Ц.Жадамбаа: Мэдээллийн технологид суурилан төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн шуурхай хүргэнэ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.04.04

Ц.Жадамбаа: Мэдээллийн технологид суурилан төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн шуурхай хүргэнэ

“Ийгл ньюс” телевиз, ийгл.мн вэб сайт болон, ньюс агентлаг, Өглөөний сонинтой хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян”-ыг эхлүүлсэн. Энэ хүрээнд манай ийгл.мн вэб сайт болон бусад хамтран ажиллагч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд төрийн агентлагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж буй. Тэгвэл бид энэхүү аяны хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрыг онцолж, тус газрын дарга Ц.Жадамбатай ярилцлаа.

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллав. Мэдээллийн технологи, интернэт, харилцаа холбоо нь иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Энэхүү өдөр тутмын чухал хэрэглээг сайжруулж, тасралтгүй хангах үүрэг нь танай газарт харьяалагдаж байгаа байх. Тэгэхээр мэдээллийн технологийг хөгжүүлэхэд танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Бид анх стратегийн долоон зорилт гэж гаргасан. Үүний эхний зорилт нь “Хиймэл дагуул” хөтөлбөр. Хиймэл дагуул хөтөлбөрийн маань Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь бараг гарах шатандаа явж байна. Үүнийг олон улсад Paper Satellite буюу цаасан хиймэл дагуул гэж нэрлэдэг. Тэгэхээр цаасан хиймэл дагуул маань амжилттай хөөрсөн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт цахим засаг. Бидний хувьд төрийн түгжрэлгүй үйлчилгээ.

Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч “Ухаалаг төр”-ийн санаачилгыг гаргасан. Тэгэхээр мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ухаалаг төрийг юу гэж томъёолж байгаа вэ гэхээр “Ухаалаг төр гэдэг бол мэдээллийн технологийн давуу талыг ашиглаж төрийн үйлчилгээг иргэнд хурдан шуурхай, хүнд сурталгүй хүргэх хэлбэр” гэж байгаа юм.

Тэр утгаараа одоо хийчихсэн байгаа шилэн кабель, интернэт урсгалыг ашиглаад иргэнд төрийн үйлчилгээг хэрхэн хурдан, шуурхай хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ нь ТҮЦ машин. ТҮЦ машинаар есөн төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Мөн ТОСК-ийн барилгын захиалгыг нэмсэн. Цаашдаа үйлчилгээнүүд нэмэгдэнэ.

Түүнчлэн zasag.mn вэб хуудсанд өөрчлөлт оруулах гэж байна. Одоогоор zasag.mn вэб хуудас зөвхөн мэдээ хүргэж байгаа. Зургаадугаар сараас эхлэн zasag.mn вэб хуудас төрийн 25 үйлчилгээг онлайнаар хүргэдэг болно. Энэ маань тоон гарын үсэгтэйгээ холбогдож байгаа юм.

Иргэдэд олгосон ухаалаг иргэний үнэмлэх дээр чип байгаа. Тэр чип дотор таныг нотлох тоон гарын үсэг суух юм. Энэ жилийн хувьд 200 мянган гарын үсэг тараагдана. Үүний 70 мянга нь аж ахуйн нэгжид, 130 мянга нь иргэнд тараагдах юм. Тоон гарын үсгийн тухай хуулиар иргэнд нэг удаа тоон гарын үсэг үнэгүй олгогдоно. Энэ дагуу үнэгүй олгогдох юм.

Энэ процесс дөрөвдүгээр сарын дундаас эхлэх байх. Ингээд иргэд ТҮЦ машинаар очиж үйлчилгээг авах, үүнээс гадна вэб хуудсаар ороод төрийн үйлчилгээг аваад явчих боломж бүрдэх нь. Үүнээс гадна өөр юу хийх юм бэ гэсэн асуудал бий. Бусад яам, агентлагуудын хувьд ч бас төрийн үйлчилгээ бий. Бид энэ бүгдийгээ концепцийнх нь хувьд мод зураад, төрийн үйлчилгээнүүдийг нь жимс гээд нэрлэчихсэн байгаа.

