Ц.Жадамбаа: Кабелийн сувагтай айлд хувиргагч төхөөрөмж хэрэггүй
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2014.04.21

Ц.Жадамбаа: Кабелийн сувагтай айлд хувиргагч төхөөрөмж хэрэггүй

Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

Хувиргагч төхөөрөмж гэдэг нь тоон систем шүү дээ

 -Монгол Улс 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр тоон системд шилжинэ. Тоон систем гэж юу вэ гэсэн  иргэдийн асуулт их байна. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Тоон систем гэж хэзээ бий болсон бэ гэдэг  түүхээс нь эхэлж ярих хэрэгтэй байх. Олон улсын цахилгаан холбооны байгууллага гэж бий. Тус байгууллага нь НҮБ-ын гишүүн байгууллага бөгөөд үүнд Монгол Улс албан ёсоор гишүүнчлэлтэй явдаг юм. 2015 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас дэлхийн бүх улс орон тоон системд шилжих уриалга гаргасан. Энэ уриалгын дагуу олон орон тоон системд шилжиж эхэлсэн.

Монгол Улс 2014 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоон системд шилжинэ гэж Үндэсний хөтөлбөртөө тусгасан. Тоон системд шилжихийн тулд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг, 330 суманд дахин дамжуулах станцыг байршууллаа. Тавдугаар сарын 1 гэхэд үлдсэн газруудад байршуулах юм. Тоон систем гэж юу вэ. Энгийнээр тайлбарлаж өгье. Бид антенаар зурагт үзэхээр жирэлзээд байдаг.

Зурагтаа аятайхан үзэхийн тулд гэрийнхээ унинд өлгөх, барьж зогсдог үе бидэнд байсан, одоо ч  хэвээр байна. DVD –г зурагтдаа залгаад үзэхээр өнгөний ялгарал, дууны нягтрал өөр болдог. Түүнтэй адил чанартай, орчин үеийн шаардлагад нийцсэн зурагт  үзэхийг л хэлээд байгаа юм. Гэхдээ кабелийн телевиз үзэж байгаа айл өрхөд энэ төхөөрөмж хэрэггүй гэж ойлгож болно.

-Тэгэхээр ямар айл өрхүүд тоон системд хамрагдана гэсэн үг вэ?

-Бид тооцоо судалгаа хийж үзэхэд хөдөө орон нутгийн болон гэр хорооллын алслагдсан айл өрхүүд антенийг одоо ч хэрэглэж байна. Хөдөө суманд амьдарч байгаа иргэд DDSH-ийг хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 700 гаруй мянган өрх байна.  Тоон системд шилжсэнээр дээрх өрхүүд зурагтаа орчин үеийн шаардлагад нийцсэнээр нь хүлээн авч байна гэсэн үг.

-Тоон системд шилжихийн тулд иргэд яах ёстой вэ. Та төхөөрөмжийн талаар цухас дурьдлаа.  Энэ төхөөрөмжийг иргэд худалдаж авснаар тоон системд шилжих үү?

-Өнөөдөр дэлгүүрүүдэд тоон системийг шууд хүлээж авдаг телевиз худалдаалж байгаа. Тиймээс одоо хэрэглэж байгаа телевизээ солих шаардлагагүй. Ийм телевиз байхгүй бол хувиргагч төхөөрөмжийг худалдаж авах хэрэгтэй. Үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу Мэдээлэл, техно­логи, шуудан, харилцаа хол­бооны газраас зохицуулалтын журам гаргаж стандарт баталсан.

Хувиргагч төхөөрөмжийг импор­тоор авна. Жишиг үнэ харьцангуй өөрөөр гарч байгаа. Гэхдээ хүчин чадлаасаа хамаарч өөр өөр үнэтэй байх болов уу. Мэдээж хэрэглэгчийнхээ орлогоос хамаарч үнэ тогтооно. Бидний тооцоолсноор хамгийн бага нь 10 ам. доллар, дээд тал нь 25 мянган төгрөг гэсэн үг. Үнийн доод хязгаарыг зааж өгөөгүй.

-Хувиргагч төхөөрөмжийн тусламжтайгаар тоон системд шилжих нь гэж ойлголоо. Энэ төхөөрөмжийг суурилууллаа гэхэд хэчнээн айл өрх хамрагдах боломжтой вэ?

