Ш.Ганзориг: Удахгүй Монгол улс гадаргын усыг түлхүү ашиглах шаардлага зайлшгүй гарна
Монголын усны үндэсний төвийн дэд захирал Ш.Ганзориг
2014.05.27

Ш.Ганзориг: Удахгүй Монгол улс гадаргын усыг түлхүү ашиглах шаардлага зайлшгүй гарна

Монголын усны үндэсний төвийн дэд захирал Ш.Ганзоригтой ярилцлаа.

- Монгол улсын усны хүртээмж ямар вэ?

Аливаа улс орны ядуурлын түвшинг тогтооход усыг нэгэн гол хүчин зүйл болгож авч үздэг. Нэг хүн өдөрт 50-аас доошгүй ус хэрэглэж байвал хэвийн гэж үздэг. Хэрэв 20 литр лүү буучихвал ядуурлын түвшинд хүрдэг. Улаанбаатар болон бусад хот суурин газрын орон сууцанд амьдардаг нэг хүн өдөрт дунджаар 200-250 литр ус хэрэглэдэг. Энэ нь хөгжингүй орнуудтай харьцуулахад тийм ч их хэрэглээ биш. Харин малчид болон гэр хороололд амьдардаг иргэд өдөрт 3-8 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий.

Уул уурхай, үйлдвэрлэл төвлөрсөн нутаг дэвсгэрт ус хэрэглээ, усны нөөц /2025 он / Улаан шугамаар гүний усны хомсдол үүсэх үеийг тэмдэглэв

Ингээд усны хүртээмжийн талаас нь аваад үзэхээр Монголын хүн амын 30 орчим хувь нь усны хүртээмжийг авч чаддаг гэсэн тоо гарна. Энэ бол бага тоо. Түүнээс гадна усны хүртээмжийг авч үзэхдээ хүмүүс хэр холоос усаа авч байна гэдэг үзүүлэлтийг авч үздэг. Тэгэхээр бидний эхний зорилт бол хүн амын усны хүртээмжийг нэмэгдүүлэх. 2005-2015 оныг НҮБ-аас усны хүртээмжийг нэмэгдүүлэх 10 жил болгон зарлаж Монгол улс усны хүртээмжийг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэхдээ ганцхан жил үлдээд буй өнөөгийн нөхцөлд 40 хувьд ч хүрээгүй байна.

- Цаашид усны хэрэглээ хэрхэн нэмэгдэх талаар тооцоо байдаг уу?

Нийт улсын хэрэглээний хувьд Монгол жилд 0,5 км/куб ус хэрэглэдэг. Үүнээс 20-30 орчим хувийг хүн амд, 40-50 хувийг үйлдвэрт, үлдсэн нь мал аж ахуй, усалгаатай газар тариаланд хэрэглэдэг.

Үйлдвэрлэлийн процесс явагдах нэг гол нөхцөл бол ус. Одоогоор эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг дагаад үйлдвэр дэх усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Харин хүн амын хэрэглээг 1,5-2 дахин өсгөх шаардлага бий.

Харин хөдөө аж ахуй дахь усны хэрэглээ малын тооноос хамаардаг. Усалгаатай газар тариалангийн хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 100 мянган га-д хүргэх зорилт тавьсан. Манай усны нөөц үүнээс илүүг авах даац байхгүй.

Айл болгонд тоолуур тавьж, нэг литр усны үнийг нэг төгрөгт хүргэн хүмүүсийн халаастай нь яриад эхлэвэл усны зөв хэрэглээний менежмент бий болно.

Энэ бүхнээс харахад ойрын 10-20 жилд нийт ус хэрэглээ 3-4 дахин, өөрөөр хэлбэл 1,5-5 км куб ус хэрэглэх шаардлагатай болно. Тэгэхээр энэ их хэрэгцээг Монголын усны нөөц даах чадалтай юу гэдэг асуудал гарч ирнэ.

- Тэгвэл Монголын усны нөөц юунаас голлон хамаардаг вэ?