Скайтел компани Монголын анхны аппликэйшний орчныг бүрдүүлсэн томоохон портал задлах гэж байгаа. Үүн дээр аппликэйшн хийж байгаа залуус маань бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулаад, Монголын зах зээл дээр борлуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа.

Гуравдугаарт, бидний яриад байдаг Тоон телевизийн систем. Бид 2014 оны долоодугаар сарын 31-нд тоон телевизэд шилжинэ гэдгээ зарлачихсан. Үүний дагуу дахин дамжуулах төхөөрөмжүүд орон нутагт нэлээд эрчимтэйгээр солигдож байна. Гэхдээ тоон телевиз рүү долоодугаар сарын 31-нд шилжихдээ хосолсон байдлаар шилжинэ. Энэ шилжилтийн явцад хүмүүс их олон асуулт тавьж байгаа.

Телевизээ солих уу гэх мэтчилэн. Тэгэхээр та телевизээ солих шаардлагагүй. Хувиргагч төхөөрөмжийг худалдан авснаар тоон телевизэд шилжих боломжтой юм. Дөрөвдүгээрт, орон нутгийн хямд үнийн интернэтийн үйлчилгээний асуудал бий. Өнөөдөр 850 мянган өрх, хувь хүн интернэт хэрэглэж байна гэсэн статистик байгаа. Үүнээс 650 гаруй мянга нь гар утаснаасаа авч байгаа юм.

Тэгэхээр Улаанбаатарт 119 мянга орчим өрх л суурин интернэттэй. 15000 өрх орон нутагт байгаа юм. Ингээд бодит байдлыг харахаар тоон хуваагдал руу явчихаж байгаа юм. Тоон хуваагдал гэдэг  нь юуг хэлж байна вэ гэхээр мэдээлэлд ойрхон иргэн эдийн засаг, баялагт ойрхон гэсэн үг. Орон нутгийн иргэд мэдээллээс хол байгаа учраас тэр хэрээрээ баялгаас холдоод байна.

Бид үүний арилгахын тулд 2014 онд гол хүчээ орон нутаг руу хаяж байгаа. Өндөр хурдны интернэтийг оруулах, Европ-Азийг холбосон транзит урсгалыг оруулж өгөхөд анхаарч ажиллаж байна.

Дараагийн  нэг ажил нь “Оюуны бүтээмж – ажлын байр” гээд зарласан. Үүн дээр суурилаад бид юу хийж байна вэ гэхээр одоо төр системийг эзэмшигч байхаа больё. Нэг ёсондоо Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар өөртөө хэрэгтэй нэг систем худалдаж авлаа. Ингээд нэг, хоёр жилийн дараа өргөжүүлэлт байдаггүй учраас дахиад шинийг авдаг. Энэ өөрөө татвар төлөгчдийн мөнгөнд маш үрэлгэн. Тэгэхээр үүнийг одоо болиод, төр хувийн хэвшил хамтрах юм6

Мэдлэгт суурилсан эдийн засаг, программ хангамж үйлдвэрлэгчдийн чуулганыг зохион байгуулж, компаниудад санхүүгийн эх үүсвэр олгох гэх зэрэг асуудлыг хөндсөн шүү дээ. Тэгвэл үүний тулд манай хувийн хэвшлийнхэн төрийн системийг өөрдөө хий. Өөрсдөө авч яв. Ингээд иргэн тэр системээр үйлчилгээ авсныхаа төлөө 500, 1000 төгрөг төлж байгаа. Тэрийг тухайн компани аваад, түүгээрээ инноваицаа хөгжүүл гэж байгаа юм. Төр эзэмшигч бус түрээслэгч байя л гэсэн санаачилга.

