Д.Оюунчимэг: Монголчууд усыг дэндүү цамаан хэрэглэдэг ард түмэн
УБТЗ-ын Дохиолол холбоо, мэдээлэл, эрчим хүчний албаны ус хангамжийн инженер Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
- Улаанбаатар төмөр замын ус хангамжийн талаар эхлээд ярих уу?
1111 км-ын урттай төмөр замын дагуу байрлах найман сав газарт бүх зөрлөг, өртөөдөд ус хангамжийн үйлчилгээ хүргэдэг. Эрчим хүч, ус хангамжийн нэг, хоёрдугаар анги гэж бий. Усны асуудлыг хариуцаж 93 хүн ажилладаг. Усны шугам сүлжээний урт 109,5 км. Усаа 106 гүний цооногоос олборлодог. Сэлэнгэ, Зүүн Хараа, Дархан, Эрдэнэт, Багахангай, Чойр, Айраг, Сайншанд, Замын-Үүд зэрэг нийтдээ төвлөрсөн болон бусад 53 цэгт усны үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл улсын усны аж ахуйн ажлыг хөнгөлж өгдөг гэсэн үг. Гүний ус илрээгүй газарт усны галт тэргээр ус хүргэж өгдөг. Жилдээ 1,5 сая орчим метр куб ус олборлодог.
Гэхдээ бидний техник, технологи 70 орчим жилийн настай болж хуучирсан нь нэг том асуудал болоод байна. Хуучны уурын галт тэргийг усаар хангахад зориулж хийсэн технологи шүү дээ. Түүнчлэн зөвхөн гүний усыг хэрэглээд байгаа нь санаа зовоодог.
Цаашдаа орон нутагт төвлөрсөн усан хангамжийнхаа системийг шилжүүлж өгөх төлөвлөгөөтэй байна. Сүхбаатар, Эрдэнэт, Дархан, Замын-Үүдэд аль хэдийнэ хүлээлгээд өгчихлөө. Улаанбаатарыг Ус сувгийн газарт өгсөн. Төмөр зам маань хоёр улсын хувь нийлүүлсэн аж ахуй нэгж учраас гадны хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Харин орон нутагт шилжүүлж өгснөөр энэ боломж хууль эрх зүйн хувьд нээгдэнэ.
- Төмөр замын салбарын усны үнэ, хэрэглээ ялгаатай байдаг гэж сонссон?
Орон сууцны айлуудад нэг метр куб усыг 700 төгрөгөөр, аж ахуй нэгжүүдэд 1800 төгрөгөөр өгдөг. Гэтэл үнэндээ нэг метр куб усны үнэ 2100 төгрөг учраас уснаас гарч буй алдагдлыг ашгаасаа нөхдөг. Усны үнийг бодитой болгоод өгчихвөл хэрэглээний хандлага өөрчлөгдөнө.
- Таны бодлоор усны бодлого хаана төвлөрөх ёстой вэ?
Устай холбоотой 50 орчим хууль байдаг ч усны нэгдсэн бодлого, хяналт алга. Тухайлбал Хятадууд Мянганы хөгжлийн сорилтын сангийн хөрөнгөөр зам тавихдаа олон газар цооног өрөмдчихөөд ажлаа дууссаны дараа тэр чигт нь орхидог. Гэтэл мэргэжлийн хяналт, орон нутгийн байгаль орчны газар хянадаггүй. Энэ тохиолдолд нэг бол үргэлжлүүлэн ашиглаж, эсвэл битүүмжлэх ёстой. Газрын гүн дэх ан цавын ус нэгээсээ нөгөө рүү шилжсэн байдалтай байдаг учраас нэг газартаа бохирдвол бусад нь дагаад бохирддог.
Төмөр замын салбарын хувьд хэрэглэгчдийнхээ 80 хувийг тоолууржуулсан. Үр дүнд нь хэмнэлт гарсан. Тухайлбал Зүүн Хараад сард 280 метр куб ус олборлодог байсан бол тоолуур тавьснаар 150 метр куб болж хоёр дахин буурсан. Гэхдээ хүмүүс усны гачигдалд ороогүй. Эндээс харахад бид нийт усны нөөцийн хоёрхон хувийг бүрдүүлдэг газрын гүний усныхаа тэн хагасыг зүгээр л асгачихдаг.
Цаашид манай шугам сүлжээнээс ус авъя гэсэн гадна, дотны хэрэглэгчдэд ус хэмнэдэг технологи хэрэглэх ёстой гэсэн нөхцөл тавьж байгаа.
ОХУ-ын Краснадорт барьсан усан сан. Борооны дараа уг усан санд ойр орчмын долоон районы 270 мянган гектар талбайг услах хэмжээний илүүдэл ус хуримтлагддаг.
Ер нь сүүлийн үед дэлхий дахин усны үргүй хэрэглээг багасгая гэсэн хандлагатай болж байна. Саяхан би Малайзад болсон усны экспод оролцоод ирсэн. Малайзад бороо их ордог учраас борооны усаа тосч байшингийнхаа дор усан санд цуглуулаад ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Манайх шиг нүсэр том шугам сүлжээгээр айл болгонд ус хүргэдэг нь тун ховор. Хэрэглэхдээ зүгээр урсгаж хэрэглэдэггүй, төмпөнгөөр тасдаж авч хэрэглэдэг. Харин ундны усыг маш өндөр үнэтэй, зөөврөөр авдаг. Гэхдээ тэр нь ямар ч амтгүй. Монголын онгоцонд суугаад Монгол ус уухад ямар амттай санагдсан гээч. Малайчуудтай харьцуулахад Монголчууд усыг дэндүү цамаан хэрэглэдэг ард түмэн.
- Хүмүүсийн усны талаарх хандлагыг өөрчлөхөд нийгэм, эдийн засгийн ямар хөшүүрэг байж болох вэ?
Том бодлого боловсруулж баахан хууль гаргахаасаа илүү гэр бүлийн орчинд хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь чухал. Хоёрдугаарт тоолуур тавих нь эдийн засгийн чухал хөшүүрэг.
Том усан сан бүрдүүлснээр тухайн бүсэд ууршил, зөөлрөл, чийгшил бий болно.
- “Орхон говь”, “Хэрлэн говь” зэрэг төслүүдийг экологид хор хөнөөлтэй гэж олонхи хүмүүс ойлгодог. Та мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөхгүй юу?
Би эдгээр төслийг санаачлагчидтай санал нэг байдаг. Учир нь шар усны үе болон бусад ус элбэгшдэг үед бид тэр их урсацыг ашиглалгүй гадагш нь гаргадаг. Тиймээс бид тэрхүү илүүдээд буй урсацыг усан сан бүрдүүлэх замаар авч үлдэх хэрэгтэй. Түүнээс биш зүгээр урсаж буй голыг хааж далан бариад түүнээс доош амьдардаг хүмүүсийг цангааж, экологийн тэнцвэрийг алдагдуулах гээд байгаа юм биш. Том усан сан бүрдүүлснээр тухайн бүсэд ууршил, зөөлрөл, чийгшил бий болно. Дэлхийн олон том хотууд дэргэдээ том усан сантай. Тиймээс бид зоригтой алхам хийж усан сантай болох хэрэгтэй. Эрс тэс уур амьсгалтай, хуурайшилттай манай нөхцөлд усан сан бүрдүүлэх нь амин чухал ажил .