд шинийг сэдэхэд асуудал байна. Нэгдүгээрт орчин үеийн мэдлэг, мэдээллийг орчинд нь олж авах боломж муу. Хоёрдугаарт нийгмийн сэтгэхүй бэлэн биш. Шинэ санааг анхнаас нь бойжуулж арчилдаг. Гэтэл манайд хэн нэгэн шинэ санаа хэлвэл тэнгэрийн юм ярилаа гэж шүүмжилдэг. Ийм нөхцөлд ямар ч сайхан санаа оч авалгүй унтарна. Бий болсон санааг дэмждэг, хөрөнгө оруулдаг тогтолцоо нь алга.
Түүнчлэн оюуны өмчийн үнэлгээ, хамгаалал байхгүй. Энэ бүхэн технологи хөгжсөн орнуудад хэдийнэ бий болсон. Хэрэв бахь байдгаараа байвал ийм тогтолцоо 20, 30 жилийн дараа бий болно. Үүнийг хүлээхийн оронд хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрх зүйн тогтолцоо хөгжсөн газруудад өөрсдөө очоод хэрэгтэй мэдлэгээ эзэмшиж болно ш дээ.
Бас нэг асуудал бол хүний нөөц. Манай оюутнууд сайн гэж ярьдаг ч энэ нь харьцангуй ойлголт. Энгийн програм хангамжийг хийдэг нь олон ч нарийн технологи дээр ажиллах болохоор тэнцэх хүн байдаггүй. Учир нь оюутнуудад их дээд сургуулиудад заадаггүй, дадлага хийсэн үйлдвэрийн газрууд нь нарийн технологи ашигладаггүй.
Харин америкийн “цахиурын хөндийд” өөрсдийн боловсруулсан санаагаа аваад очвол хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд бүх асуудлаа шийдэж болно. Тэгэхээр компаниуд дундаас баг бүрдүүлээд бэлэн орчинд нь төслөө хэрэгжүүлээд буцаад ирвэл хамаагүй ашигтай. Ээлж ээлжээр очиж туршлагажиж мөнгөтэй болсон компаниуд монголдоо ирээд зах зээлээ хөгжүүлнэ. Бусад компаниудын хандлага, үйл ажиллагааг өөрчилж таарна. Энэ мэтээр 2-3 жилийн дотор дэлхийд өрсөлдөхүйц болох боломжтой.
Силикон хаусын санаа бол ердөө л энэ. Өөрөөр хэлбэл Силикон хаус нь мэдээллийн технологийг хөгжүүлэх гарц гэсэн үг.
- Хар үгээр хэлвэл силикон хаус бол орчин үеийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх цех гэж ойлгож болох нь.
Тэгж ойлгож болно. Монголд байгаа хүн сайхан санаа олохгүй байж болно. Харин Силикон хөндийд очсон хүнд өөрийн эрхгүй санаа төрж сэтгэж эхэлдэг. Баруунд бүх зүйл анхны алхмууд буюу “старт ап”-аас эхэлдэг. Тавхан хүнтэй старт ап компани 2-3 сая долларын хөрөнгийн эргэлттэй болж чаддаг. Манай мэдээллийн технологийн компаниуд хамтраад ийм хэмжээний хөрөнгөтэй болвол дотоодын зах зээл агшин зуур хөдөлгөөнд орж хөгжиж эхэлнэ. Хаа нэгтэйгээс өндөр зардлаар хөрөнгө босгохын оронд орчинд нь очоод чадварлаг хүний нөөцтэй болохын зэрэгцээ хөрөнгөтэй болох боломж бидэнд байна.
Мэдээллийн технологийг хөгжүүлэхэд ямар нэгэн компани байгуулах нь чухал бус, харин шинэ санаа гаргаж өндөр үнэлэмжтэй оюуны бүтээл хийх нь хамгийн гол зорилго.
- Силикон хаус бол мэдээллийн технологийг хөгжүүлэх гарцыг заасан сайхан санаа гэдэг нь тодорхой боллоо. Гэхдээ уг санаачлагыг ажил хэрэг болгож хөдөлгөх хүч хаанаас гарах ёстой вэ? Санааг унтраахгүйн тулд цаашид яах вэ?
Өөрийн чинь хэлээд буй тэр хүч Силикон хөндийд байна. Тэндхийн хөрөнгө оруулагчид биднийг төслөө танилцуулвал нэрийн хуудсаа солилцоод л хөрөнгө оруулахад бэлэн. Оюуны ажил хийхээс бусад ачааллыг та үүрэхгүй. Харин манайд байгууллагуудын хаалга сахисаар хамаг цагаа авчихдаг. Төр засгаас уян хатан нөхцөлтэй хөрөнгө оруулалтын сан байгуулах хэрэгтэй.
- Силикон хөндий рүү явчихсан хүн байна уу?