Тоон системд шилжсэнээр дээрх өрхүүд зурагтаа орчин үеийн шаардлагад нийцсэнээр нь хүлээн авч байна гэсэн үг.

-Улаанбаатар хотын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын ихэнх айлууд антениар телевизээ үздэг. Мэдээж тоон систем нэвтрээд ирэхээр энэ тоо өөрчлөгдөх нь ойлгомжтой. Антенаар өнөөдөр ердөө зургаан суваг хүлээн авч үзэх боломжтой бол хувиргагч төхөөрөмж суурилуулснаар арав гаруй сувгийг өнгө ялгарлын өндөр чанартайгаар хүлээн авах юм. Улаанбаатарын хувьд тоон телевизийн шилжүүлэлтийн асууд­лыг манай газраас хийхгүй. Үүнийг Нийслэлийн мэдээлэл тех­нологийн газар хариуцаж хийнэ.

-Иргэд заавал хамрагдах ёстой юу гэж асуух байх. Та энэ тал дээр ямар хариулт өгөх бол?

-Тухайн иргэн хувиргагч төхөөрөмжийг худалдаад авчихад тоон системд хамрагдсан гэж ойлгож болно. Төхөөрөмж худалдаж авах журам батлагдсан учраас дөрөвдүгээр сарын сүүлээс худалдан авах боломжийг нээнэ. Бизнес эрхлэгчид болон бусад компаниудад албан бичиг хүргүүлж байна. Айл өрх нь хувиргагч төхөөрөмж худалдаж авч дууссаны дараа аналогио бүрэн унтрааж байна. Жишээ нь, Японд таван жил, Солонгост арван жил гэж байгаа бол, манай хувьд дээд тал нь 2016 оны нэгдүгээр сар гэж харж байна. Энэ үед аналогийн систем бүрэн унтрах юм. Энэ үед хэд хэдэн давуу тал үүсч байгаа. Иргэд чанартай телевиз үзэхээс гадна телевизүүд олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ. Цаашдаа Монгол Улсын телевизүүд олон улсын төвшинд нээлттэй, чөлөөтэй байдлаар хүрэх нь манайх дэлхийн улс боллоо гэсэн үг. 

-Телевиз тоон системд шил­жихээс гадна радио бас шил­жинэ гэсэн. Энэ нь хэзээ вэ?

-Ерөнхийдөө технологийн хөгжил асар их хурдтай хөгжиж, өөрчлөгдөж байгаа гэдгийг та бүхэн харж байна. Үүнийг дагаад Монгол Улс дэлхийн жишигт нийцэж байгаа гэдэг нь энэ салбарын төдийгүй тухайн салбарт бизнес эрхлэгчдийн хувьд яах аргагүй том амжилтын нэг. Өнөөдөр бид аналогиор яваад байвал дэлхийгээс хоцорно. Үүний дараагийн асуудал бол радио тоон системд шилжинэ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Налайхаас жаахан гараад л FM радио барьдаггүй. Тэгвэл радио тоон системд шилжсэний дараа Монгол Улсын хаана ч явсан радиогоо сонсч болно.

-Сүүлийн үед Олон улсын цахилгаан холбооны байгууллага гэж их ярих болж. Манайх гишүүн байгууллагын нэг гэж та дээр хэлсэн. Гэхдээ энэ нь мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд манайд ямар ашигтай гэж...

-Нэг ёсондоо манай салбарын эцэг байгууллага юм. Дан ганц үйл ажиллагаа эрхэлдэггүй, цахилгаан холбооны гаргасан дүрэм журам, тэдгээрт хийсэн зохицуулалттай уялдаж ажилла­даг гэдэг утгаараа Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй яам, тамгын газраас нэлээд ялгаатай. Тус байгууллагаас олон улсын ярианы тариф, интернэтийн эрх чөлөө, олон улсын транзит хэрхэн үзэж байгаа зэрэг нь  манайхтай салшгүй холбоотой. Хамгийн ашигтай хувилбар гэхэд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас улс орон бүрт сансрын орон зайг эзэмших эрхийг олгодог.

