УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.05.20

Ж.Энхбаяр: Бид 20 тэрбум юань авсан бол буцааж 20 тэрбум юань л өгнө

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд хэрэгжих ажлаа УИХ-д /2014.05.16/ тайлагнасан юм. Эрчим хүч, дулааны үнийг чөлөөлж, концессын гэрээг дэмжин, алт олборлолтоо нэмэгдүүлснээр бүтцийн томоохон өөрчлөлт орно гэж тооцжээ. Харин МАН-ын гишүүд түүнээс асуулт асуусангүй. Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр зэрэг гишүүд хэлсэн амандаа хүрэхийг л санууллаа.

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт эдийн засгийг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Ингэснээрээ Засгийн газар 100 хоногийн хугацаанд 70 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Үүнийгээ УИХ-ын чуулган дээр танилцуулсан юм. Үүнд Монголын хөрөнгийн биржийг хувьчлах, иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, НӨАТ-ын босгыг 10 сая байгааг 50 саяд хүргэх, төрийн өмчит томоохон аж ахуй нэгжүүдийг менежмент болон концессын гэрээгээр хувьд шилжүүлэх, МХЕГ 100 хоногийн хугацаанд хяналт, шалгалт хийхгүй байх, бэлчээрийг өмчлөх, түрээслэх боломжтой болгох, оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх, цахилгаан, дулааны үнийг чөлөөлөх зэрэг байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:  “Энэ дотор 20 тэрбум юань буюу үндсэндээ 4 орчим тэрбум долларын своп хэлэлцээрийг Хятад улстай хийх нь. Үндсэндээ Монгол улсын эдийн засаг юаны хараанд бүрэн орно гэсэн үг. Своп хэлцэл буюу үүгээр үндэсний мөнгөн тэмдэгтээр хийсэн хэлцлийн айхтар нөхцөл бол төлбөрийг зөвхөн тэр орны мөнгөн дэвсгэртэд буцааж хийх ёстой гэдэг. Бид 20 тэрбум юань авсан бол буцааж 20 тэрбум юань л өгнө. Эргүүлээд Монгол улс бий болгосон бүхнээ урд хөршдөө өгнө гэсэн үг.