Уул уурхай дахь төрийн оролцоог хязгаарлах асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандлаа
УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, мөн гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа илэрхийлж байна.
Байнгын хорооны гишүүн Д.Зоригт, Г.Батхүү, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл нар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг лдор дурьдсан чиглэлээр боловсруулж, өргөн барих санал оруулсан юм. Үүнд
- Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох
- Төр хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлах
- Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах
- Ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх
Энэ саналтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Энэхүү саналаар санал хураахад гишүүдийн 57,6 хувийн саналаар дэмжигдсэн юм.
Х.Болорчулуун: Төрийн оролцоог хязгаарлана гэдгээ тайлбарлаач
Х.Болорчулуун гишүүн асуулт асуулаа.
Төр хайгуул олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлах гэж оруулж иржээ. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ тогтоол дээр төр хайгуул олборлолтын үйл ажиллагаанд оролцохыг зохистой хэлбэрт байлгах гэж заасан байгаа. Яагаад энд хязгаарлах гэж оруулж ирж байгаа юм бэ?
Д.Зоригт ажлын хэсгийн ахлагч хариуллаа
Ер нь төр хувийн хэвшлийн хийж чадаж байгаа бизнест аль болохоор оролцохгүй байх зарчим дээр УИХ дээр зөвшилцөл байгаа гэж ойлгож байна. Энэ хаврын чуулганаар Төрөөс аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай тогтоолыг хэлэлцэх гэж байгаа. Төр өрмийн компаниудтай зэрэгцээд өрөмдөөд, олборлоод, өөрөө борлуулна гэж гүйх нь үр ашиггүй гэдэг нь олон жишээ дээр харагдаж байгаа. Бүүр болиулах гээгүй, тодорхой хязгаарлах хэрэгтэй
.
Ц.Даваасүрэн: Ийм нөхцөлд төрийн оролцоог багасгана гэж байж болохгүй байгаа юм
Ц.Даваасүрэн гишүүн санал хэллээ
Ер нь өрсөлдөөний зах зээл муутай, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж багатай улсын хувьд хувийн хэвшлийг хэтэрхий дэмжээд төрийн оролцоог багасгана гэж болохгүй байгаа юм. Өнөөдөр Эрдэнэт биднийг тэжээгээд явж л байна шүү дээ. Гэтэл Оюутолгойг хар. Дахин нэг Эрдэнэт нэмэгдчихээд байхад вальютын нөөц өсөхгүй байна. Уг нь бол вальютын нөөцийн ямар нэгэн хямрал гарахгүй байх ёстой. Энэ хувьд шилжинэ гэдгийн аюул энэ шүү дээ. Гадныхантайгаа нилээд мөнгө идэж байна.
С.Бямбацогт: Өмнөх өө үгүйсгэсэн, уялдаагүй бодлого оруулж ирэхээ больё
Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр төрийн оролцоог нэмэх олон заалтууд оруулчихсан мөртлөө өнөөдөр оруулж ирж байгаа тогтоол дотроо оролцоог хязгаарлана гэж байх юм. Ийм байдлаар уялдаагүй шийдвэр оруулж ирдэг, УИХ нь баталдаг байдлаа больё.
Ж.Энхбаяр: Оролцоог хязгаарласан нь тодорхой биш байна
Ж.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийллээ
АН сонгуульд яг энэ амлалтуудыг амлаж оролцсон. Ялангуяа Уул уурхайн сайд, Ерөнхий сайд энэ асуудлыг манлайлсан. Оюутолгойг 51 хувь болгоно, Тавантолгойг ард түмэнд өгнө, энэ замбараагүй уул уурхайг хумьж, төр мэдэлдээ авна гэсэн. Гэтэл өнөөдөр энэ заалтууд нь эсрэгээрээ орж ирсэн. Бид ураныг, ховор элементээ яах юм, хаяж байгаа юмуу? Ингээд оролцох оролцоог хэрхэн хязгаарласан нь тодорхой биш байна.