Одоогоор байхгүй. Гэхдээ чухал гэдгийг Ерөнхий сайд, Мэдээллийн технологийн үндэсний парк, Програм үйлдвэрлэгчдийн холбоо гээд аль аль талдаа ойлгож эхэлсэн нь нэг дэвшил юм. Өмнө нь энэ тухай боддоггүй байсан юм. Харин одоо цаашид энэ ажлыг яаж амжилттай авч явах вэ гэдгээ ярилцаж эхэллээ. Тэгэхээр бодит ажил болоод хэрэгжинэ гэж бодож байна.
- Манай програм хангамжийн зах зээлийн төлөвшил, компаниудын ойлголт хандлагын талаар та юу хэлэх вэ?
Бид програм бичээд бараг 20 жил боллоо. Манай вэб сайтууд цөөхөн хандалттай учраас хийсэн програмууд хэвийн ажиллаж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Хэрэв хэдэн арван сая хандалттай дэлхийн зах зээл дээр гарвал мэдлэг, стандартын шал өөр түвшинд ажиллах хэрэгтэй болно. Манай програмистууд дэлхийн түвшинд тэнцэхгүй унана.
- Тэгэхээр энэ асуудал тэднийг бэлтгэдэг боловсролын байгууллагуудтай холбоотой болж байна уу?
Холбоотой. Манай их дээд сургуулиудад голдуу компьютерын сүлжээ, программ хангамж, компьютерын инженер, компьютер график зэргээр дипломтой төгсгөдөг. Гэхдээ сургалтын хөтөлбөр нь ямар ч бодлогогүй явагддаг. Гадаадад сурч төгссөн багш нар нь өөрийн олж мэдсэн хоббийн шинжтэй зүйлээ заадаг.
Тэгэхээр чанартай мэргэжилтнүүд бэлтгэгдэж чаддаггүй. Онолын мэдээлэл зүй гэдэг хичээл огт заадаггүй нь үүний нэг илрэл. Онолын мэдээлэл зүй бусад мэдээллийн технологийн салбарын суурь болдог. Бид мэдээллийн технологийэ өнгөц хэсгээс олон юм сурсан учраас бүхнийг мэддэг, чаддаг юм шиг харагддаг ч технологийн нарийн шийдлийг хийж чаддаггүй. Мэдлэгийг жинхэнэ ёсоор нь эзэмшүүлэх хэрэгтэй. Хатуухан хэлэхэд манайхан мэдээллийн технологи гэж чухам юу болохыг мэдэхгүй.
- Манайхан лицензгүй програм ашиглах нь элбэг. Үүнийг яаж зохицуулах хэрэгтэй вэ? Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжлэвэл юунд хүргэх болох вэ?
Лицензгүй програмын ашиглалт санаачлага гаргаад бүтээгдэхүүн гаргаж буй компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлж, магадгүй дампууруулах аюулд ч хүргэж мэднэ. 2014 оныг эрх зүйн шинэчлэлийн жил болгосон учраас програм хангамж хэмээх оюуны энэхүү бүтээлийн хамгаалалт, чанар, баталгаа, үнэлгээ болон мэдээллийн технологийн аудит гэсэн чиглэлүүдээр олон ажлыг хийнэ. Энэ ажлын хүрээнд лицензгүй програм хэрэглэсэн хүнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой болно.
- Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ямар нэгэн хууль батлагдах уу?
Батлагдана. Эхнээсээ ажлын хэсгүүд байгуулагдлаа. Гэхдээ мэдээллийн технологийн оюуны өмчийн ойлголт төлөвшөөгүй байна. Програм хангамжийг патенчлах нь монголд төдийгүй дэлхийн хэмжээнд төвөгтэй асуудал. Компьютерын техник үйлдвэрлэл, эмбэддед системийн чиглэлд голлож зохицуулалт хийнэ.
- Эмбэддед систем гэдгийг тайлбарлахгүй юу?
Механик, электрон, компьютерын гэсэн гурван системын нийлбэрээс бүтсэн системыг хэлээд байгаа юм. Тухайлбал, тээврийн товчоон дээр байдаг хаалгыг гараар нээдэг бол механик систем. Хэрэв цахилгаан залгачихвал электрон систем нэмэгдэнэ. Харин тэр хаалга машин ойртоод ирэнгүүт дугаарыг нь таньж, өөрөө нээгддэг болчихвол компьютерын систем нэгдээд эмбэддед систем болно.
Үйлдвэрлэлийн процесс компьютерын технологийн хүчинд улам хялбаршиж байна. Тухайлбал Германд нэг цахилгаан станцид 10 хүрэхгүй хүн ажилладаг байна.
