Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.03.20

Мэндчилгээ

Монголын нийт ард түмэн, бидэнтэй хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага, Усны салбарт ажиллаж байгаа нийт ажиллагсдад Дэлхийн усны өдөр, Монгол Улсад «Усны салбар» үүсч хөгжсөний 76 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

 Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 22- ныг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсний дагуу манай улс 2005 оноос хойш энэ өдрийг усны салбарын тэмдэглэлт өдөр болгожээ.

 Энэ оны Дэлхийн усны өдрийг улс орнууд «Ус ба Эрчим хүч» сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж буй нь олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, ус, эрчим хүчний асуудалд хандуулж буй хэрэг юм.

Монгол Улсын Их Хурлаас 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, 2010 онд «Ус» үндэсний хөтөлбөр, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг баталснаар Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хэмнэх, олон талын оролцоог хангасан менежментийг бүрдүүлэх, ус бохирдуулагч нь хаягдал усаа стандартын дагуу цэвэршүүлэх, дахин ашиглах эрх зүйн орчин бүрдэж, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх том алхам болсон билээ.

Усны талаарх төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэж байна.

Амьдралыг тэтгэх чандмань эрдэнэ болсон усаа хайрлан, гамнахыг нийт ард түмэндээ хандан уриалж байна.

 УИХ-ын гишүүн, Байгаль орчин , хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан