Телевизүүдээр гарч буй реклам, сурталчилгаа контент дуу, дүрсний шаардлага хангахгүй байна
“Монголын телевизүүдийн чуулган”
2014.02.27

Телевизүүдээр гарч буй реклам, сурталчилгаа контент дуу, дүрсний шаардлага хангахгүй байна

Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага сэдвийн дор “Монголын телевизүүдийн чуулган” өчигдөр эхэллээ.

Манай улсад анх удаагаа болж буй энэ форумд олон улсын нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох “Warner Bros”, “Walt Disney”, “Sony”, “Bomanbridge”, “IMG”, “ITV”, “Endemol” зэрэг компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, туршлагаасаа хуваалцан Монголын телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж байна. Гадаадын томоохон контент үйлдвэрлэгчид  оролцож буй тус чуулганы үр дүнд Монголын телевизүүд гадаад харилцаагаа хөгжүүлж, дэлхийд тэргүүлж буй шилдэг контентуудыг авах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Энэ үеэр гадаадын контент үйлдвэрлэгчид манай телевизүүдээр гарч буй реклам, сурталчилгаа контент дуу, дүрсний наад захын шаардлага хангахгүй байгааг дурдаад, Монголын телевизүүд мөнгө гаргах дургүй гэдгийг нь шүүмжилсэн.

Телевизүүдийн рейтингийн судалгаа

Учир нь, албан ёсны контент үйлдвэрлэгчээс худалдаж авбал, тухайн контентийг хэрэглэх зохиол хүртэл дагалддаг учраас өндөр шаардлага хангасан байдаг аж. Гэтэл манай телевизүүдээр гарч байгаа гадаад нэвтрүүлгүүдийн 90 хувь нь хууль бус буюу албан ёсны зөвшөөрөлгүй байдаг.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Телевизүүд бидний мэдлээс хэтэрсэн олон болж, утгаа алдсан. Гэсэн ч тэднийг хаах, цөөлөх нь бидний ажил биш” гэсэн байр суурийг илэрхийлэв. Үнэхээр ч хамгийн сүүлд гаргасан тоогоор Монголд 285 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үүгээр гурван сая хүрэхгүй шахам хүн амтай Монгол Улс нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16216 хүн тутамд нэг телевизийн суваг ногдож байгаа судалгаа ч гарчээ.