Байнгын хорооны дарга Д.Батцогт “Ахмад багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Д.Батцогт гишүүн ахмадуудын хамт
2014.05.19

Байнгын хорооны дарга Д.Батцогт “Ахмад багш нарын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавъяат багш Ц.Сарангэрэл, 50-р сургуулийн захирал, Чингэлтэй дүүргийн ахмад багш нарын зөвлөлийн тэргүүн Р.Даваахүү нарыг өнөөдөр /2014.05.19 / албан өрөөндөө хүлээн авч уулзан, санал солилцов.

Ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэрээр Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган ахмад багш нар байгааг дуулгаад тэднийг шагнаж урамшуулах, бүтээлч ажил хийх, төр засгийн зүгээс гарч буй хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулах зэрэг ажлыг хийсээр ирсэн тухайгаа танилцууллаа. Мөн түүнчлэн Боловсролын тухай хуулиар багш нарыг 5 жил тутам эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулдаг байсан, их дээд сургуулийн багш нар тэтгэвэрт гарахдаа урамшуулал авдаг зэргийг хассан, заавал 25 жил багшилж байж тэтгэвэрт гарна гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуультай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэлтэй асуудлуудыг энэ үеэр  байнгын хорооны даргад дуулгаж байсан.

Байнгын хорооны дарга Д.Батцогт багш нарынхаа асуудалд санаа тавьж байгаа Монголын ахмад багш нарын холбооны төлөөлөлд талархал илэрхийлээд, байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулав. Мөн тэрээр тэтгэврийн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаа талаар дуулгаад энэ хэлэлцүүлэгт багш нарын дуу хоолойг хүргэж оролцох боломжтойг илэрхийлсэн. Түүнчлэн цаашид бүхий л боломжоороо хамтран ажиллах бүрэн боломжтойг дуулгалаа