Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2014.05.20

И.Нарантуяа: Хариуцлагын системгүйгээс болж асуудал хүндэрдэг

Гэр бүл салалт манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Залуу гэр бүл ч гэлтгүй, олон жил ханилж,  амьдрал нь төвхнөсөн хосууд салах тохиолдол ихсэж байгаа нь Монгол гэр бүлийн уламжлалт үнэт зүйлийг алдагдахад хүргээд байна.

Судалгаагаар манай улсын таван гэр бүл тутамд ямар нэгэн хүчирхийллийн харилцаатай, гурван эмэгтэй тутмын нэг нь нөхрөөсөө дарам амсдаг,  10 эмэгтэй тутмын нэг нь нөхөртөө байнга дарамтлуулж, хүчирхийлэлд өртдөг болохыг тогтоожээ. Харин цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр бол улсын хэмжээнд жилд дунджаар 3000 гаруй гэр бүлийн маргаан гардгаас 20 орчим нь нэгнээ хүнд гэмтээсэн, амь насыг нь хөнөөсөн тохиолдол байдаг гэнэ.

Хамгийн гол нь сүүлийн 10 жилд нөхрийнхөө амийг егүүтгэсэн эмэгтэй, эхнэрийнхээ аминд хүрсэн эрчүүдээс 25.7 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Харин энэ нь дөнгөж гэрлэсэн залуу хосуудын дунд бус, доод тал нь таван жил ханилсан гэр бүлүүдийн дунд гарчээ. Өөрөөр хэлбэл гэр бүл салалт хосууд зөвхөн хоёр тийшээ салаад зогсохгүй, салалт гэдэг зүйл гэмт хэргийн хэлбэр лүү шилжиж эхэлсэн нь гэр бүлийн маргаан нь манай улсын нийгэмд хэр тулгамдсан асуудал болоод байгааг илэрхийлж байна.

Эцэг эхийн маргаанаас хамгийн их хохирдог хэсэг нь хүүхдүүд байдаг. Салалтын золиос болсон хүүхдүүдийн хувьд хүчирхийллийн хамгийн том бай болдог гэнэ. Үүнээс болж тухайн хүүхдийн ирээдүйд хар толбо сууж, эцэг, эхийнхээ хайр халамж, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг ор тас мартагнадаг байна.

Эцэг эхийн маргаанаас хамгийн их хохирдог хэсэг нь хүүхдүүд.

Эцэг, эхийн анхаарал халамж дутсанаас болж эцэстээ буруу замаар өсч, нийгмийн бас нэгэн бүрэнхий хэсэг болж хүмүүжих тохиолдол их гардаг аж. Гэхдээ энэ чиглэлээр нарийн судалгаа хийж, дагнан мэргэшсэн байгууллага  одоогоор байхгүй учраас хичнээн хүүхэд гэр бүл салалтын золиос болж байгааг нарийвчлан тогтоох боломжгүй байгаа юм.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа: “Гэр бүлийн тогтвортой байдал баймааж нь төр улсын тогтвортой байдал тогтнох үндэс суурь болдог. Бид хариуцлагын системгүйгээс энэ асуудал  үл ойлгогдох байдал руу хүрдэг. Мэдээлэл, технологи хөгжсөн өнөө үед хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудлууд гарч байгаа. Хүүхдээ хазаж, хүүхдээ зүсэж шархадуулж, хүүхдээ зодож байна. Өнөөдөр бидэнд хариу авах арга хэмжээ байхгүйгээс хүмүүс энэ үйлдлийг хийдэг.”

Гэр бүл салахад нөлөөлдөг хүчин зүйлийг эрт гэрлэлт, архидалт, нууц амраг, санхүүгийн амьдрал, бэлгийн амьдрал болон хүүхэд гэсэн таван үндсэн асуудлаар тодорхойлдог. Гэхдээ хосууд нийгмийн болон аливаа саад бэрхшээлийг туулахад хэн хэн нь сэтгэлийн хат дутдаг. Нэгнээ сэтгэл санаа гундуу үед ярилцахын оронд тэр нийгмийн бухимдлыг бие биедээ тусгаж хардаг.

Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлэх орчин тааруу гэх мэт нь хамгийн том нөлөө үзүүлдэг гэдгийг судлаачид хэлж байна. Одоогоор манайд хүүхдийн тэтгэмж гэдэг зүйлээс өөрөөр эцэг, эхэд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо алга байгаа юм. Тиймээс төрөөс энэ асуудалд анхаарлаа хандуулж, хариуцлагын тогтолцоог хуульд нэвтрүүлэхээр ажиллаж байна.