Хамгийн ирээдүйтэй хэрнээ хамгийн өсөлтгүй салбар
Мэдээллийн технологийн салбарынхан "Эрх зүйн шинэчлэл" арга хэмжээг Төрйин ордонд зохион байгуулав.
2014.04.02

Хамгийн ирээдүйтэй хэрнээ хамгийн өсөлтгүй салбар

Мэдээллийн технологи нь бусад салбартай харьцуулахад зорилгодоо хамгийн бага зардлаар хүрэх, хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд нөхөх, дотоод нөөц бололцоогоо хамгийн үр ашигтай дайчлах боломжийг олгодог. Гэвч энэ салбар Монголд зах зээлийн утгаараа бүрэн хөгжөөгүй.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, компаний удирдлагууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдаас ярилцлага авч, санал бодлыг нь сонсч www.vip76.mn сайт дээр “Мэдээллийн технологийн хөгжил” онлайн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт нийт 15 эксперт оролцож санал бодлоо илэрхийллээ. Тэдний үзэж буйгаар мэдээллийн технологийн хөгжилд дорвитой ахиц гарахгүй байгаа нь дараах хэд хэдэн шалтгаантай.

Монгол улсад оюуны өмчийг үнэлэх тогтолцоо байхгүй учраас програм хангамжийг үйлдвэрлэл гэж үзэх соёл, хандлага төлөвшөөгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгний гаргасан шинэ санааг бусад нь хулгайлахад хуулийн хүрээнд асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс компаниуд хамтарч ажиллах дургүй, жижиг баг бүрдүүлэн өөр өөрийн мөрийг хөөдөг болохоор мэдээллийн технологийн зах зээл тэлдэггүй байна.

Мэдээллийн технологийн компаниудад тулгардаг хамгийн нийтлэг бэрхшээл нь хөрөнгийн эх үүсвэр. Банкнаас зээл авах боломж бага, гаргасан санааг дэмжиж санхүүжүүлэх хүмүүс цөөхөн, төслөөс төслийн хооронд амь зуудаг учраас компаниуд далайцтай ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлж чаддаггүй.

2013 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 3,5 сая гар утас, 165 000 бүртгэлтэй интернет хэрэглэгч байна гэсэн тооцоо гарчээ.

Мэдээллийн технологид төрийн бодлогын түвшинд шийдэх ёстой өөр нэг асуудал бол боловсон хүчин. Өнөөдөр их, дээд сургуулиуд дэлхийн мэдээллийн технологид гарсан хамгийн сүүлийн үеийн ололтыг эзэмшсэн, өндөр чадвар, мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлдэж чадахгүй байгааг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс онцоллоо.

Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдал тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Учир нь мэдээллийг эрсдэлгүй дамжуулах нь үндэсний аюулгүй байдлын бодлогын нэг хэсэг байдаг. Өнөөдөр Монголын сайтуудаас мэдээлэл алдагдахад амархан. Төрийн байгууллагууд ч сайтаа захиалахдаа энэ тал дээр тусгай санхүүжилт гаргадаггүй нь төрийн мэдээллийн санг улам эрсдэлд оруулдаг.

Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг мэргэжилтнүүд үндсэн хоёр ангилалд авч үзэв. Нэгдүгээрт мэдээллийн технологиор үйл ажиллагаа явуулдаг компаниуд бэлэн төслийн захиалга хүлээлгүй, өөрсдөө шинэ содон санаа гаргаж, санаачлагатай ажиллах.

Хоёрдугаарт төрийн зохицуулалт. Шаардлагатай хуулиудыг баталж эрх зүйн орчныг нь сайжруулвал мэдээллийн технологид гарч буй харилцааны төвөгтэй асуудлыг шийдэх боломжтой. Түүнчлэн чадварлаг боловсон хүчнийг бэлдэхийн тулд их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл практик ажлыг түлхүү хийлгэж, мэргэжилтнүүдийг оюутан байх цагаас нь жижиг төслүүд дээр ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

Хэдийгээр нийтлэг бэрхшээл олон байгаа ч төрийн зүгээс хэрэгжүүлж буй зарим ажлыг дурдах хэрэгтэй. Тухайлбал төрийн үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 179 төрийн үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөө гарчээ. Түүнчлэн 2014 оныг мэдээллийн технологийн эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласан нь энэ салбарт ажилладаг хүмүүсийн дунд нааштай хүлээлт үүсгээд байна.