Монгол дахь усны нөөц зөвхөн тухайн жилд орж буй хур тунадасны хэмжээнээс хамаардаг. Услаг ихтэй жил нөөц ихсэж, ган гачигтай байвал багасдаг. Өөрөөр хэлбэл цэвэр байгалиас хамаарсан нөөцтэй. Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай гэхээр усны нөөц тогтворгүй гэдгийг хэлээд өгдөг. Монголын услаг болон хуурай үе 12 жилийн давтамжтай байдаг. Хамгийн сүүлийн хуурай жилүүд 1996 оноос эхэлж, оргил нь 2002 онд таарсан. Найман сард ган болж, ойн түймэр гарсан. Харин 2008 оноос устай жилүүд эхэлсэн. Ургац хураалт нэмэгдсэн.

Дунджаар Монголын газар нутагт 20-25 см хур тунадас ордгоос ихэнх нь гол бололгүй ууршиж, эсвэл шингээд алга болчихдог. Монгол орон бараг бүхэлдээ чийгийн дутагдалтай бүсэд оршдог. Энэ нь бид далайн түвшнээс харьцангуй өндөрт амьдардагтай холбоотой. Гол болон урсаж буй жаахан хэсгийг бүгдийг нь авч ашиглаж болохгүй, байгальд нь үлдээх хэрэгтэй. Ойролцоогоор таван км/куб усыг л ашиглах боломжтой.

Мянга гаран жил нөхөн төлждөг газрын гүний усаа ашиглаад дуусах уу, эсвэл 26 хоногийн дотор сэргэдэг гадаргын усаа ашиглах уу

Газрын гүний 10-12 км/куб уснаас зөвхөн 3-5 км/куб усыг хэрэглэж болно. Нийтэд нь аваад үзвэл бид жилд 10 орчим км/куб усыг байгалиас авах эрхтэй. Гэхдээ тэрхүү 10 км/куб усны дийлэнх нь Хангайд байдаг. Долоон хувь нь Говьд бий. Өөрөөр хэлбэл газар нутгийн дөнгөж 30 орчим хувьд нь дийлэнх усны нөөц агуулагддаг учраас нөөцийн тэгш бус хувиарлалттай.

- Энэхүү тэгш бус хувиарлалтаас урган гарах усны бодлогын талаар ярихгүй юу?

Нэгдүгээрт хүн ам болон эдийн засагт хэрэгтэй байгаа усны хэрэгцээг хангах шаардлага гарч ирж байна. Хоёрдугаарт тэгш бус хувиарлалттай усны нөөцийг зүй зохистой ашиглах арга замыг боловсруулах хэрэгтэй болж байна. Гуравдугаарт усны зөв менежмент, өөрөөр хэлбэл зөв бүтэц, зохион байгуулалт хийх.

Чухам эндээс бусад нарийн зүйлүүд гарч ирнэ. Улаанбаатарын орон сууцны нэг хэрэглэгч хоногт 190 орчим литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. Гэтэл энэ бол бодит тоо биш. Энгийн жишээ аваад үзье. Нэг хүн өдөрт дунджаар хоёр литр ус уудаг, өдөрт гурван удаа өтгөн шингэнээ зайлахдаа 30 орчим литр ус асгадаг, усанд орвол 50 литрийг хэрэглэнэ. Гэтэл энэ маань 190-д хүрэхгүй байна. Бусад 100 гаран литр ус хаачсан гэдэг ноцтой асуудал. Усны алдагдал хоёр зүйл дээр гардаг. Нэгдүгээрт хуучирсан шугам сүлжээнээс алддаг, хоёрдугаарт цэвэр тооцооны алдагдал. Гаднаас ирсэн усыг орон сууцны конторууд айлуудад хувиарладаг. Харин Ус сувгийн удирдах газраас тооцоо гаргахдаа олборлосон усаа хүнийхээ тоонд хуваадаг. Өөрөөр хэлбэл бодит хэрэглээ, статистик тоо хоёр хол зөрөөтэй.

