Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгууллаа
Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгууллаа
2014.05.14

Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан танилцуулга хийв. Мэдээлэлд “Чингис бондоос 68,0 сая ам.долларын зээл олгох асуудал шийдэгдэж, өнөөдрийн байдлаар нийтдээ 65 төсөл дэмжигдэж банкинд шилжүүлснээс 34 төсөлд 58,1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарч 32,1 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 280 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкны санхүүжилтээр олгох шийдвэр гарч, 22 үйлдвэрийн хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлээд байна. Ноолуур барьцаалан зээл олгох ажил эхлэлтийн байдалтай байгаа” гэв.

Үүнтэй холбогдуулан  Б.Гарамгайбаатар гишүүн, хавтгайруулсан зээл өгч байгаа нь дэмжлэг биш. Зөвхөн зээл олгосноор бодлого хэрэгжихгүй. Хамгийн гол нь яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа болон өмнөх яамны үйл ажиллагаатай харьцуулахад ямар дэвшилд хүрэв гэдгийг тайлагнах хэрэгтэй гэлээ. Г.Баярсайхан гишүүн хэлэхдээ, ноос ноолуурын салбар чухал салбар. Үе үеийн засгийн газар энэ салбарт асар их анхаарал тавьж ирсэн. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам энэ салбарыг шинэ шатанд гаргах талаар санаачилга гарган ажиллаж байгаа ч цаашид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бодлогын хувьд шинэчилж эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна гэв.

Ингээд хуралдаанаар ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж Ажлын хэсгийн ахлагчаар тус Байнгын хорооны дарга Г.Баярсайханыг баталлаа