С.Ганбаатар: Олигархиуд биднийг муусайн популистууд гэж захиалан бичүүлж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.01.17

С.Ганбаатар: Олигархиуд биднийг муусайн популистууд гэж захиалан бичүүлж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

- Урт нэртэй хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд  танд ярих зүйл олон байгаа биз дээ?

Миний бие урт нэртэй хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ хуульд онцгой анхаарч байгаа. Яагаад гэвэл монголчууд бид түүхэндээ хөдөө аж ахуйн орон шүү дээ. Сүүлийн 24 жилд учирсан гурван удаагийн санхүүгийн  томоохон цохилтоос хөдөө аж ахуй, мал аж ахуй  маань л биднийг аварч гарсан. Үүнээс үүдээд уул уурхайгаа эсэргүүцэх биш, гагцхүү зохистой хөгжүүлье гэдэг санааг л бид байн байн яриад байгаа юм.  

Ирээдүйдээ байгаль дэлхий, гол горхио  үлдээе гэж тэмцээд байгаа юм. Судалгаагаар 3400 булаг шанд, нуур цөөрөм уул уурхайгаас гэдэг юм уу, байгаль орчноо зүй зохисгүй ашигласнаас болж ширгэсэн байна. Энэ бол онцгой анхаарах ёстой асуудал мөн. Малчин ардынхаа амьжиргааг сүйрүүлж болохгүй шүү дээ.  Мал маллаад явж байгаа хүмүүс хэлдэг. “Засгийн газартай, Засгийн газаргүй бид амьдрана. Уул ус, нарийн ширхэгт өвс байгаа тохиолдолд, малын бэлчээр маань байгаа тохиолдолд таван хошуу малынхаа буянаар амьдрахаар байна. Ганцхан үүнд битгий садаа болооч ээ” гэж. Урт нэртэй хуулиар бол Ойн сав газар  усыг татдаг гол үндэслэл шүү дээ.

Мөнх цэвдэгтэй газрын мөнх цэвдийг нь ухаад хаячихвал тэр ус бүрэлддэг сав нь байхгүй болно.

Өөрөөр хэлбэл, нуур цөөрөм буюу усны сав эх бүрэлдэх газар гэж ярьж байгаа. Түүнийгээ битгий ухаач ээ. Мөнх цэвдэгтэй газрын мөнх цэвдийг нь ухаад хаячихвал тэр ус бүрэлддэг сав нь байхгүй болно. Гол ус ширгэнэ. Гол ус ширгэвэл өвс ногоо ургахаа болино. Өвс ургахаа болихоор бэлчээргүй болно. Бэлчээргүй болчихвол мал аж ахуй үгүй болно.

Мал аж ахуйгүй болбол малчид ард иргэд амьжиргаагүй болно. Улмаар төв рүү чиглэсэн нүүдэл ихсэнэ. Хамгийн гол нь  эдийн засгийн маш том тулгуур болсон сектор хүнд байдалд орно. Ийм учраас л гол мөрнөөс 200 метрт битгий ухаач ээ. Нөгөө газруудаа зохистой ашиглаач ээ. Гол усаа битгий ширгээгээч л гээд байгаа юм.

- Тантай ижил байр суурьтай гишүүд бий. Дээр нь иргэний хөдөлгөөнүүдийн дуу хоолой гэж байна. Энэ бүхэн УИХ, Засгийн газарт хэр зэрэг тусч байна байгаа бол?

УИХ-д маш том олигархи бизнес эрхлэгчдийн төлөөлөл (дуу хоолой нь)  их байдаг. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр муусайн эх орончид, муусайн популистууд, муусайн цээжээ дэлдсэн юмнууд гэж биднийг маш их бичүүлдэг. Өнөөдөр би өөрт чинь их баярлаж байна. Яагаад гэвэл жирийн хүмүүсийн төлөө дуугарч, нийт эх орон, байгаль орчныхоо төлөө тэмцэж, заримдаа адлуулж байгаа бидний дуу хоолойг хүргэж байгаа танай хамт олонд  талархаж байна.

Монгол оронд хамгийн адгийн муу нэр хүнд бол эх оронч гэдэг үг болчихоод байна. Муусайн популист гэж харааж байна. Ард түмэнд таалагдахын тулд биш тэдний төлөө сайн зүйл хийхийн тулд бид зүтгэдэг. Эх оронч гэдэг нэр бол үр хойч, удам сударт үлдэх сайн нэр. Бусад оронд тэгж үздэг. Гэтэл Монгол оронд үүнийг эсрэгээрээ болтол нь ойлгуулж байгаа манай бизнесийн төлөөлөл, зарим шударга бус олигархийн төлөөлөл хэтэрхий сайн ажиллаж байна. Ард түмэн ухаантай даа.

- Нэр бүхий хэд хэдэн гишүүн  “Гал голомт” хөдөлгөөний Ч.Мөнхбаяр нарыг батлан даалтад гаргах санал хүргүүлсэн. Тэдний нэг нь та шүү дээ. Хүсэлтийг  хүлээж авахгүй байсаар шүүх хуралд тулсан. Таны бодлыг сонсоё?

Ч.Мөнхбаяр бол үнэхээр эх оронч, эх орныхоо төлөө сэтгэл нь өвдөж явдаг сайхан Монгол залуу. Мэдээж бид хамтдаа тэмцэж явсан. Тэмцлийн арга барилын хувьд гэх юм бол бид хоёрынх зөрдөг байсан. Бие биеэ хатуу ширүүн шүүмжилж байсан үе бий. Гэхдээ биднийг  үр хүүхдүүддээ сайхан Монгол эх орныг үлдээх юмсан гэдэг үзэл бодол маань нэгтгэдэг. Миний байр суурь бол хэлэлцээр, зөвшилцөл ойлголцлын л зам  юм. Энэ зарчмаа би одоо ч дээдлэдэг. Ч.Мөнхбаярын хувьд буруу биш.

Тэр хүн олон жил “Онги гол” гэж уул усаа ярьж яваа хүн. Тэр хүнийг хэзээ ч сонсдоггүй, үл ойшоодог хүмүүсийн анхаарлыг татахын тулд хурц ширүүн арга хэмжээ авсан байхыг үгүйсгэхгүй. Ярьж байгаа зүйлийг нь анхаарч сонсох хэрэгтэй байсан. Тэр хүнийг буруутгаж л байгаа юм бол тийм байдалд хүрэхээс өөр аргагүй байдалд ортол нь дүлий дүмбэ оргисон шийдвэр гаргагчид, Засгийн газар бас буруутай.