Б.Бямбасайхан: Мөнгөтэй болохын тулд харилцаагаа өөрчилмөөр байна
Б.Бямбасайхан
2014.05.28

Б.Бямбасайхан: Мөнгөтэй болохын тулд харилцаагаа өөрчилмөөр байна

Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Зуун хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлж чадах  уу. Өнгөрсөн олон жилийн хугацаанд нэг хөл дээрээ догонцож ирсэн эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэдэгт итгэхгүй хүн олон байна?

-Өнөөдөр хүн болгон Монголд мөнгө орж ирэхээ болилоо, ам.долларын ханш өслөө гэж шүүмжилж байна. Гэтэл яагаад манайд мөнгө орж ирэхээ больсон бэ гэхээр хууль эрх зүйн орчин тогтвор муутай, тоглоомын дүрэм нь тодорхой бус, бизнесийн эрх зүйн орчин сул байгаатай холбоотой юм.

Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирсан байсан. Том төслүүд хэрэгжээд эхлэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлсэн байх. Тэр хэмжээгээр ч эдийн засагт орж ирэх мөнгөний хэмжээ нэмэгдсэн шүү дээ. Харамсалтай нь, монголчууд хөрөнгө оруулагчдын итгэлийг маш богино хугацаанд алдсан. Судалгаагүй, тооцоогүй хууль баталснаар олон хөрөнгө оруулагч Монголоос дүрвэсэн. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногт хамгийн түрүүнд алдагдсан итгэлийг буцааж олж  авах, хөрөнгийн урсгалыг эргүүлэн татах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, энэ зуу хоногт Монголд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ингэснээр богино хугацаанд өнөөдрийн эдийн засагт шаардлагатай байгаа хөрөнгийг Монголын зах зээл рүү татах боломжтой юм. Дунд, урт хугацааны эдийн засгийн нэгдсэн төлөвлөлттэй болъё. Энэ төлөвлөлтөд үндэслээд Монголын бизнесүүд стратеги төлөвлөгөөгөө гаргадаг орчинтой болно гэсэн төлөвлөгөө боловсруулж байна.

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авна гэдэг багагүй хугацаа шаардагдах ажил байх. Монголчуудыг бизнес хамтран эрхлэхэд бэрхтэй түнш гэж зарим гадныхан үнэлдэг шүү дээ. Гадныхан ч гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид итгэл алдарчихаад байна?

-Итгэлийг алдах амархан, олж авахад хэцүү гэдэг. Гэхдээ монголчууд итгэлцлийг бий болгохгүйгээр эдийн засгаа хөгжүүлж чадахгүй. Итгэлцлийг буцааж авахгүйгээр хөрөнгө оруулалтыг татах ямар ч боломжгүй юм. Аливаа бизнес итгэлцэл дээр л суурилдаг.  Тэгэхээр бид энэ зуу хоногт итгэлцлийг бий болгож, эргэж сэргээх тал дээр маш сайн ажиллах ёстой. Зөвхөн Засгийн газар ч биш улстөрчид бүгдээрээ алдсан итгэлээ эргүүлж авахын төлөө анхаарах учиртай. Яагаад өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагчид итгэхээ больсон бэ гэвэл монголчууд байгуулсан гэрээгээ өөрчилнө гэж зүтгэдэг, дуртай үедээ хууль, тогтоомжоо өөрчилдөг, дургүй нь хүрвэл хөөж, тууж, жагсч, эсэргүүцдэг. Ямар ч хөрөнгө оруулагчдад найдвартай, тогтвортой бизнесийн орчин хэрэгтэй болохоос өглөө сэрэх болгондоо өөр, өөр ааш гаргадаг түнш хэрэггүй шүү дээ. Энэ юу вэ гэвэл монголчууд бид эхлээд харилцаан дээрээ анхаарах ёстой болж байгаа юм. Хөрөнгө оруулагчдыг харааж, зүхэж янз бүрээр ярих тусам тэд биднийг найдваргүй түнш гэж тодорхойлж байгаа шүү дээ. Тиймээс хууль батлахдаа хувийн хэвшлийнхэн, мэргэжлийнхэн, эдийн засагчдын үгийг сонсдог байх ёстой. Улс төрийн зорилгоор улстөрчдийн санаачилсан хуулиуд эдийн засагт ямар хор уршиг дагуулдагийг бид харлаа. Гол нь манай улстөрчид сэтгэлийн хөөрлөөр хууль санаачилж, баталдгаа болих хэрэгтэй.

-Нэг салбараас хараат эдийн засаг эргээд багагүй сөрөг үр дагавартай гэдгээ нотолчихлоо. Тэгэхээр зөвхөн уул уурхай ч биш өөр бусад салбараа хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байх шиг?

