Бие даагчдын зөвлөл: Валютын ханш чөлөөтэй байж болохгүй
Бие даагчдын зөвлөл Монгол банкны ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын дарга дур мэдэн хойшлуулсанд дургүйцлаа илэрхийлэв.
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг Өрийн удирдлагын тухай хуулийн талаар Сангийн сайд Ч.Улаан, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар БШУ-ы сайд Л.Гантөмөр нараас мэдээлэл сонсчээ. МАН-ын бүлэг Өрийн удирдлагын хуулийн талаар зөвшилцье гэсэн байр суурийг илэрхийлсэн тул хамтарсан ажлын хэсэг гарахаар болжээ. Улсын өрийн хэмжээг нэмэх тал дээр МАН хатуу байр сууринаасаа ухарч хэлэлцье гэсэн саналыг УИХ-ын Тамгын газраар дамжуулан нам эвслийн бүлгүүдэд хүргүүллээ.
Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод дүнгээр өрсөлдөх явдлыг хаасныг дэмжиж хэлэлцэхээр болсон байна.
Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэж Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихээр болсон бол Ашигт малтмалын тухай хуулийг дахин судалж үзэх хэрэгтэй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Бие даагчдын зөвлөлөөс Оюу Толгой болон эдийн засгийн гэрээнүүдийг засч залруулах хэрэгтэй гэсэн хариуцлага тооцох бичгийг удаа дараа илгээж байна. Түүнчлэн УИХ өөрийн бүтцийн байгууллага болох Монгол банкны үйл ажиллагааг эргэж харах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ долоо хоногт уг асуудлыг яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй. Бид ч холбогдох бичгийг явуулж байгаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
Одоогийн ерөнхийлөгч маань валютын ханш чөлөөтэй байх ёстой гээд байгаа. Гэхдээ тийм орон хаана ч байхгүй. Америк, Япон, Хятад зэрэг улсууд худалдааны тэнцлээ зохицуулахын тулд доллар, юанийг чангалах уу, сулруулах уу гэх зэргээр дээрх асуудлыг байнга ярьдаг. Валютын ханш гэдэг бол худалдааны тэнцлийн гол хөшүүрэг. Гэтэл манайх чөлөөтэй байх хэрэгтэй гэж үзэж болохгүй. Монгол банканд юу хийх гэж буйгаа ойлгодоггүй удирдлага байж болохгүй. Удирдлага нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дорвитой зүйл хийгээгүй.
Газрын тосны тухай хуулийн төсөл тав дахь долоо хоногтоо хойшилж байна. Улс төрч, эдийн засагчдын эсэргүүцэлтэй тулгарсан уг хуулийн төслийг бие даагч гишүүд эргүүлэн татах ёстой гэж үзэж байна.