Зургаадугаарт, инноваци дээр суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай асуудал. Программ хангамж гэдэг маань өөрөө нэг л хэлтэй. Тэгэхээр бид яагаад өөрсдөө тоглоом, аппликэйшн хийж болохгүй гэж. Тавдугаар сард бид ICT Expo-г зохион байгуулах гэж байна. Үүний ерөнхий ивээн тэтгэгчээр Скайтел компани оролцож байгаа.

Скайтел компани Монголын анхны аппликэйшний орчныг бүрдүүлсэн томоохон портал задлах гэж байгаа. Үүн дээр аппликэйшн хийж байгаа залуус маань бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулаад, Монголын зах зээл дээр борлуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа. Ингээд ерөнхийдөө цаашдаа юу харагдаж байна вэ гэхээр.

Зөвхөн МТШХХГ ч гэлтгүй төр өөрөө төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү нягт, уялдуулсан систем рүүгээ илүү явж байна. Энэ бол энэ нийгмийн бас нэгэн үнэт зүйлийн хэлбэр. Долоодугаарт, ухаалаг шуудангийн хайрцаг. Улаанбаатарт 18 цэг, Дарханд хоёр цэг маань байршсан.

Одоо ухаалаг шуудангийн хайрцгаар логистик үйлчилгээнүүд хийгдээд эхэлчихсэн. Монгол шуудангаар явж байгаа бүх илгээмж ухаалаг шуудангийн хайрцагаар дамжиж байна. Гэх мэтчилэнгээр долоон чиглэл дээрээ суурь ажлууд нэлээд хийгдлээ.

-Танай газраас энэ мэтээр мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Гэтэл бусад, яам, агентлагууд энэ шинэ технологид зохицож, нийцэж ажиллах ёстой шүү дээ. Энэ тал дээр ямар ахиц, дэвшил гарч байгаа бол?

-Бусад яам, агентлагуудын хувьд чадахаараа л хөгжиж байна. Бидний хийж байгаа концепци дээр нэг асуудал давхар хийгдэх ёстой. Тэр нь юу гэхээр ICDL буюу International Computer Driving License гэж байгаа. Нэг ёсондоо олон улсын компьютер удирдах жолоочийн үнэмлэх юм.

Энэ лицензийг эзэмшсэн хүн төрд ажиллах ёстой гэдэг стандарт руу явах гээд байна л даа. Нэг үгээр хэлбэл, төрийн албан хаагч хууль мэддэг, сайн мэргэжилтэн байхаас гадна тэр лицензийн эзэн байх ёстой. Ингэснээрээ бидний их мөнгө зарцуулж хийгээд байгаа энэ системийн ашиглагч, эзэмшигч нь төрийн албан хаагч байх ёстой гэсэн үг.

-Иргэдийн хувьд ТҮЦ машиныг маш их сонирхож байгаа. Цаашдаа хэчнээн үйлчилгээтэй болох бол гэсэн хүлээлттэй. ТҮЦ машинаас илүү олон үйлчилгээ авах боломжтой гэж ярьж байгаа шүү дээ?

Одоогийн байдлаар орон нутагт 6 сувгийг үнэ, төлбөргүй үзэж байгаа. Тоон системд шилжсэнээр энэ тоо 15-16 болж нэмэгдэнэ.

-Одоогоор ТҮЦ машинд төрд төлдөг төлбөр, тооцооны хэрэгслүүд байгаа. Дээрээс нь өргөдөл, гомдлууд ТҮЦ машинаар явж байгаа. Та заавал төрийн байгууллагад очихгүйгээр бичсэн өргөдлөө сканнердаад явуулж болно. Бас өөрөө очоод бичиж болж байгаа. Тэгээд л явуулах товчоо дараад, явуулах газраа сонгосноор тухайн өргөдөл гомдол очих ёстой газраа шууд очиж байгаа.

