Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг бизнесийн зарчмаар нь явуулах ёстой
УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлж байна.
Байнгын хорооноос “Төрийн өмчийн хороо болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, засаглалын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх" гэсэн санал орж ирсэн юм.
УИХ-ын чуулган дээр энэ санал гишүүдийн 70,8 хувийн саналыг авч нь дэмжсэн юм. Зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Ц.Даваасүрэн: Цалин хөлс, урамшуулалынхан тогтолцоог өөрчлөх хэрэгтэй
Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ
Стратегийн орд газар, төрийн өмчийн томоохон компаниудаа төр авч явах ёстой. Нэг дутагдаад байгаа зүйл бол удирдлагын асуудал. Энэ асуудлыг энэ тогтоолд нэг заалт орсноор шийдэгдэхгүй юм. Цалин хөлс, урамшуулалынхан тогтолцоог өөрчлөх ёстой. Тэр хүн ашигтай ажиллуул, өндөр цалин ав гэсэн эрх зүйн орчиныг нь бүрдүүлэх заалт оруулж ирэх хэрэгтэй.
О.Содбилэг: Мэргэжлийн туршлагагүй, улстөрчийг томилохоо болих хэрэгтэй.
О.Содбилэг байр сууриа илэрхийллээ
Ашигтай ажиллаж байгаа цөөхөн төрийн өмчийн аж ахуй нэгжүүдээ бизнесийн зарчмаар нь явуулах ёстой гэсэн Ц.Даваасүрэн гишүүний саналыг дэмжиж байна. Ямар мэргэжлийн туршлагагүй, улстөрчийг томилохоо болих хэрэгтэй. Дээрээс нь боловсон хүчний бодлого дээр эрх баригчид нь хамаатан садан, намыхаа нөхдөөр дүүргэдэг байдлаа болих хэрэгтэй. Манай Эрдэнэт дээр сонгогчид маш их гомдолтой байгаа. Олон жил үйлдвэртээ ажиллаж байсан хүмүүсийг олон шалтгаанаар халах, албан тушаалаас нь буруулах, шахаж гарах нь их байна. Тэдний оронд очиж байгаа хүн нь мэргэжлийн шаардлага хангахгүй хүмүүс байна.