Дээр нь нэмээд хэлэхэд хүмүүсийг усаа хэмнэ гэж хичнээн уриалаад ч, шүдээ угаахдаа стакандаа ус хийж бай гэж хичнээн сургасан ч үр дүн гарахгүй. Харин зүгээр л нэг литр усыг нэг төгрөгөөр үнэлээд тоолуур тавьчих хэрэгтэй. Хүний халаастай нь яриад эхлэвэл зөв менежмент болно. Ус сувгийн удирдах газар ч алдагдалтай ажиллахаа болино. Бий болсон мөнгөн хуримтлалыг ус дутагдаад буй газруудад, үйлдвэрүүддээ ус нийлүүлэхэд зарцуулах боломж бүрдэнэ. Ийм л энгийн менежмент. Хүмүүс аяндаа ойлгоод эхэлнэ.

Түүнчлэн усны зөв менежментийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоог багасгах хэрэгтэй.

- Гэхдээ усны зөв менежмент гэдэг шинэ асуудал биш биз дээ?

Анх зах зээлд шилжих үеэс л яригдаж эхэлсэн асуудал. 2010 онд “Ус” хөтөлбөрийг батлахад бас хэлэлцэж л байсан. Дээр миний ярьсан бүх санаа уг хөтөлбөрт тусгагдсан. 2008-2012 онд Нидерландын Засгийн газрын таван сая еврогийн буцалтгүй тусламжаар “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөгөө” гэсэн чухал баримт бичгийг гаргасан. Тэгэхээр бодлого гарсан уу гэвэл гарсан. Хэрэгжүүлэх арга замыг хагас дутуу ч гэсэн тодорхойлсон. Гэхдээ хэрэгжүүлж чадахгүй байна.

- Ирээдүйд чухам хаана усны хомсдол бий болох магадлалтай вэ?

Ойрын 10 жилд нэгдүгээрт Улаанбаатарт, хоёрдугаарт Өмнөд говийн бүсэд. Улаанбаатарчууд Туул голын сав газрын газрын доорхи усыг ашигладаг. 30 гаран жилийн өмнө Оросууд нийслэл орчмын усны нөөцийг нарийн судалж хоногт 320 мянган метр куб ус хэрэглэж болно гэсэн тооцоо гарсан. Өнөөдөр энэ тоонд тулчихаад байна. 2030-2035 он гэхэд Улаанбаатар хоногт 700 мянган метр куб ус хэрэглэх шаардлагатай болно. Тэгэхээр 320-д тулчихсан учир гадаргын усыг ашиглах зайлшгүй шаардлага бий болно.

Гадаргын усыг алсын зайд шилжүүлэн ашиглах боломж.

Говийн бүсийн хувьд 25-40 жил ашиглах нөөцтэй. Уул уурхай хөгжихийн тулд эхлээд тэр усыг ашиглахаас өөр аргагүй. Цаашдаа өөр газраас ус татах хэрэгтэй болно. Тэгэхээр мянга гаран жил нөхөн төлждөг газрын гүний усаа ашиглаад дуусах уу, эсвэл 26 хоногийн дотор сэргэдэг гадаргын усаа ашиглах уу гэсэн асуулт гарч ирнэ. Ийм асуултад нэгдүгээр ангийн сурагч ч хариулж чадна.

Гэхдээ голын усыг ашиглахад зарим нэг хүндрэл үүснэ. Өвөл гол маань хөлддөг. Олон улсын жишгээр гол дээр боомт барьж ус хуримтлуулдаг. Хуримтлуулсан ус бүхлээрээ хөлдөнө гэж байхгүй. Хоёрдугаарт голны усны урсацын тохируулга хийж үерийн үед илүүдэл усыг хуримтлуулдаг.

