МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа
2014.02.10

Нийт Facebook хэрэглэгчдийн 70 хувь нь 18-34 насныхан байна

Facebook хэрэглэгчдийн дийлэнх хувийг 18-34 насныхан эзэлж байна. Гол хандалт нь мэдээлэл авах түгээхээс илүүтэй хүмүүс хоорондын харилцаа болохыг хэрэглэгчдийн зүгээс хэлж байна.

2013 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсаас Facebook-д 609 мянган иргэн бүртгэлтэй байжээ. Энэ нь хүн амын 22 хувийг эзэлж байсан бол өнөөгийн хэрэглэгчдийн тоо 13 хувиар өсч нийт хүн амын 35 хувь нь Facebook ашиглаж байна.

МТШХХ-ны газрын дарга Ц.Жадамбаа "Өдөр ирэх тусам Facebook хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгаа. Энэ дунд идэвхитэй хэрэглэгчийн тоог аваад үзэхэд нийт хэрэглэгчийн 70 хувь нь 18-34 насныхан байгаа. Энэ бол интернетэд Монгол улс нэвтэрч орсоноос хойш гарч байгаа үзүүлэлтээр өсөлт нь их хурдацтай явж байгаа" хэмээн хэллээ.

Дэлхий нийтэд Facebook хэрэглэгчийн тоо 2011 оноос буурч эхэлжээ. Тэр дундаа өсвөр насныхны хэрэглээ буурсан байна. Харин манай улсад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Facebook хуудсыг хэрэглэгчийн тоо огцом өссөн дүн статистикаас харагдаж байна.