 Өнөөдөр таныг хэн ч тагнаж, чагнаагүй

 -Өнөөдөр хэрэглэгчид мэ­дээллийн нууцлалаа хадгалж чадахгүй байна гэж үздэг. Тухайлбал, утас тасрах, гэнэт чимээгүй болох, шажигнах зэрэг доголдол байнга гардаг. Үүнийг иргэд тайлбарлахдаа биднийг чагнаж байна гэдэг. Та салбар хариуцаж байгаа хүний хувьд энэ талаар ямар тайлбар хэлэх бол?

-Монголчууд бид хэтэрхий их хартай. Өөрөөр хэлбэл, бид аливаа зүйлийг байнга хардаж байдагтай холбоотой. Гэтэл өнөөдөр таныг хэн ч тагнаж чагнаагүй. Өнөөдөр таны яриаг дундаас нь чагнах ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл үүрэн телефон операторуудын дамжуулж байгаа сүлжээ тоон технологиор явдаг. Энэ нь өөрөө тусгай технологи.

Хэрвээ таныг тагнаж чагнах дээрээ тулвал Монгол Улс өөрөө хууль дүрэмтэй улс. Хуулийн дагуу прокурорын байгууллагаас зөвшөөрөл авна. Хоёрдугаарт, Мэдээлэл, тех­нологи, шуудан, харилцаа холбоо­ны газар тагнах, чагнах эрх үүргийг хэрэгжүүлдэггүй. Үүнийг Кибер аюулгүй байдлын газар, Тагнуулын ерөнхий газар бусад шүүх эрх мэдлийн байгуул­лага хэрэгжүүлдэг. Манайх бол технологи хариуцсан байгууллага. Гуравдугаарт, манайх чагнах төхөөрөмж буюу  бусад зүйлийг оруулж ирдэг стандартыг батал­даг газар биш. Тиймээс үүнийг тусгайлсан чиг үүрэгтэй бай­гуул­лагуудаас тодруулах шаард­лагатай. 

-Тэгвэл манай бүх  үүрэн телефон операторуудад БНХАУ-ын ZTЕ компанийн тоног төхөө­рөмж суурилагдсан уч­раас иргэд хардах эрхээ эдэлж байгаа юм болов уу?

-Тус компанийн тоног төхөө­рөмжийг  2000 оноос эхлэн  Монгол Улсад  анх удаа хэрэглэж эхэлсэн. Өнөөдөр бүхий л оператор компаниуд ашиглаж байна. Энэ асуудалд Кибер аюулгүй байдлын газраас анхаарал хандуулан ажиллаж байгаа.  Тус ажлын хүрээнд Монгол Улсад ямар төхөөрөмжийг ашиглав гэсэн судалгаа хийсэн. Манай байгууллагын хувьд БНХАУ-ын “Экзим” банкны зээлээр төсөл хэрэгжиж байгаа. Энэ нь шилэн кабелийн төсөл. Өнөөдөр хэрэгжиж байгаа шилэн кабелийн төсөл бол энгийнээр хэлбэл, усны хоолой юм. Энэ хоолой нь дамжуулах үүрэгтэй болохоос чагнах, тагнах зориулалтгүй. 

-Таны ярианаас хэрэглэгч­дийг чагнах, тагнах боломжгүй гэж ойлголоо.

-Өнөөдрийн төвшинд ийм асуу­дал байхгүй. Хэрвээ чагнахаар бол тусгай хуулиар олго­сон эрх үүргийн дагуу л хийнэ. Нөгөө­тэйгүүр бүх иргэдийг чагнаад, тагнаад байх боломж байхгүй шүү дээ.

 Хэвлэлийнхэн ч гэсэн хуучинсаг сэтгэлгээнээс салмаар байна

 -Шинэчлэлийн Засгийн газ­раас “Ухаалаг шуудан”-гийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Хэр үр дүнтэй байна вэ?

