2014 оны төсвийн тодотголыг оруулж ирэхийг тогтоолын төсөлд тусгахаар болов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт хийсэн юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт нар асуулт асууж хариулт авав.
Ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт танилцуулга хийв.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд болон гишүүдээс ирүүлсэн санал нэг бүрийг хуралдаанаараа хэлэлцээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй нийт 40 саналын томъёолол бэлтгэснээ байнгын хорооны хуралдаанд оруулсан юм.
Ингээд ажлын хэсгийн гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналуудыг дэмжлээ. Тухайлахад, ажлын хэсгийн гаргасан саналаар уг тогтоолын нэрийг “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөхөөр болов. Мөн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэлд заасан арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус үүрэг болгох, энэхүү чиглэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллах, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2014 оны 6 дугаар сарын 1-ний дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тогтов.
Ажлын хэсгээс гаргасан саналууд байнгын хороогоор дэмжигдлээ.
Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг тодорхой чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэх, Төрийн өмчийн хороо болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, засаглалын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг бизнесийн зарчимд нийцүүлэх, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Мөн төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй байх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг тогтоолын төсөлд тусгахаар болов.