Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.05.22

Ц.Отгонбагана: Албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болъё

Хүн амын тоо өсөн нэмэгдэх тусам шийдлээ олж чадахгүй байгаа нэг асуудал нь цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 99500 цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас 30 орчим хувь  нь цэцэрлэггүй үлдсэнийг статистик судалгаа харуулж байна.  

2014 оны төлөвлөгөөнд 39 цэцэрлэгийн барилга яригдаж байгаагаас 17 цэцэрлэг Дэлхийн банкны санхүүжилтээр, 19 нь улсын төсвийн хөрөнгөөр, үлдсэн 3 нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдахаар санхүүжилтийн асуудал шийдэгдсэн ч жил дамнасан цэцэрлэгийн барилгууд энэ жилдээ бүрэн ашиглалтад орох нь бас л тодорхойгүй. Одоогоор МХЕГ-аас дүгнэлт гарч аклагдсан 7 цэцэрлэг Нийслэлд байгаа. Хүүхдүүд нь цэцэрлэг ашиглалтад ортол гэртээ хүмүүжнэ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: “Газрын хууль ёсны дагуу байгаа үнэлгээ, иргэдийн санал болгож байгаа үнэлгээ хол зөрүүтэй байгаагаас үүдэлтэй. Цэцэрлэгийн барилга удаад байгаа нь газар чөлөөлөлттэй холбоотой байгаа. Өнөөдөр Нийслэлд цэцэрлэг барих сул газар байхгүйтэй холбоотой.

Төрд данстай цэцэрлэгийн ачааллыг хэд дахин нэмж, дээрээс нь хувийн хэвшлийг хөлдөө чирсний хүчинд нийт хүүхдийн 70 хувийг дөнгөж цэцэрлэгт хамруулж байгаа. Төр ачааллаа дийлэхгүй болсон учир албан байгууллагууд ажилчдын хүүхдийг авах цэцэрлэгтэй болох шаардлага тулгарч байна.

Мөн Ц.Отгонбагана хэлэхдээ: “Одоо бол нэг хүүхдэд хувьсах зардал гээд жилийн 703500 төгрөгийг олгож байгаа. Цаашдаа аж ахуй нэгж, байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулвал цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл дээр нь уян хатан хөнгөлөлт үзүүлж, дээр нь тухайн цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдийн хоолны мөнгийг олгодог болчихвол аж ахуй нэгжийн дэргэдэх цэцэрлэгийн тоо нэмэгдэнэ” гэсэн юм.