-“Ухаалаг шуудан” төсөл амжилттай хэрэгжээд дууслаа. Улаанбаатар хотод 18 цэг ажиллаж байна. Төрийн үйлчилгээг “Ухаалаг шуудан”-гаар иргэд авч байна. Гэхдээ нэг зүйл гарсан. Сүүлийн үед иргэдийн шуудантай харилцах харилцаа ихээхэн хөндийрчээ. Энэ төсөл хэрэгжээд бараг нэг жилийн хугацаа өнгөрч байхад иргэд ийм зүйл байдаг юм уу гэж асуух жишээтэй. Уг нь бидний төлөвлөөд байгаа ажил бол “ Ухаалаг шуудан”-г иргэдэд яг л АТМ шиг ашиглуулахыг хүсч байна.

Шуудан хүртээмжийн хувьд боломжийн байгаа хэдий ч иргэд мэдээллийн технологийг ашиглахдаа тааруухан. Өмнө нь нэг илгээмжийг өгөхийн тулд хэчнээн айлын хаалга тогшиж мунгинаж явдаг байсан бол “Ухаалаг шуудан” гарснаар энэ бүхэн алга болсон. Одоо иргэн илгээмжээ “Монгол шуудан”-гийн аль нэг салбарт хүргэж өгөхөд л болно.

Илгээмжийг тухайн иргэний хаана байгаа газарт нь ямар ч саадгүй хүргэж өгч байна. Бид төслөө хэрэгжүүлэхдээ хотын төв гэхээсээ илүү төвлөрсөн бүс нутгуудыг харгалзаж ажилласан. Үүний үр дүнд хөдөө орон нутгийн иргэд “ Ухаалаг шуудан”-г ашиглаж эхэлсэн. Илгээмжээ явуулна, тухайн хүнд нь мессеж ирнэ, хэрэглэгч илгээмжээ цаг тухайд нь авчихна. Ердөө л энэ.

-Хэвлэлийн салбарынханд их чухал санагдсан?

-Бид нэг боломжийг бүрдүүлж өгсөн. ТҮЦ машин дээр сонины захиалга авч эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч хэвлэлийнхэн үүнийг хийхгүй байна. Бид хичээж ажиллаад байхад манлайлал үзүүлэх ёстой байгууллагууд нь таг чиг суусаар л байна. Уг нь тэр машиныг эвдэртэл нь ажиллуулах ёстой. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй ашиглах ёстой. Будаг нь ханхалсан сайхан машин тоосонд дарагдаад хэн ч хэрэглэхгүй бол түүнийг үхмэл хөрөнгө гэж үзнэ.Уг нь бид хэвлэлийхнийг авчраад үзүүлсэн. “Өө сайхан юм байна хэрэглэх ёстой” гэсэн боловч хэрэглээгүй өдийг хүрсэн байна. Миний ойлгож байгаагаар сонины эцсийн бүтээгдэхүүн иргэнд, иргэнд хүргэх ажлыг шуудан хийх ёстой гэж ойлгодог.

-Мэдээллийн технологийн үйл ажиллагааг иргэд тэр бүр сайн ойлгоод байдаггүйтэй холбоотой байдаг юм болов уу?

-Манай салбарыг иргэн бүр сайн мэддэггүй. Тиймээс бид салбарынхаа ажлыг сурталчлахын тулд долоон чухал асуудлыг оруулсан. 2016 онд Сансрын орон зайгаа эзэмшиж хиймэл дагуултай болно. Төрийн түгжрэлгүй үйлчилгээг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд ТҮЦ машин байна. 2004 оноос эхлээд Монгол Улсад цахим засаглал хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний үндсэн дээр олон дэд бүтэц тавигдсан.

Ирэх зургадугаар сард 120 сумыг интернэтэд холбохоор төлөвлөж байна. Өнөөдөр 851 мянган хүн интернэт хэрэглэж байгаагаас  659 мянга гаруй нь гар утсаараа, 169 мянга нь суурин интернэт хэрэглэж байна. Үүнээс 15 мянга гаруй иргэн интернэт орчноос хол байна. Мэдээллээс хол байгаа иргэд баялгаас хол байна гэсэн үг. Тиймээс иргэдийг байнгын мэдээлэлтэй байлгахад интернэтийн хэрэглээ чухал.

-Интернэт орчин иргэдийн цаг завыг хэмнэхээс гадна төрийн хүндрэлтэй үйл ажиллагааг багасгаж чадах байх?
Цахим засаглалаа бид  модоор төлөөлүүлсэн. Өгөгдлийн төвөө бид модны хөрс гэж  үзсэн.  Монгол Улсад 29 өгөгдлийн сан бий.

