Ирэх долдугаар сарын 31 -нд орон даяар тоон технологид шилжүүлнэ
“Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилтын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 47 Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг суурилуулсан бөгөөд энэ онд багтаан 59 ТҮЦ машин нэмж байршуулах юм байна. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлжээ. Дээрх мэдээллийг даваа гариг бүр зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр мэдээлсэн юм.
Тус уулзалтад Мэдээллийн технологи, шуудан , харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа оролцлоо. Тэрээр 2012 оноос хойш хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулжээ. Тус газраас 2012-2016 онд үндсэн долоон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагийн нэг нь “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр юм.
МТШХХГ-аас шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг шуудангийн хайрцаг”-ийг Улаанбаатар хотын 18 цэг, Дархан; Эрдэнэт хотуудад байршуулжээ.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2016 онд тандан судалгааны болон харилцаа холбооны хоёр төрлийн хиймэл дагуултай болно. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хуваарилсан сансрын орон зайг эзэмших хүсэлтээ манай улс анх удаа тус байгууллагад илгээсэн гэдгийг МТШХХГ-ын дарга онцолжээ.
Мөн энэ оны долдугаар сарын 31 -нд орон даяар тоон технологид шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Тиймээс энэ оны хоёрдугаар улиралд багтаан нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж дуусна гэлээ. МТШХХГ-аас шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг шуудангийн хайрцаг”-ийг Улаанбаатар хотын 18 цэг, Дархан; Эрдэнэт хотуудад байршуулжээ.