Х.Баттөгс: Оюутнууд бодит орчинд шалгагдсан мэдлэгтэй байж чадварлаг мэргэжилтэн болно
"Хас" банкны мэдээлэл технологийн газрын дарга Х.Баттөгс
2014.02.15

Х.Баттөгс: Оюутнууд бодит орчинд шалгагдсан мэдлэгтэй байж чадварлаг мэргэжилтэн болно

Хас банкны мэдээлэл технологийн газрын дарга Х.Баттөгстэй ярилцлаа. Тэрээр АНУ-ын Microsoft компанид ажиллаж байсан бөгөөд жилийн өмнө эх орондоо иржээ.

- Барууны мэдээллийн технологийн компаниуд ямар зарчмаар ажилладаг вэ? Монголын компаниудаас юугаараа ялгаатай вэ?

Миний ажиллаж байсан Америкийн компаниуд төсөл боловсруулахаас эхлээд бүтээгдэхүүн нийлүүлэх хүртэл бүх үе шатыг өөрсдөө хариуцаж хэрэглэгчийн эрх ашиг, хэрэгцээг зуун хувь хангах зорилготой ажилладаг. Харин монголд ирээд том байгууллагын мэдээллийн технологийг хариуцаж байгаа ч хэрэглэгчийн хувиар ажиллаж байна. Нуурын нөгөө талд гарлаа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголд ажиллаж буй хүн мэдээллийн технологийн өндөр боловсролтой ч жинхэнэ үйлдвэрлэгч болж чадахгүй, зөвхөн хэрэглэгч л байх болно. Манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тодорхой хэмжээний мэдлэгтэй ч хэрэгжүүлэх дэд бүтэц нь бүрэн төлөвшөөгүй. Баруунаас ялгаатай нь манайд хөгжүүлэлтийн том компани алга.

Америкт мэдээллийн технологийн бүтээгдэхүүний гүйцэтгэлийн чадварыг байнга шалгадаг тогтолцоо байдаг. Өөрөөр хэлбэл програм хангамжийн бүтээгдэхүүнүүд стандартын нэг шаардлагад нийцэж, нэг голдрилоор ажилладаг. Монголын хувьд олон тийш салаалсан горхи шиг байдаг учраас тодорхой чиглэл тогтоох боломжгүй. Суурь буюу платформ (platform) систем гэж байдаг. Тухайлбал майкрософт компани энгийн програмуудаас илүү суурь системийн бүтээгдэхүүн гаргадаг. Хамгийн тод жишээ нь Виндовс үйлдлийн систем. Харин Монголын мэдээллийн технологийн салбарт хөрс болсон суурь систем алга. Хэрэглэгчид ашиглаад өөрийн бүтээгдэхүүнийг гаргадаг програм байхгүй. Тиймээс сүүлийн үед системийн интеграцичлалын тухай их ярьдаг боллоо.

- Монголд одоогоор платформын чиглэлээр ажилладаг компани бий юу?

Одоохондоо алга. Тус тусдаа өөрсдийн машинаа хийдэг. Гэхдээ платформ хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлсэн.

- Манайд мэдээллийн технологийн салбарт хувь хүний оюуны бүтээлийн үнэлэмжийг бий болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Мэдээллийн технологи хөгжсөн орнуудад тухайн хүн шинэ санаа олоод төсөл гаргасан тохиолдолд патент олгож хэзээ ч алдагдашгүй оюуны өмч болгодог. Гарсан санааг нэг хөрөнгө оруулагч шүүрч аваад санхүүжүүлэхэд бусад нь дагадаг. Монголын нөхцөлд эрх зүйн тогтолцоо нь байхгүй учраас хөрөнгө оруулагчид үр дүн нь мэдэгдэхгүй төсөлд хөрөнгө оруулж эрсдэхээс болгоомжилдог. Түүнчлэн тухайн санааг өөр хүн ашиглавал хохирол барагдуулах баталгаа байхгүй.

- Мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтнийг яаж бэлдэх ёстой гэж бодож байна вэ?