Цаашдаа хэд хэдэн үйлчилгээг нэмнэ. Байгууллагууд өөрсдөө хүсэлт тавиад нэмж байгаа. Зарим нэгэн сертификатыг хүртэл гаргах тухай асуудал явж байгаа л даа. Энэ мэтээр юу юу өгч болохоор байна вэ гэдгийг богино хугацаанд судлаад л явж байна. ТҮЦ машин бол дэлхий нийтэд нэг их тархчихсан зүйл биш шүү дээ. Монгол ТҮЦ машинаараа жишиг болчихоод байгаа.

-ТҮЦ машины хүртээмжийн хувьд?

-Улаанбаатар хотод 22 машин, 21 аймагт тус бүр нэг машин ажиллаж байна. Тавдугаар сард дахиад 55 машин нийлүүлэгдэнэ. Энэ нь Улаанбаатарт суурилагдах юм. Дэд бүтцээ дагаад, бас иргэн очиж болох газруудыг сонгоно.

-Үүнээс гадна Монгол Улс 2014 оны долоодугаар сарын 31-нд тоон системд шилжинэ гэж байгаа. Иргэдийн хувьд энэ тоон системд шилжсэнээр яг ямар давуу тал бий болох талаар төдийлөн ойлголтгүй байгаа. Тэгэхээр тоон системд шилжсэнээр яг ямар өөрчлөлт гарах вэ?

-Энгийн жишээгээр хэлэхэд антеннаар бид зурагт үзэхээр жирэлзээд, тааруухан гардаг. Тэгвэл антеннаа болиод DVD-ээ залгавал зурагт маш гоё тод гардаг даа. Яг үүнийг л хэлж байгаа юм. Тоон технологи шилжсэн газарт зурагт маш сайн гарна, эсвэл гарахгүй. Түүнээс биш антеннаа бариад л энд тэнд очоод байна гэсэн зүйл байхгүй.

Хоёрдугаарт, одоогийн байдлаар орон нутагт 6 сувгийг үнэ, төлбөргүй үзэж байгаа. Тоон системд шилжсэнээр энэ тоо 15-16 болж нэмэгдэнэ. Энэ мэтээр технологийн талаасаа гадна иргэнд ч давуу тал бий болж байгаа юм. Үзэх сувгууд нь нэмэгдчихэж байна шүү дээ.

-Танай газар худалдан авах ажиллагаагаа хэр ил тод, нээлттэй зохион байгуулдаг вэ. Худалдан авах ажиллагааны газартай хэр ойр хамтран ажиллаж, худалдан авалтын ил, тод байдлыг хангахад анхаарч ажиллах ёстой байх?

-Манайх бол тохируулагч агентлаг. Бид тендер зарладаг газар биш. Бодлогоо л гаргадаг. Тэр утгаараа тендерийг хийх ёстой Худалдан авах ажиллагааны газартай хамтран ажилладаг. Ингээд худалдан авах ажиллагаагаа хийлгэдэг, ирсэн компанитай нь хамтарч ажилладаг, шаардлагаа тавьдаг. Тэгээд стандартын дагуу ажлаа хүлээж авдаг.

-Өнгөрсөн онд програм хангамж, үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулсан. Улмаар үндэсний програм хангамж, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй, төрийн дэмжлэгтэй зээл олгох асуудлыг ярьж байсан шүү дээ. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Үр дүнгийн талаар?

-Эхнээсээ үр дүн гарч байгаа. Саяхан “Синглтон” гэж компанийн төсөл эхний байдлаар дэмжигдэж байна. Одоо банкныхаа процесс дээр явж байна. Хэрвээ зээлээ авчихвал төрийн дэмжлэгтэйгээр эхний компани маань зээлээ авчихна. Яг судлаад үзэхээр манай компани талдаа бас их асуудал байдаг юм байна.

Барьцаа хөрөнгөгүй, авах гэж байгаа зээлийн хэмжээ энэ тэр гээд асуудал гарч байгаа. Нэг талаас. Нөгөө талаас төрийн өмчийн хороо, яам, агентлагууд өөрсдөө монгол компанийн захиалагч байя гэдэг асуудлыг нэлээд том уриалга болгочихсон. Яг тэр чиглэлдээ ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа...