100 хоногт хийх ажил хоосон тархи угаалт гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд
2014.05.16

100 хоногт хийх ажил хоосон тархи угаалт гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлыг танилцуулсны дараа цөөнхийн бүлгийн зарим гишүүн сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой төслийн Монголын 34 хувийг байхгүй болгоно, алтанд ногдуулж байсан татварын хувь хэмжээг 2.5 хувь болгосноор УИХ-аас өгсөн тогтоолууд хэрэгжихгүй болж, хөрөнгө оруулагчдад илүү боломж олголоо. Уул уурхайн сайд та өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгой төслийн Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж ярьдаг байсан бол одоо ухраад байна” гэсэн юм.

Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Нэг ярьсан юм аа үхэн үхтлээ ярьж болохгүй. Алтыг зэснээс ялгах боломжгүй байгаа, үйлдвэр нь баригдаагүй нөхцөлд” гэсэн хариулт өгөв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төрийн өмчийг эзэнгүйжүүлнэ” гэж 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөндөө тусгасанд тайлбар хийхийг хүссэн юм. Ерөнхий сайдын тодотгосноор энэ нь төрийн өмчит компанийг хувьчилна гэсэн үг биш. Зөв үр ашигтай ажиллуулах менежмэнтийг хийгээрэй гэж үзэн, тухайн газар нь эрхийг өгөхийг хэлж байгаа. Мөн Франц зэрэг оронд төрийн өмчит компаниа Хөрөнгийн биржээр дамжуулж, тодорхой хувийг жил бүр хувьчилдаг. Ийм аргыг ч мөн цаашид ашиглана гэдгээ энэ үеэр хэллээ.

Харин ам.долларын ханшийг бууруулж чадах эсэх тухайд “Захын хар овоохой гэгчээр Засгийн газар луу халдаж таарахгүй. Валютын ханшийг тогтворжуулах эрх үүрэг нь төв банкинд бий. Нөгөө талдаа Монголбанк нь УИХ-ын харьяанд байдаг. Эрх үүргийнхээ хүрээнд энэ талаар мэдээлэл сонсох бүрэн боломжтой гэсэн хариултыг Ерөнхий сайд өгсөн

юм.

Мөн эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө нь хоосон зорилт, хоосон PR, тархи угаалт байна. зарим нэгийг нь хэлбэл, цахилгаан, дулааны үнээ нэмэгдүүлнэ,  Монгол Улсын өрийг яаралтай нэмэгдүүлье,  байгаа хэдэн газраа хувааж өмчилье. Газар шороогоо ухая, гадаадаас авах ажиллах хүчнээ нэмье. Төгрөг юанын своп хэлцлийг нэмэгдүүлэх хүрээнд 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний, мөнгө хэвлэж нийлүүлье гэсэн бодлого орж ирж байна. Ийм арга хэмжээний дүнд 100 хоногийн дараа валютын ханш 2000 төгрөгт хүрэх нь, Монгол Улсын гадаад өр нэлээд нэмэгдчихсэн, дулаан, цахилгааны үнэ өсчихсөн байх нь.

Монгол Улсын татварын орлого өнөөдөр 500 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан яваа, 100 хоногийн дараа Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй бол болохо байлаа гээд уйлан орж ирэх нь” гэсэн юм.

Эл саналыг сонссоноор УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан өндөрлөөд байна.