-Манай эдийн засаг загвараа өөрчлөх ёстой, төрөлжих ёстой гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэхдээ эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ гэдэг бас том асуудал. Уул, уурхай, хөдөө аж ахуй бол Монголын эдийн засгийн тулах хүч. Тиймээс уул уурхай, хөдөө аж ахуй дээрээ түшиглэн бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай. Уул уурхайгаас хэт хамааралтайн хувьд дэлхийн зах зээлийн уналтууд манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс бодлогын том өөрчлөлт хийх хэрэгтэй. Эдийн засагт хоёр тэрбум ам.доллар орж ирлээ гэхэд нэг хэсэгтээ ам.долларын ханш тогтворжих байх. Зургаан сарын дараагаас эсрэг үр дүн гарах нь тодорхой. Тэр чинь дуусдаггүй мөнгө биш шүү дээ.

-Засгийн газар экспортыг дэмжиж, шаардлагагүй импортыг хязгаарлахаар болсон.  Ингэлээ гээд эдийн засагт үр дүн гарах уу?

-Гаралгүй яах вэ. Монгол Улс импортоор асар их ам.доллар гадагшлуулж байна. Өөрсдөө үйлдвэрлэх боломжтой зүйлийг дотооддоо хийх ёстой. Гэхдээ мэдээж бүгдийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй. Хүнсний ногоогоо өөрсдөө тариад идчихэж болно. 40 гаруй сая малтай манайх шиг улс сүүгээ дотоодоосоо хангах хэрэгтэй. Дотоодынхоо оймсыг өмсч болно. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Татвараа авна. Монгол  үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Ухаалаг төрийн нэг тодорхойлолт бол аливаа зүйл дээр хямгач, тооцоотой хандах. Мөн эдийн засгийн судалгаатай шийдвэр гаргах. Өнгөрсөн жилүүдэд  түр зуурын сэтгэлийн хөдлөлөөр хандсан шийдвэрүүд, хууль тогтоомж гаргаснаас болоод Монголын эдийн засаг хямрах нэг шалтгаан болсон. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлд хувийн хэвшлийнхэн оролцож, өөрчлөлтийг хамдаа хийе гэж зорьж байна. Бизнес эрхлэх бэрхшээл, зовлон жаргалыг нь улстөрчдөөс ч илүү мэдэх хүмүүсийн хувьд бид эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газартай хамтраад эхлээд хямралаас гаргах боломжийг судалж хайх, дараа нь тооцоо судалгаан дээр үндэслэсэн шийдвэр гаргахад оролцох, хамгийн гол нь өнгөрсөн жилүүдэд алдагдсан итгэлцлийг бий болгохоор зорьж байна. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажилд бизнесийнхэн идэвхтэй оролцож байгаа. Зарим хүн та нарыг Засгийн газраас бөөн мөнгө аваад ажиллаж байна гээд хардаад байх шиг?

-Уучлаарай, бид ямар ч цалин хөлсгүйгээр ажиллаж байгаа. Хамгийн гол нь бизнесийн таатай орчин бүрэлдчихвэл хаана, хаанаа ашигтай. Эдийн засгийн өөрчлөлтийг хамтдаа хийе гэж хүссэнийх. Улстөрчдийн харах өнцөг өөр, бизнесийн харах өнцөг өөр. Энэ улсыг улстөрчид биш бизнесийнхэн авч явдаг. Бизнесийнхэн нь мөнгөтэй байвал улс нь хүчтэй, хөгжилтэй байдаг. Тэр утгаараа эдийн засгаа хямралаас гаргахад оролцоё, итгэлцлийг хэрхэн бий болгох талаар төр засагтай хамтраад ажиллая гэж бодсон. Эдийн засгийг өөрчлөх  процессийг эдийн засаг үйлдвэрлэгчид л хийх ёстой.

-100 хоногийн дараа ам.долларын ханш буурах болов уу?

-Эдийн засагт мөнгө яаж орж ирдэг юм гэвэл төслөөр дамжин орж ирдэг. Төслийг хэрэгжүүлэх ажил нь итгэлцэл, түншлэл дээр тогтдог. Хэрэв Монгол мөнгөтэй больё гэж бодож байгаа бол итгэлцэл бий болгох тал дээр иргэн нь, улстөрч нь, эх орончид нь, бизнесийнхэн нь бүгдээрээ ажиллах ёстой. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт зогсчихлоо. Далд уурхайн бүтээн байгуулалтыг дамжин орж ирэх ёстой байсан мөнгө орж ирэхээ болилоо. Одоо талцал, улстөржихөө болиод эдийн засгаа хөгжүүлэх тал дээр анхаармаар санагддаг. Оюутолгойг урагшуулах ёстой. Тавантолгойгоо эдийн засгийн ашиглалтад оруулмаар байна. Дэд бүтэц, төмөр замаа яаралтай барих ёстой гээд монголчуудад хийх ажил их байна. Монгол хүн байгуулсан гэрээгээ дагадаг, ёс зүйтэй ухамсартай болох хэрэгтэй. Баялаг бүтээгчдээ барьж, хорьж айлгаж ичээдэг асуудлаа зогсоох хэрэгтэй. Гадаадынхан гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдвал Монголд мөнгө орж хэзээ ч орж ирэхгүй нь ойлгомжтой. Мөнгөтэй болохын тулд харилцаагаа өөрчилмөөр байна.