Ж.Бат-Эрдэнэ: 4G технологи ухаалаг төрийн мэдээллийн дэд бүтцийг бий болгоно
С1 телевизийн "VIP тодруулга" ярилцлага; "Монголын Цахилгаан Холбоо" ХК-ны захирал Ж.Бат-Эрдэнэ оролцлоо.
-“ Монголын Цахилгаан Холбоо” компани хэмээх айлын амьдрал ямар байна?
Манай компани харилцаа холбооны салбарын ууган компани. Он цагийн хувьд Монгол Улсын хөгжлийн түүхтэй нас чацуу. Олон арван жилийн туршид үе үеийн шинэ технологиудыг ашигласаар ирсэн арвин туршлагатай компани. Өнөөдөр иргэдэд дөрвөн чиглэлээр үйлчилгээ хүргэж байна. Нэгдүгээрт суурин утасны үйлчилгээ. Гол төлөв өрхийн болон байгууллагын хэрэглэгчдэд үйлчилдэг. Хоёрдугаарт нийслэл, орон нутагт өндөр хурдны интернетийн үйлчилгээг хүргэдэг. Интернетийн үйлчилгээ сүүлийн хоёр жилд хурдацтай тархсан. Гуравдугаарт 10 орчим аймагт кабелийн телевизийн үйлчилгээ хүргэдэг бөгөөд орон нутагт олон хэрэглэгчтэй. Энэ онд кабелийн телевизийн өргөтгөлийг хийж тоон технологит шилжүүлэхээр томоохон төслийг хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээрт 1109 дугаараар лавлах үйлчилгээ үзүүлдэг.
- Хамгийн сүүлд гаргасан ямар шинэлэг үйлчилгээ байна вэ?
Интернетийн технологид тулгуурласан үйлчилгээг түлхүү хүргэж байна. Ялангуяа олон үйлчилгээг зэрэг хүргэх технологид шилжих ажлаа хийж байна. Түүнчлэн интернетийн үйлчилгээг орон нутагт өргөн тархацтай хүргэж үнэ тарифыг багасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд засгийн газартай хамтарч ажиллалаа. Энэ ажлын хүрээнд хоёр зүйлийг хийлээ. Өмнө нь 128 МгБ-ийн үйлчилгээг 20 мянгаар хүргэдэг байсан бол 300 МгБ болгож үнийг нь 16 мянга хүртэл буулгасан. Харин энэ онд доод талын хэмжээг 512 МгБ болгож, үнээ хэвээр нь байлгана.
-“ Монголын Цахилгаан Холбоо”, Солонгосын “Кореа телеком” компаний хамтын ажиллагааны талаар ярихгүй юу?
1995 онд “КТ” корпораци, Засгийн Газрын хооронд анхны гэрээ байгуулагдсан. 2006 онд бүтцийн өөрчлөлтийн гэрээг байгуулсан. Харин өнгөрсөн онд бизнесийн шинэ чиглэл тогтоож Монголын Засгийн Газар, Монголын Цахилгаан Холбоо компани, түүний хувьцааны 40 хувийг эзэмшдэг “КТ” корпораци санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн зорилго нь нэгдүгээрт Монголд 4G үйлчилгээнд суурилсан бөөний урсгалын сүлжээг байгуулах судалгааны ажлыг хамтарч хийх, хоёрдугаарт судалгааны эерэг үр дүн гарвал хамтдаа төсөл хэрэгжүүлэх явдал. Судалгааны ажил өнгөрсөн 12 сард дууссан.
- Төслийн явц аль шатандаа явж байна вэ?
2014 оны нэгдүгээр сарын 15 нд Мэдээллийн технологийн "Эрх зүйн шинэчлэл" арга хэмжээ боллоо
Монголын харилцаа холбооны зах зээл, тоног төхөөрөмж, хүргэж буй үйлчилгээний чанар зэргийг судалсан. Өөрөөр хэлбэл 4G үйлчилгээ нэвтрүүлэхэд ашигтай юу үгүй юу гэдгийг тодорхойлсон.
Дараагийн шатанд Засгийн газар, КТ корпораци болон гурван талын ямар гэрээнүүд хийгдэх ёстой, хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар ямар техник, технологи оруулж ирэх вэ гэдгээ шийднэ. Одоогийн байдлаар судалгааны үр дүнгээ Засгийн Газарт танилцуулсан. Гэхдээ зөвхөн Монголын Цахилгаан Холбоо компанид ашигтай байна гэсэн үг биш. Монголын эдийн засаг, хэрэглэгчдэд ашигтай гэсэн үг. Бид Засгийн газраас чиглэл хүлээж байна. Бичиг баримт, цаасны ажлаа энэ оны долоон сар гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Хэрэв тэгвэл хоёр жилийн дотор нийслэл, аймгийн төвүүдийг 4G үйлчилгээнд холбоно гэж бодож байна.
Судалгаагаар Монголд 4G үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигтай нь батлагдсан.