Уг системийг хөгжүүлнэ гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр асуудал. Эмбэддед систем чип дизайнаас эхлээд хавтангийн үйлдвэрлэл, нэмэлт төхөөрөмж, программ хангамж гэсэн доороосоо дээш чиглэсэн маш олон түвшинтэй. Монголын хувьд бүгдийг нэг зэрэг хийнэ гэвэл бүтэхгүй. Тэгэхээр хүний нөөц, хөрөнгийн бололцоогоо харгалзаж үзээд дарааллаа гаргах хэрэгтэй.
Манайхан гадныхны бэлтгэсэн эмбеддед системийн тоног төхөөрөмж, программ хангамжийг сайтар эзэмшсэний үндсэн дээр өөрсдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Хэрэв ингэж чадвал илүү нарийн зүйл хийх хүсэл хүмүүст төрж хожим чип дизайны түвшинд очих магадлалтай. Тэгэхээр бид дээрээсээ доошоо чиглэсэн замыг сонгосон гэсэн үг.
- Интернет орчны монгол агуулга буюу контентын чанар, хүртээмжийн талаар та юу хэлэх вэ?
Контентын хувьд бодлогын чанартай ажил хийгдэхгүй байна. Агрегатор буюу дамжуулагч, үйлдвэрлэгч, үүрэн операторуудын хоорондын харилцааг зохицуулах асуудал 2-3 жилийн өмнө яригдаж байгаад зогсчихсон. Нөгөө талдаа чанартай контент үйлдвэрлэх асуудал чухал. Дэлхийн жишгээр ямар контентууд илүү хөгжиж байгааг судлах хэрэгтэй. Гэхдээ эцсийн эцэст үйлдвэрлэгчдийн сэдэл, санаачлага бүхнийг шийддэг.
- Та баруунд ажиллаж байхдаа монголдоо ирээд юуг нэн түрүүнд өөрчилье гэж бодож байсан бэ?
Би хувийн хэвшилд ажиллаж байсан ч хийж бүтээх орчин нь бүрэлдээгүй байсан. Тэгэхээр бодлого боловсруулах үйл явцад оролцож үгүйлэгдээд буй тэр орчинг бий болгоё гэж шийдсэн. Одоо би үүнийг л хийхийг зорьж байна.
Манай парк 10 жил инкубаторын хөтөлбөрийг хэрэгжүүлж 50 орчим компанийг хөл дээр нь босголоо. Тухайлбал Интерактив, Болор толь, Biznetwork байна. Гэхдээ би Үндэсний технологийн паркийг удирдаж инкубаторыг эхлүүлэхдээ шал өөр том зорилго тавьсан. Эднээс том компаниуд бий болоосой гэж хүссэн. Компаниудыг сонингоос ашигтай санал, тендер хайхын оронд өөрсдөө санаагаа хэрэгжүүлээд Майкрософт, Ай Би Эм, Гүүгл шиг ажлын зарчимд шилжүүлэхийг зорьсон.
- Баруунд өндөр боловсрол эзэмшсэний дараа монголд энэ ажлыг хариуцаж санасан бодсоноо хэрэгжүүлэх явцад таньд ямар бэрхшээлүүд тулгарч байв?
Нэгдүгээрт хүмүүсийн мэдээллийн технологийн тухай ойлголт, хандлага шинэ санаа хэрэгжүүлэхэд саад болдог. Хоёрдугаарт гүйцэтгэх арга барил. Баруунд тавигддаг ажлын шаардлагад дассан хүн монголд ирэхээр орчиндоо уусч, мэдсэн сурсанаа мартчих гээд байдаг. Бусадтайгаа адил амьдар гэж зарим хүмүүс ятгадаг. Гэхдээ амьдрал үргэлж ирж яваа цаг байдаг учраас мэдлэгээ гээлгүй шинийг санаачилж манлайлагч байх хэрэгтэй.
- Гадаадад бий болсон технологийг тэр чигээр хуулалгүйгээр монгол хүнд зориулсан байдлаар үндэснийхээ хөрсөнд суулгах хэрэгтэй гэж зарим судлаачид үздэг. Харин та ямар бодолтой байна вэ?
Сайхан асуулт байна. Би өөрөө судлаач учраас асуудлын гол нь хаана байгааг юун түрүүнд эрэлхийлдэг. Энэ нь удаан хугацаа шаарддаг. Гаднаас хуулах нь буруу, зөв гэж маргахын оронд яг ямар асуудлыг шийдэхийг хүсч буйгаа эхлээд ойлгох хэрэгтэй. Тухайлбал, эмбэддед системийн хувьд манай салбарынхан хоёр янзын байр суурьтай. Нэг хэсэг нь монголын хүйтэн нөхцөлд тохирсон чип, хавтан үйлдвэрлэе гэж санал болгодог. Ингэх ямар ч шаардлага байхгүй. Үүний оронд хийдэг хүмүүст нь захиалаад хийлгэчихэж болно ш дээ.
Монголчууд голдуу хэдэн талд хуваагдчихаад маргалдахаас хэтэрдэггүй. Юмхнаар юм хийж сурмаар байна.