Улаанбаатар хотын хувьд Туул гол дээр боомт барих хэд хэдэн хувилбар бий. Гагцхүү тодорхой шийдвэр гаргах л хэрэгтэй байна. Харин Өмнөд говийн бүсийн хувьд Орхон, Хэрлэн голоос ус татах арга зам бий. Энэ логикийн дагуу “Орхон говь”, “Хэрлэн говь” төслүүд зохиогдсон. 10 жилийн өмнө энэ санааг дэвшүүлэхэд улс төрчид өөрсдийн улс төрийн карьерт ашиглаж хүмүүсийн тархийг угаасан.

"Орхон говь" төсөл

Гэхдээ өнөөдөр хүмүүс уг асуудлыг өөрөөр хүлээж авч байна. Яг өнөөдрийн байдлаар Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Орхон говь” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил хийгдэж байна. Судалгаа удаан үргэлжилнэ. Учир нь техникийн боломж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нийгэмд хүлээн авах байдал, эдийн засгийн үр өгөөж гэх зэргээр олон асуудлыг судлах хэрэгтэй. Түүнээс гадна Дэлхийн банкны шаардлагаар Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийнэ. Энэ бүхний дараа болох, болохгүйн тухай хариу гарна. Орхон говь төсөл Таван Толгой, Оюу Толгойд, Хэрлэн говь төсөл Дорноговь, Сүхбаатарын чиглэлд ашиглагдах ёстой.

- Төслүүд хэрэгжвэл тухайн голын урсац багасаж доод биеэр амьдарч буй хүн, амьтанд сөргөөр нөлөөлөх юм шиг хүмүүс ойлгоод байдаг?

Хэрэв секундэд урсах усны метр кубээр яривал Орхон гол ойролцоогоор 44 м/к/секунд урсдаг. Хэрэв говь руу ус татвал тэр урсах ус 2 м/к/секунд байна. Өөрөөр хэлбэл голын нийт усны 4-5 хувийг авч ашиглах болно. Тэгэхээр айгаад байх зүйлгүй. Учраа мэдэхгүй байж эсэргүүцдэг иргэний нийгмийнхнийг би шүүмжилдэг. Хүмүүсийн толгойг эргүүлэх ямар хэрэг байнаа? Жишээ болгож Грин Пис олон улсын байгууллагыг ярьж болно.

- Усаа дахин хэрэглэх асуудал манайд хэр ахицтай байна вэ?

Энэ бол зайшгүй хэрэг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд усны дахин ашиглалтаас усныхаа 60-70 хувийн хэрэгцээг хангадаг. Оюу Толгой ч цаашдаа энэ зарчмаар ажиллах бөгөөд 16 хувийг гүний уснаас, 84 хувийг дахин ашиглалтаас авна гэсэн тооцоог би өөрийн биеэр гаргасан.

Түүнээс гадна тухайн орон сууцны бохирын хоолойг Төв цэвэрлэх байгууламжийн хоолойд тусад нь холбож, харин гал тогоо, угаалгын өрөөнөөс гарсан бохир усыг байшингийн доор суурилуулсан тусгай төхөөрөмжөөр цэвэрлээд бохирын шугамандаа дахин ашиглахыг саарал усны ашиглалт гэж нэрлэдэг. Саарал усыг хэрхэн ашиглах тухай хууль нь гараад дөрвөн жил болчихоод байхад саарал усны стандарт батлагдаагүй л байна. Яамдууд юмаа хийхгүй байна.

Мөн цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарсан усыг зүгээр Туул голд цутгалгүй дулааны цахилгаан станциудад ашиглах ёстой. Дулааны станциуд байнга гүний усыг ашиглаад байж болохгүй.

- Монголд оронд бороо цасны усыг ашиглах боломж бий юу?

Жилд 400 милметр кубээс дээш хур тунадастай газар л бороо, цасны усыг ашиглах боломжтой. Бороо, цасны усыг ашиглахын тулд маш том сан байгуулж, инженерийн ажил хийх хэрэгтэй болдог. Харин 200 орчим мм/куб хур тунадастай манай орны хувьд бороо, цасны усыг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Таван жилд нэг удаа ашиглах юм бариад бид яах юм бэ? Өөрөөр хэлбэл найдвартай эх үүсвэр болж чадахгүй.