- Энэ систем нэвтэрснээр юу өөрчлөгдөж, хэрэглэгчдэд ямар давуу талууд бий болох вэ?
Бид 3G үйлчилгээг ашиглаад дөрвөн жилийн нүүр үзлээ. Гэсэн хэдий ч энэ систем маань төдийлөн газар авахгүй байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн 13 хувь ашигладаг гэсэн судалгаа байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт: Операторууд хангалттай түвшинд 3G-г ашиглаж чадсангүй. Хоёрдугаарт: 3G-гийн өөрийнх нь хэрэглэгчдийг татах чадамж муу байна.
Түүнчлэн дэлхийн хандлагыг харахад зах зээл нь хумигдаж, улс орнууд 4G-д шилжиж эхэллээ. Хурдны хувьд 4G нь 3G – гээс тав дахин илүү. Тухайлбал: 3G-гээр таван гегабайт хэмжээтэй файлыг 5-7 цагийн хугацаанд татдаг бол, 4G-г ашигласнаар 5-7 минут зарцуулна. Түүнээс гадна сүлжээний маш бага зурвасаар их хэмжээний мэдээллийг дамжуулах боломжтой. Тэгэхээр Монголд хязгаарлагдмал баялаг болсон давтамжаа хэмнэнэ гэсэн үг.
Үүнийгээ дагаад мэдээллийн салбарт бизнесийн орон зай тэлэгдэнэ. 4G технологийн бас нэг давуу тал бол их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар, агаараар ч тэр түргэн хугацаанд ижил хурдаар дамжуулахад оршиж байгаа юм. 4G технологийг гар утас, компьютер гээд бүх техник хэрэгслүүдэд ашиглаж болно.
Гэр хорооллыг интернетжүүлэх гэж бид олон жил зүтгэсэн ч үр дүнд хүрээгүй. Гэтэл дэлхийн туршлагаас харахад төвөөс алслагдсан хорооллууд болон орон нутгийн суурингуудыг интернет сүлжээнд холбох ганцхан арга нь 4G технологи байдаг. Дэвшилтэд технологи гэдэг нийгмийн амьдралын олон асуудлыг шийдэж чаддаг.
- 4G үйлчилгээ Монголын цахим засаглалд юу өгөх вэ?
Үүнтэй холбож судалгааг хийгээгүй л дээ. Гэхдээ ухаалаг төрийн нэгэн хэсэг бол технологийн шинэчлэл. 4G үйлчилгээ өөрөө мэдээллийг ил болгох, хурдтай дамжуулах, солилцох зэрэг ухаалаг төрийн дэд бүтцийг бий болгоно.
- Интернетэд холбогдоогүй хичнээн сум, суурин байна вэ?
Интернетийг орон нутагт хүргэхдээ сансрын технологи буюу VSAT технологийг ашигладаг бөгөөд энэ нь өртөг өндөртэйн зэрэгцээ үйлчилгээний хүссэн багтаамжийг хүргэж чаддаггүй.
Энэ онд орон нутагт 10 мянган интернетийн шинэ хэрэглэгч бий болно гэсэн төлөв харагдаж байна. Монголын Цахилгаан Холбоо компаний интернетийн бодлого орон нутаг руу чиглэдэг. Учир нь манай компани нийгмийн хариуцлагаа ухамсарладаг цорын ганц компани болж үлдсэн. Нөгөө талдаа орон нутагт интернетийн үйлчилгээгээр өрсөлдөх боломж хомсдож байна. Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт үйлчилгээ голдуу аналог систем буюу зэсэн кабелийн систем дээр суурилдаг. Харин өрсөлдөгчид шилэн кабелиар гурван төрлийн үйлчилгээ хүргэж байна. Тиймээс бид олон төрлийн үйлчилгээг хүргэх технологийн судалгааг хийж байна.
- Орон нутагт кабелийн телевизийн үйл ажиллагаа ямар байна вэ?
Амжилттай явж буй бизнесийн нэг. Гэхдээ тоон технологид түргэн шилжих хэрэгтэй. Учир нь Монголын Засгийн Газрын бодлогод 2015 он гэхэд Монголын өргөн нэвтрүүлэг тоон технологид шилжинэ гээд заачихсан. Түүнчлэн энэ ондоо багтаагаад орон нутагт тоон технологид шилжүүлэхдээ гурвалсан үйлчилгээнд зэрэг шилжүүлэх бодолтой байна.
- Тоон технологийн ач холбогдол юу вэ?
Олон талаар ач тустай. Харилцаа холбооны зах зээлийн нөөц нь агаарын давтамж. Тоон технологи давтамжийг маш хэмнэлттэй ашигладаг. Түүнчлэн давтамжийн нарийн зурвас дээр олон төрлийн үйлчилгээг хүргэх боломжтой. Бас нэг давуу тал нь телевизийн дуу, дүрсний чанарыг эрс сайжруулна.