-Үндэсний Дата төвийг Өгөгдлийн төв болгож өөрчилсөн. Бүх Датаг тэнд төвлөрүүлсэн. Нэг иргэн зөвшөөрлийн бичиг авах гэж дөрвөн яамыг зорьдог бол одоо ТҮЦ машинтай болсноор энэ бүхнээс ангижирч болно. Тус төв дээр таны хэрэгтэй бүх файлууд бий. Хэрэгтэй файлаа авахын тулд хурууныхаа хээг таниулахад хангалттай. Нөгөө иргэдийн байнга хэл ам дагуулдаг лавлагааг тэндээс авчихна. Долдугаар сарын 1- нээс Zasag.mn  сайтаар төрийн 25 үйлчилгээг үзүүлэхээр болсон.

Энэ сайт өмнө нь иргэдэд мэдээлэл өгдөг байсан бол одоо үйлчилгээ үзүүлнэ. УБЕГ-тай хамтраад тавдугаар сард 70 мянган аж ахуйн нэгж, 130 мянган иргэнд тоон гарын үсгийг үнэгүй тараахаар болсон. Энэхүү тоон гарын үсэг нь тухайн иргэний үнэмлэхэд суурилагдах юм. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг цаасгүйгээр авах боломжийг нээж байна.

-Ухаалаг төрийн үйлчилгээг иргэд санаа амар авч болох нь ээ?

-Цахим засаглалаа бид  модоор төлөөлүүлсэн. Өгөгдлийн төвөө бид модны хөрс гэж  үзсэн.  Монгол Улсад 29 өгөгдлийн сан бий. Энэ хөрснөөс эхлээд төрийн үйлчилгээ эхлэх юм. Модны үндсэн гол ишээ төрийн нэгдсэн сүлжээ гэж нэрлээд тэндээс салаалж байгаа нь яам, тамгын газар хэрэгжүүлэгч агентлагууд байна. Эдгээр яамд жимс тарьж байгаа хэлбэрийг цахим үйл ажиллагааны иргэнд хүрэх үйлчилгээ юм. Энэ жимсийг боловсруулахын тулд бороо хэрэгтэй. Бороо гэдэг нь хөрөнгө оруулалт.

Хөрөнгө оруулалтыг заавал төр хариуцахгүй албагүй. Энэ удаа хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллая. Тэдэнд боломж олгоё. Төр хувийн хэвшлийн түрээслэгч байя. Жил бүр агентлагууд систем захиалдаг. Эх код нь байдаггүй, хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дахиад л төсвөөс мөнгө гээд нэхээд суучихдаг. Хөгжилтэй орнуудын туршлагаас харахад хувийн хэвшлийнхэндээ энэ асуудлыг даатгачихдаг юм байна. Ингэхдээ бид хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

-Шинээр ямар хуулийн төсөл боловсруулж байна вэ?

-Цахим засгийн тухай хууль, Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд гарна. Өнөөдөр Монгол Улс Хил хамгаалах хуультай ч кибер орчиндоо хуульгүй. Өөрөөр хэлбэл, кибер цэрэг гэж байхгүй байна. Таны дээр асуугаад байсан тагнаж чагнах асуудлыг зохицуулах ёстой хууль. Өгөгдөл хамгаалах тухай хууль гэхээр таны материалыг  УБЕГ-ын ажилтан харж байна.

Тэр ажилтнаас хамгаалах хуулийг Өгөгдлийн тухай хууль гээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тухайн иргэний хувийн нууцыг хэнд ч задруулж болохгүй гэсэн үг. Цахим Засгийн хууль бол дээр дурдсан модыг ургуулаад цаашаа хэрхэн явах вэ. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуульд бидний тарьсан мод гаднаа ямар ч өтгүй, сайхан амттай, хортон шавьжнаас хамгаалах асуудлыг ярьж байгаа юм. Ерөнхийдөө ухаалаг төр амьд зүйлийг хийхийг зорьж,  бид үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж тарьсан модныхоо жимсийг бага багаар авч байна даа.