Юун түрүүнд боловсролын байгууллага хувийн хэвшилтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Мэдээллийн технологийн мэргэжилтэн болох хүн оюутан байхаасаа компаниудад зориулж бүтээгдэхүүн хийж эхэлдэг. Хийсэн бүтээгдэхүүн нь ашигтай байвал авч ашигладаг, төгсөөд ажлын байр нь хүлээж байдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Барууны жишгээр  бол шинэ мэдлэг, шинэ санаа өвөрлөсөн төгсөгчид компаниудын цусыг сэлбэдэг. Оюутнууд лабораторийн ажил түлхүү хийж бодит орчинд шалгагдсан мэдлэг эзэмшсэнээр чадварлаг мэргэжилтэн болох учиртай.

- Манай веб сайтууд халдлагад өртсөн тухай яриа их гардаг.

Програм хангамжийн аюулгүй байдлыг бүтээгдэхүүн нэвтрүүлсэн цагаас эхлээд тасралтгүй сайжруулж явдаг. Санал аваад, тестээр шалгаад орхиж болохгүй. Тиймээс антивирусын компаниуд өмнө нь компьютерийн вирус хийж байсан хакеруудыг авч ажиллуулж програмаа байнга шинэчилдэг. Түүнчлэн кибер халдлагын аргачлал жил ирэх тутам нарийсдаг.

Хүн болгонд зориулсан вирусын програм боловсруулахад хэцүү байдгаас олон нийтийн сүлжээнүүд хамгаалалт сул. Тухайлбал facebook байнгын халдлагад өртдөг.

- Та Майкрософт компанид ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ?

Майкрософт компанид 3000 гаруй инженер ажилладаг. Би Windows XP-ийн төсөл дээр ажиллаж байсан.

- Монголд аутсорсингийн үйлчилгээ хөгжүүлэх боломж бий юу?

Скандинав, Балтийн тэнгисийн орнуудын адилаар Монголд аутсорсинг буюу интернет бизнесийн үйлчилгээг хөгжүүлвэл боломжтой гэдгийг олж харсан. Хоёр гүрний дунд хавчигдсан, биет бүтээгдэхүүн зөөхөд тээврийн зардал их гардаг манай орны хувьд аутсорсинг маш тохиромжтой. Гэвч манайд дотогшоо чиглэсэн аутсорсингийн урсгал байгаа ч бусдад санал болгосон үйлчилгээг олж харахгүй байна. Япон, Европын орнууд руу чиглэсэн цөөн тооны аутсорсингийн компаниуд байсан ч 2008 оны эдийн засгийн хямралын улмаас зах зээлээс гарсан.

- Ямар салбарын ажлыг хамгийн түрүүнд технологийн аргаар хялбарчлах хэрэгтэй вэ?

Юун түрүүнд төрийн байгууллагуудыг олон бичиг цааснаас салгах хэрэгтэй. Эрх баригчид ч ойлгож эхэлж байна. Мэдээж холбогдох хуулиудыг өөрчилнө. Түүнчлэн компаниудад энэ ажлыг даалгахдаа аль нэгэнд давуу эрхийг өгч болохгүй. Цаашдаа төлбөр тооцоо, худалдан авалт, гаалийн шалган нэвтрүүлэх гээд бүх үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж  хүмүүс зөвхөн карт,  гар утсаар ажлаа амжуулдаг болох байх.

- Монгол хэрэглэгчдэд зориулсан гар утасны хавсрага програм буюу апллекэйшн гаргаж ашиг олох зах зээлийн боломж бий юу?

Апплекэйшныг зүгээр нэг нэвтрүүлээд зогсохгүй байнга тордож хөрөнгө зарцуулах шаардлагатай болдог. Апплекэйшн үйлдвэрлэдэг компаниуд програм нь хаана ч ажиллаж байсан тухайн компаний сурталчилгаа дагалдаж байхаар зохиодог. Манайд апплекэйнш хөгжүүлэх маркетинг төлөвшөөгүй. Тухайлбал олон тооны салбарууддаа зориулж програм худалдаж авсан сүлжээ дэлгүүр тухайн компаний рекламыг үнэгүй хийгээд өгчихдөг.

- Гадаадад мэдээллийн технологиор өндөр мэдлэг эзэмшсэн хүн монголд ирэхээрээ үнэгүйддэг гэсэн яриа байдаг. Та энэ талаар юу бодож байна?

Өндөр мэдлэгтэй байсан ч багаа бүрдүүлж чадахгүй бол явахгүй. Манайд багийн менежмент сайн хөгжөөгүй нь үүнтэй холбоотой болов уу. Түүнээс гадна эрх зүйн орчин дутмаг учраас тухайн хүний оюуны бүтээл үнэгүйддэг.